УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.09) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 30 минутад эхэллээ. Хуралдаанаар эхлээд “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах. төрөлжилтийг дэмжих зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээ авахыг Улсын Их Хурал, Засгийн газарт зөвлөмж болгосон. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ. Х.Болорчулуун, Ж.Ганбаатар. З.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Тус ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, дэд ажлын хэсгийн бэлтгэсэн тогтоолын төслийг боловсруулсан байна.
Төсөлд, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Тавантолгой- Цагаансуварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд тус тус хэрэгжүүлэх, эхлэлтийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаас санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн тусгажээ. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр”-ийг БНХАУ-ын талаас соёрхон батлуулах ажлыг эрчимжүүлж, гуравдагч зах зээлд гарах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан байна.
Хоёрдугаарт, экспортын төрөлжилтийг дэмжих зорилгоор гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай, мэдлэг, инноваци шингэсэн хөдөө аж ахуй, аялал жуучлал, мэдээллийн технологийн салбарыг хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлэх бодлого, стратегийг танилцуулах үүргийг Засгийн газарт өгчээ. Цаашид энэхүү бодлогыг төрийн өмнөөс хэрэгжүүлэх эрх, үүргийг хувийн хэвшлийн байгууллагад буюу Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимд шилжүүлэх саналыг судалж, танилцуулах чиглэлийг төсөлд мөн тусгасан гэв. Ажлын хэсгийн зүгээс тус байгууллага нь төрийн батлагдсан бодлогын хүрээнд уул уурхайн бус салбарын экспортыг дэмжих, хөгжүүлэх, манлайлах үйл ажиллагааг бизнесийн зарчимд тулгуурлан үр ашигтай хэрэгжүүлж, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлнэ, гадаад зах зээлд амжилттай гарна гэж үзсэн байна. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийн цогцолборыг бодлогын хүрээнд дэмжих, гадаад хөнгөлөлттэй зээл, тусламжийг энэ салбарт чиглүүлэх, шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үе шаттай төсөвт тусгах нь зүйтэй гэж үзэв. Түүнчлэн УИХ-ын 2018 оны 87 дугаар тогтоолын 2 дугаар заалтад заасан 500.0 тэрбум төгрөг хүртэлх нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын Хөгжлийн банканд 2019 оны 2 дугаар улиралд багтаан байршуулах, уг эх үүсвэрээр “Монгол Улсын хөгжлийн банкны тухай” хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан уул уурхайн бус салбарын төсөлд хувьцааны болон зээлийн хөрөнгө оруулалтыг хийх чиглэлийг өгөхөөр тусгасан болохыг Б.Жавхлан гишүүн танилцуулгадаа дурдав. Дөрөвдүгээрт, экспортын нэмүү өртгийн сүлжээ, санхүүжилтийн оновчтой тогтолцоог хөгжүүлэхэд Засгийн газарт бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг Монголбанканд, холбогдох арга хэрэгсэл, зах зээлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банканд тус тус чиглэл болгосон байна. Түүнчлэн Монголбанк нь экспортын томоохон төслүүдийн тухайлбал төмөр зам, зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн санхүүжилтэнд оролцох эрх зүйн үндэслэлтэй эсэх, энэ нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлөхийг судалж, танилцуулахыг тогтоолын төсөлд тусгажээ. Төв банк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулах нь хууль зүйн хувьд хязгаарлагдмал, макро бодлогын хувьд эрсдэлтэй, нийгмийн зардал өндөртэй гэж Ажлын хэсгийн зүгээс үзэж байгааг Б.Жавхлан гишүүн танилцуулгынхаа үеэр тэмдэглэн хэлсэн юм. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг 2019 оны эхний хагаст багтаан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Засгийн газар, Монголбанканд даалгахаар тогтоолын төсөлд мөн тусгасан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Элдэв-очир, М.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Дараа нь гишүүд Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, экспортыг дэмжих, улмаар том төслүүдийг хэрэгжүүлэх санаачилгыг зөв бодлого хэмээн үзэж, төслийг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүн З.Нарантуяа илэрхийлэв. Төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны болон ирэх жилүүдийн цэвэр ашгаас санхүүжүүлэхээр тусгасан байгааг Я.Содбаатар гишүүн онцлоод, үүнээс гадна бусад эх үүсвэр буюу гадаад, дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх талаар тусгах нь зүйтэй гэдэг санал хэлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг нар экспортын төрөлжилтийг дэмжих зорилгоор гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай, мэдлэг, инноваци шингэсэн хөдөө аж ахуй, аялал жуучлал, мэдээллийн технологийн салбарыг хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлэх бодлого, стратегийг төрийн өмнөөс хэрэгжүүлэх эрх, үүргийг Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимд шилжүүлэхтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Аль нэг байгууллагыг онцгойлон нэр цохох нь оновчтой эсэхийг нягтлах нь зүйтэй гэж байв. УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир хэлэхдээ, төмөр замын түрүүчийн бүтээн байгуулалтаа дуусгаагүй атлаа дахин хөрөнгө зарцуулж өөр нэг төмөр зам эхлүүлэх нь хэр оновчтой вэ гэдгийг тал бүртээ нягтлан, хэлэлцэх нь зүйтэй гэж байв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК IPO хийхээр бэлтгэл хангаж буй энэ үед цэвэр ашгийг нь ийнхүү зарцуулаад эхэлвэл энэ нь сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэлээ. Түүнчлэн хөрөнгө, санхүүжилтээ зөв хуваарилж, бүтээн байгуулалтын ажлуудаа зөв эрэмбэлэх шаардлага бий гэдгийг хэлж байв.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлсний дараа Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Дараа нь төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газар, Монголбанканд чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв
Үргэлжлүүлэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан нийт 136 арга хэмжээнээс давхардсан тоогоор 97 буюу 71.9 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 буюу 91.9 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 19 буюу 14.1 хувь нь Эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй, 14 буюу 10.4 хувь нь Төрөөс баримтлах бодлоготой, 3 буюу 2.2 хувь нь Үндэсний хөтөлбөртэй тус тус уялдсан бөгөөд нийт 5 бодлого, 18 зорилт, 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар холбогдох яам, агентлагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлэхэд биелэлт 76.7 хувьтай гарлаа. Энэ нь 2018 оны эхний хагас жилийн хэрэгжилттэй харьцуулахад 25.8 хувиар өссөн байна. Үндсэн чиглэлийн биелэлт бодлогын төрлөөр авч үзвэл макро эдийн засгийн бодлого 81.5 хувь, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62 хувь, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого 82.2 хувь, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувийн хэрэгжилттэй дүгнэгдсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг иргэдэд хүргэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар М.Оюунчимэг гишүүн тодруулав. Эдийн засгийн бодлогоор дундаж давхарыг тэлэх, хүртээмжийг өрх айлуудад хүргэх чиглэлээр бодитой ажил, санаачилга гаргах шаардлагатай байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хүлээн зөвшөөрсөн. Тиймээс иргэдийг орон сууцжуулах, бизнесийн старт-апыг дэмжих, жижиг дунд бизнесийн зээл, сургалтын зээл зэргийг хөнгөвчлөх чиглэлээр холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Үүн дээр банкны салбартай нэлээд нягт хамтран ажиллах гарц бий бөгөөд УИХ-аар зарим хуулийн төслийг хэлэлцэж байгаа талаар тэрбээр мэдээлэл өгсөн. Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтийг иргэдэд тэгш хүртээмжтэй байлгах чиглэлийг баримталж ажиллаж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. 2016 оны III улирлын байдлаар ажилгүйдлын түвшин 10 хувьтай байсан нь энэ жил 6.7 хувьд хүрч буурсан болохыг хэллээ. Энэ үзүүлэлтийг боломжит хэмжээгээр бууруулахаар дорвитой ажиллах шаардлага бий гэдгийг тэрбээр онцолсон. 2018 онд 43.105 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн албаар зуучлан ажлын байртай болгосон бөгөөд үүний 27.146 нь шинээр бий болсон ажлын байр юм байна. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг хоёр удаа нэмэгдүүлсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тэмдэглэв. 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан төрийн албан хаагчдын цалин, хөлсийг жил гаруйн хугацаанд хоёр ч удаа бодитой нэмэгдүүлсэн байна. Үүний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 916.000 төгрөгт хүрсэн нь 2016 оныхоос 27.5 хувиар нэмэгдсэн талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бодит үр дүн гарч байгаа хэмээн хэллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар төрийн албаны ажлын байрны зургийг тодорхойлж, оновчтой болгох чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар сонирхлоо. Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран төрийн албаны ажлын байрны зураглалыг хийсэн бөгөөд төрийн албан хаагчдын нийт тоонд төрийн захиргааны албан хаагчдын эзлэх хувь маш бага байгааг хэллээ. Харин төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо зонхилж байгааг Л.Оюун-Эрдэнэ сайд дуулгаад, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тогтолцооны хувьд оновчтой шилжилт хийх шаардлага бий гэдгийг хэлж байв. Мөн чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг тогтвортой байлгах, шатлан дэвших зарчмаар хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зохих түвшин байлгах, орон нутгийн квотыг харгалзах, гадаадад боловсрол, мэдлэг эзэмшсэн ур чадвартай боловсон хүчнийг төрийн албанд ажиллуулах гэх зэрэг чиглэлээр судалгаа хийж байгаа гэлээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлттэй холбогдуулан үг хэлсэн юм. “Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулахаар боллоо.
Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Дараа нь Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх Нарийнсухайтын орд газар 800 орчим сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсний батлагдсан нөөцтэй, техник-эдийн засгийн үндэслэлийн судалгаагаар нийт хүчин чадал нь жилд 33.5 сая тонн гэж тогтоогдсон. Энэ ордод 2015 оны байдлаар нийт ашигт малтмалын 68 тусгай зөвшөөрөл олгогдсоноос 16 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 6 компани нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.
