УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2019.04.09/ УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Тэрбээр “БНМАУ-ын Тэтгэврийн хууль 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдаж, 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлжээ. Энэ хуулийн 11 дүгээр зүйлд эхчүүдийн насны тэтгэвэр тогтоолгох эрхийн тухай заасан байдаг. Үүнд “Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 болон түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заажээ.
Уг хуулийн заалт нь эмэгтэйчүүдийг ид хийж бүтээх насанд нь буюу 35-45 насанд нь тэтгэвэрт гаргаж, хөдөлмөр хийж олох байсан орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах зэрэг сөрөг талтайг онцлов.
2018 оны байдлаар улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөг байгаа аж. 1991 онд 32,8 мянган эх насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгааг судалгаагаар тогтоожээ.
Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөл буюу энэ оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсны зарчимд нийцэх гэж үзсэний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгийг хууль санаачлагчид онцолсон юм.
ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:
Өнөөдөр нийгэм эмэгтэйчүүдийг хүүхэдгүй юм шиг ажиллаж , ажилгүй юм шиг хүүхдээ харах ийм байдлаар өнөөг хүртэл явж ирсэн. Эмэгтэйчүүд үр хүүхэд төрүүлж, улсад хөдөлмөрлөснийхөө төлөө хохирох учиргүй. Гэтэл 1990 онд Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн журмыг тухайн үед оруулсан. Төр алдаагаа засаж болно. Үүнийг засахын тулд эмэгтэй гишүүд бид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан. Салбарын сайдын хувьд дэмжих байх гэж найдаж байна. Хуулийн төслийг боловсруулахын тулд нэлээд судалгаа, цаг хугацаа гаргасан. Тус судалгааны талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг өгөхийг хүсэж байна” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ:
1990 онд буюу тухайн үед 83 мянган хүн олон шалтгаанаар хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарсан байдаг. Өнгөрсөн онд биднийг судалгаа авч байхад 14 мянга 200 ээж олон хүүхэдтэй гэсэн нөхцөлөөр тэтгэвэрт гарсан. Өнөөдөр энэ тоо 12 мянга 795 болж, 1400 ээж нэг жилийн дотор хорогдсон байна. Нийгэм эдийн засгийн шилжилтийн хүнд үеийг туулсан олон хүүхэдтэй ээжүүд сэтгэл санааны болоод эдийн засгийн хохирол амссан. 32 жил ажиллаад 55 нас хүрээгүй тэтгэвэрт гарсан 1300 орчим эрэгтэйчүүд мөн бий. Нийтдээ 17 мянган иргэн бий гэж судалгаагаар гарсан.
ХНХ-ын сайд С.Чинзориг:
Засгийн газар тухайн үедээ Нийгмийн даатгалын тухай багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх үедээ гишүүдээс гарсан саналыг харгалзаж үзэх нь зөв гэсэн саналыг өгч байсан. Гэхдээ Засгийн газраас нийгмийн даатгалын багц хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг одоогоор УИХ-д оруулж ирээгүй байна. Уг хуулийн төслийг байнгын хороо дэмжвэл УИХ хэлэлцээд явах бүрэн эрх нь бий. Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг байнгын хороо дэмжвэл цаашид хэд хэдэн анхаарах асуудал байна. Анх 1990 онд ээжүүдийг тэтгэвэрт гарахдаа 4 хүүхэдтэй 20 жил ажилласан ээжийг нас харгалзахгүй, 4 болон түүнээс дээш хүүхэдтэй 15 жил ажилласан 50 нас хүрсэн эмэгтэйг, мөн 27 жил ажилласан ээжийг хүүхэд тоо болон нас харгалзахгүйгээр, 32 жил ажилласан 55 нас хүрсэн эрэгтэйг өндөр насны тэтгэвэрт гаргасан гэсэн ийм дөрвөн нөхцөлөөр тэтгэвэрт эрт гаргасан.
Одоо өргөн барьсан Ц.Гарамжав, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нарын санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэйгээр эрт тэтгэвэрт гарсан ээжүүдэд уг хуулийн төсөл үйлчлэнэ. Цаана хоёр хэсэг нь үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдийн тоо харгалзахгүйгээр 27 жил ажиллаад нас харгалзахгүй тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд мөн 32 жил ажиллаад 55 нас хүрээд тэтгэвэрт гарсан эрэгтэй гэсэн энэ хоёр төрөл үлдчихээд байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газарт санал өгөхөд эрт тэтгэвэрт гарсан хүмүүсээс 21 мянган иргэн амьд байна гэсэн. Эмэгтэй гишүүдийн өргөн барьсан төслөөр бол дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийг хамруулбал эрт тэтгэвэрт гарсан нийт иргэдийн 67 хувь нь хамрагдана. Цаана нь 14 мянга орчим ээжүүд үлдэнэ. Тиймээс хуулийн төслийг 1990 онд дээрх дөрвөн нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан бүх хүмүүст адил үйлчлэхээр байх тал дээр анхаармаар байна. Дундаж тэтгэврийн хэмжээгээр тэтгэврийг тогтооно гэж хуулийн төсөлд тусгагдсан байна лээ. Одоогийн Нийгмийн даатгалын тухай хуульд дундаж тэтгэвэр гэсэн ойлголт огт байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:
УИХ-ын гишүүдээс нийгмийн хамгааллын чиглэлээр орж ирж байгаа хуулийн төслүүдэд Засгийн газрын байр суурь маш тодорхой баймаар байна. Засгийн газар нэг талаар дэмжихгүй байгаа юм шиг нөгөө талаар эсэргүүцэхгүй байгаа мэтээр ойлгогдож байна. Засгийн газар мөнгө, бодлогоо барьж байгаа атал нийгмийн хамгааллын чиглэлийн асуудалд ойлгомжтой саналууд өгч баймаар байна.
ХНХ-ЫН САЙД С.ЧИНЗОРИГ:
Засгийн газрын байр суурь тодорхой байгаа. МАН-ын Засгийн газар ээжүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэсэн байр суурьтай байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:
Энэ хуулийг гаргах цаг үеийн шаардлага бий. Тухайн үед энэ хомрогдолд ороогүй айл өрх гэж бараг байхгүй. Судалгаагаар гаргасан тоонуудаа нарийн сайн гаргамаар байна. Нэмэлт судалгаа хийгдсэн үү. Уг хуулийн төслийг даруй батлах нь зөв өө, ард түмэн ч хүсэн хүлээж байгаа.
Ажлын хэсэг:
Дөрвөн нөхцөлөөр тэтгэврийг нь нэмэх гэж байгаа нийт хүмүүсийн тоо өнөөдрийн байдлаар 21 мянга 204 байна. Тэтгэврийн дундаж хэмжээнээс доогуур тэтгэвэр авдаг 17 мянган иргэн бий. Энэ бүх иргэнд улсын дундаж тэтгэврийн хэмжээнд тэтгэвэр олгоход 9.8 тэрбум төгрөг шаардлагатай.
Тэтгэвэр авч буй иргэдийн дунд судалгаа хийхэд олон хүүхэд төрүүлсэн ээжүүд бусдаасаа 50-70 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байгаа нь харагджээ. Эрэгтэйчүүдийн тэтгэвэртэй харьцуулбал дунджаар 200-455 мянган төгрөгөөр бага дүн гарч байгаа юм.
Тухайн үеийн тэтгэврийн зохицуулалтаар олон хүүхэдтэй ээжүүд илүү хохиролд орсон байна гэж үзэж энэ хуулийг төслийг эмэгтэй гишүүд санаачилжээ. Тэр үед 35-45 насны олон эмэгтэй хүүхдийнхээ тоогоор тэтгэвэрт орсон байдаг.
Холбоотой мэдээ