ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөх МАН-ын төсөл

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөх МАН-ын төсөл

ТАНИЛЦ: Үндсэн хуулийг өөрчлөх МАН-ын төсөл

УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж буй асуудлуудын нэг бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын "өвлөж" авсан үүрэг бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудал. Бүтэн 16 жил, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа "эцэг" хуулийг өөрчлөх асуудал үеийн үед улстөрчдийн дунд маргаан дагуулсаар ирсэн. Ямартай ч эрх баригч нам энэ удаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн төслийг хэлэлцэхээр эрс шулдууджээ. Энэ тухайгаа хаврын чуулганы эхэнд спикер нь ч онцолж дараахан нь намын бүлгээрээ авч хэлэлцсэн.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөр Хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангахын тулд УИХ-ыг хариуцлагажуулан, парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгох гэсэн үндсэн дөрвөн чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулах аж. Гэхдээ эрх баригч нам энэхүү нэмэлт, өөрчлөлт дээр 100 хувь гар өргөн дэмжихгүй байгаа ч дахиж ажлын хэсгийн хүрээнд зарим нэг өөрчлөлт оруулж магадгүй гэдгийг энд тодотгоё.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд одоогоор тусгагдсан гол гол заалтыг анх удаа олон нийтэд  "NEWS" агентлаг хүргэж байна.

I УИХ-ЫН ХАРИУЦЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

УИХ-ын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх:

  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгааг Үндсэн хуулийн Цэц тогтоосон бол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.
  • УИХ-ын гишүүнээр Монгол Улсын 30 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

УИХ-ын чуулганы үйл ажиллагааг боловсронгүй болгох  чиглэлд:

  • УИХ-ын бие даасан хараат бус байдлыг хангах
  • УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хууль тогтоомжоор тогтооно.
  • УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)
  • УИХ-ын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль бусад хуульд заасан, эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)
  • УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)

 УИХ-ын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох:

  • УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ шийдвэрлэсэн бол УИХ тарна.
  • УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн тохиолдолд 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.
  • Дээрх шийдвэр гаргаснаас хойш УИХ 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлах бөгөөд сонгуулийг 60 хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хадгална. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)

 Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцлийг сайжруулах зорилгоор УИХ-ын зарим бүрэн эрхийг хязгаарлах

  • УИХ сайд нарыг томилох эрхээс татгалзах

25.1.6  “Засгийн газрын гишүүд”, гэснийг хасах

Төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах

  • 25.1.7 Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,улсын төсөв, түүний гүйцэтгэлийн  тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно

 УИХ-ын Сонгуультай холбоотой заалт:

  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. УИХ-ын сонгуульд иргэн бие дааж эсвэл нам нэр дэвшүүлж оролцоно. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
  • УИХ-д олонх суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудалд авсан нам бусад намтай зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, хэрэв хамгийн олон суудал авсан нам бусад намтай зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам бусад намтай зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)

   II ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ , ӨӨРЧЛӨЛТ

 Засгийн газрыг эмхлэн байгуулах:

  • Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.
  • Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулна.

 Ерөнхий сайдыг огцруулах журам:

  • УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ  гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнө Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцно.
  • Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

 Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр  хавсран ажиллахыг хязгаарлах:

  • Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын  гишүүний албан тушаалыг хавсарч болно. (2000 оны өөрчлөлттэй холбоотой)

Төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, мерит зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгох:

  • Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно. Төрийн албаны чадахуйн буюу мерит  зарчмын хэрэгжилтэд хяналт тавих хараат бус байна.

III ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХАРИУЦЛАГА, ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид өөрсдөө сонгодог  болох:

  • Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжилна. Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж, үндэслэлээ нийтэд мэдээлнэ. Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.
  • Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилж болно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан 40 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно.
  • Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болно.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох:

Шүүхийн ерөнхий зөвлөлийг дараах журмаар байгуулна.

  • Шүүхийн ерөнхий зөвлөл нь 10 гишүүнээс бүрдэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн бүрэн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг нь УИХ-ын холбогдох байнгын хороо дэвшүүлж, УИХ томилгооны сонсгол хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. Тэдгээр нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэн байна.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгоно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

IV НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГҮЙ БОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

Хотын эрхзүйн байдлыг тодорхой болгох:

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хотод засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг эдлүүлж болох бөгөөд энэхүү асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ.

 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлох:

  • Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэгтэй, иргэний эрхзүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцох эрхтэй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж мөн. Баг, хороо нь Засаг захиргааны анхан шатны нэгж мөн. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж