Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 4-ний өдрийн хооронд улсын хилийн дэглэм зөрчсөн 10 удаагийн хэрэг зөрчил гарсныг хилчид илрүүлж, хууль зүйн дагуу шийдвэрлэжээ. Тодруулбал, Увс аймаг дахь хилийн ангийн хариуцсан хэсгээр дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр ОХУ-ын талаас морин уналгатай хоёр хүн улсын хил зөрчин дөрвөн тооны адуу хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн саатуулсан байна. Эдгээр хил зөрчигчид нь ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах улсын иргэд байсан бөгөөд мал хулгайлах зорилгоор улсын хил зөрчсөн болохыг шалгалтаар тогтоожээ. Тэднийг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.
Мөн Сэлэнгэ аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар сарын 2-нд самар түүх зорилгоор улсын хил зөрчсөн Дархан-Уул аймгийн харьяат 16 иргэнийг хилчид илрүүлэн саатуулж, шалгаж байна.
Д.ЦЭЦ