НҮБ-д бүртгэгдэж байж тусгаар улс болдогтой адил аливаа орны бичиг нь Юникодод стандартчилагдаж байж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бичиг болдог. Дэлхийд технологиор тэргүүлэгч бүх компаниуд нэгдэн Юникодын консорциум хэмээх байгууллагыг байгуулсан байдаг. Тус байгууллагаас аливаа бичиг үсгээр цахим орчинд саадгүй харилцахын тулд Юникод стандарт хэмээх кодчиллын стандартыг батлан гаргадаг билээ. Юникод стандарт нь бичиг үсгийн шаардлагатай тэмдэгт бүрийг кодолсон дэлхийн нэгдсэн кодын тогтолцооны жишиг. Тус стандартыг Microsoft, Google,Facebook зэрэг дэлхийн бүх байгууллага, бүх программ хангамж хөгжүүлэгчид дагаж мөрддөг болохоор глобалчлагдаж буй энэ зуунд хамгийн чухал, хамгийн том стандарт гэж хэлж болно.
Монгол бичгийн Юникод стандарт 2000 онд, одоогоос бараг 20 жилийн өмнө батлагдаж, монгол бичгийг цахим орчинд хэрэглэх томоохон үүд нээгдсэн байдаг. Гэвч анхны энэ хувилбарт нэлээд олон тэмдэгт дутуу, дүрмийн алдаатай, боловсруулалт сул зэрэг олон асуудал бий. Дэлхий даяар мөрддөг чухал баримт болох Юникод стандартад жижиг засвар оруулах боломжгүй тул цахим орчинд монгол бичгийг бүрэн ашиглах боломжгүй байгаа юм.
Монгол бичгийг Монгол Улс болон ӨМӨЗО түгээмэл ашигладаг. Өвөр Монголын тал дүрс үсгийг кодчилдог аргаар монгол бичгийг кодлох саналтай байдаг бол Монголын тал нь сонгомол, авиа үсгийг дүрс үсгийн зарчмаар кодолж болохгүй гэж үздэг. Энэ асуудал өнгөрсөн жил эрчимтэй яригдсан. Бүр БНХАУ-ын типографийн мэргэжилтэн, Юникодын эксперт Лян Хай дүрс хэлбэрээр монгол бичгийг кодлох саналыг Юникод хүргүүлээд амжсан байдаг юм.
МОНГОЛ БИЧГИЙН КОДЧИЛОЛ МАРГААНГҮЙ БОЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ Л ҮЛДЖЭЭ
Үүнээс хойш “Монгол бичгийн юникодын ажлын хэсэг”-ийн хурал гурван удаа болсон байдаг. Энэ сарын 5-7-нд болсон ажлын хэсгийн гурав дахь хурал болсон юм. Хурлын үр дүнгийн талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэнгээс тодрууллаа.
-Өвөрмонголын тал монгол бичгийг дүрс хэлбэрээр кодчилох гээд байна гэж нэг хэсэг шуугьсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?
-“Монгол бичгийн юникодын ажлын хэсэг”-ийн хоёрдугаар хурлаар монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, монгол бичгийг дүрслэлийн аргаар кодолж, Юникодын стандарт болгох тухай яриа, хэлэлцүүлэг дахиж яригдахгүй гэж тогтсон. Үүнээс хойш монгол бичгийг хэрхэн боловсронгуй болгож стандартчилах талаар ярьж байгаа.
-Ажлын хэсгийн гурав дахь удаагийн хурлаар ямар үр дүн, шийдвэрт хүрсэн бэ?
