УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн юм. Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын газар, Геополитикийн хүрээлэн, Батлан хамгаалах их сургууль, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтжээ.
Г.ДАРЬ