Нарийнсухайтын орд газраас Шивээхүрэнгийн боомтоор дамжин БНХАУ-ын хилийн Сэхэ боомт хүрдэг хүнд даацын авто замын боомтын нэвтрүүлэх хүчин чадал жилд 10-12 сая тонн бөгөөд өнгөрсөн онд тус боомтоор нийт 11.9 сая тонн нүүрс экспортолж, гаалийн мэдүүлгийн дүнгээр 310.9 сая ам.долларын орлого олсон байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлаас шалтгаалан нүүрсний экспортын өнөөгийн түвшинг нэмэгдүүлэх боломжгүй байгаа төдийгүй тээврийн зардал, логистикийн олон шат дамжлагаас шалтгаалж уул уурхайн бүтээгдэхүүн хямд үнээр борлуулагдаж байгаа гэв.
Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж экспортлох шинэ гарц нээгдэж, манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэж, тээврийн өртөг 2-4 дахин буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжирна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Засгийн газрын 2018 он 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замын талаар авах арга хэмжээний тухай 232 дугаар тогтоолыг баталсан бөгөөд Шивээхүрэн-Сэхэ боомтын зориулалттай 13 км төмөр зам барихаар шийдвэрлэжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаас Гашуунсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн асуудал шийдэгтэл төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг эхлүүлэх сонирхолгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн аж. Иймд Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр замын суурь бүтцийг 1435 мм-ийн царигтайгаар барьж байгуулахаар төсөл боловсруулсан гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төмөр замын ажилтнуудын тоо нэмэгдэж байгаа, тэр дундаа захиргааны орон тоо 4 дахин нэмэгдсэн талаар шүүмжилж холбогдох ажилтнуудаас хариулт авлаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүн, энэхүү бүтээн байгуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн оны 08 дугаар сард батлагдсан баримт бичгийг ажил хэрэг болгоход өнөөдрийг хүртэл дорвитой ахиц гаргаагүй байгааг шүүмжиллээ. Тухайн сав газраас нүүрс олборлож буй 7-8 аж ахуйн нэгж хамтран төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээр санаачилга гаргаад ажиллаж байгааг тэрбээр дурдав. Төр үүнийг нь боломжит бүх түвшиндээ дэмжин, хамтарч ажиллах чиглэлэд анхаарах шаардлагатайг Ж.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Ингээд төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин төслийн талаар танилцууллаа.
Монгол Улс 1995 онд чөлөөт бүсийн үзэл баримтлалтай болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүс, Баян-Өлгий аймагт Цагааннуурын чөлөөт бүс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг тус тус байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсийн нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га-гаар тогтоосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 45 дугаар тогтоолоор чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албыг бий болгож орон тоог тогтоосон болно.
Засгийн газрын 2011 оны 187 дугаар тогтоолоор Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд өнгөрсөн хугацаанд уг төлөвлөгөөний дагуу тус бүсэд улсын төсвийн болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 6.5 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын бүтээн байгуулалтын болон дэд бүтцийн ажлууд хийгдсэн байна. Тухайлбал, хашаа барьсан, БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барьсан, цэвэрлэх болон ус цэвэршүүлэх байгууламжийг тус тус байгуулжээ. Мөн гэрэлтүүлэг, зам, эрчим хүчний бүтээн байгуулалтуудыг хийсэн гэлээ.
Цаашид Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хийгдсэн бүтээн байгуулалтыг бодит ажил болгох, үндсэн чиглэлүүдэд дэвшүүлсэн бүсийн зорилтыг хэрэгжүүлэхэд сонирхогч талуудын хамтарсан эрх зүйн баримт бичиг байгуулах асуудал чухал бөгөөд энэ чиглэлд талууд анхаарч, тодорхой алхамууд хийгдэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 4 дүгээр сард БНХАУ-д айлчлах үеэр “Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Хоёр улсын яамдын хооронд байгуулсан дээрх санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 онд Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоер улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцээрийн төслийг хэд хэдэн удаа Засгийн газрын түвшинд хэлэлцэж, мөн ондоо багтаан БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан үг хэлэв. Тэрбээр Шадар сайд тэргүүтэй ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлсэн. Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын ажил нэлээдгүй хугацаанд үргэлжилж байгаагаас үүдэн түрүүнд нь оруулсан хөрөнгө оруулалтуудын үр ашиг буурах, элэгдэл хоргодол үүсээд байгааг тэрбээр хэлж УИХ, Эдийн засгийн байнгын хороо дэмжиж ажиллах нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дээрх чөлөөт бүсийн эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлаад, зарим зүйлийг тодруулж ажлын хэсгээс хариулт авсан.
Ийнхүү санал хураалт явуулахад “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.