– Хуралд БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУА зэрэг төрийн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцсон. Харин Юникод консорциум байгууллагаас таван хүн, ӨМӨЗО-ны найман судлаач хүрэлцэн ирж оролцсон. Мөн зайнаас буюу интернетээр АНУ, Япон, ӨМӨЗО-ны дөрвөн судлаач оролцож санал, байр сууриа хуваалцсан. Монгол Улсаас нийт 40 гаруй хүн эрдэмтэн, судлаачид оролцсон. Хоёр дахь хурлаар хэрхэн кодлох асуудлыг шийдсэн бол энэ удаад 2000 онд баталсан монгол бичгийн стандартыг хэрхэн боловсронгуй болгох асуудлыг түлхүү ярилцлаа. Энэ удаагийн хурал гурван зорилготой байсан. Нэгт, монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох. Хоёрт, монгол бичгийн цэг, таслал, форматын удирдлагыг авч хэлэлцэх, хэрэглэгчид хялбар дөхөм байх, харагдац сайтай, тогтвортой, бүрэн нийцэлтэй монгол бичгийн кодчиллын дүрэм боловсруулах зэрэг асуудлыг ярилцах, шийдвэрлэх байсан.
Монгол Улс болон ӨМӨЗО-ны судлаачдын зүгээс харилцан санал нийлж байгаа чиглэл нь удирдах тэмдэгтүүдийн хэрэглээний нарийвчилсан дүрэмтэй болох, зарим удирдах тэмдэгтийг ашиглахаас аль болох татгалзах, тухайлбал, NNBSP-ийн оронд MVS-ийг ашиглах, ингэснээр текст шивэх процессыг түргэвчлэх, улмаар компьютер хооронд файл, баримт бичиг солилцоход формат, хэв хэлбэр алдагддаг гэсэн шүүмжлэл, асуудлыг шийдэж бололцоо нээгдэж байна гэж харж байгаа. Юникодын консорциум байгууллагын зүгээс Монголын болон ӨМӨЗО-ны судлаачдын талаас гаргаж байгаа саналуудыг бүрэн хамруулахыг хичээнэ, маш уян хатан байр суурьтай хандана гэдгээ илэрхийлсэн. Харин Монгол Улс болон ӨМӨЗО-ны судлаачид саналаа нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал гэдгийг хурлын үйл ажиллагаа, хурлын дүгнэлтэд дурдсан.
-Энэ оны эхэнд “Болорсофт” компани монгол бичгийн шинэ гар, болон таван фонд хэрэглээнд гаргасан.Үүнийг дэмжсэн үү?
-Хурлаар зарим нэг санал тухайлбал, эм үгийн Х, Г үсгийг тусад нь үсэг болгож кодлох гэсэн саналыг “Болорсофт” компаниас гарсан. Гэхдээ энэ саналыг монголын хэлний талын эрдэмтэд, ШУА, ӨМӨЗО-ны төлөөлөгчид дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн.
-Хэзээ монгол бичгээр цахим орчинд чөлөөтэй харилцаж болох вэ?
-Монгол бичгийг 2000 онд Юникодод оруулсан байдаг. Энэ загварыг хөгжүүлж, дүрмийн алдаагүй болгож, Юникодын стандартад батлуулахаар ажиллаж байна. Үүний дараа буюу 2020 онд ISO-гийн хурлаар монгол бичгийн Юникодын стандартыг батлуулах юм. ISO-гийн хурлаар ихэвчлэн Юникодын стандартыг дэмждэг тул асуудал манай талд шийдэгдэнэ гэж бодож байна. Тэгэхээр 2020 оноос цахим орчинд монгол бичгийг Юникодын стандартын дагуу, бүрэн ашиглаж болох байх.
-Монгол бичгийн стандартыг хөгжүүлэх ажилд саад болж буй ямар асуудал байна вэ?
-Санхүүгийн асуудал тулгамдаж байна. Ажлын хэсэгт байгаа хүмүүс, монгол бичгийн стандартыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа эрдэмтэд, судлаачид бүгд ямар нэгэн цалин урамшуулалгүйгээр ажиллаж байгаа. Хуралд оролцох зардлаас эхлээд санхүү шаардлагатай байдаг.
Холбоотой мэдээ