“Хувьсал” продакшнаар овоглож яваа залуу жүжигчин Г.Бямбасүрэнг “Хобби” буландаа урилаа. Тэрээр “Зүрхээр наадагч” киноны туслах найруулагчаар ажиллаж, удахгүй нээлтээ хийх “Тооцоогүй тоглоом” киноны гол дүр Нинжинд тоглосон юм. Г.Бямбасүрэн “Дуэт vs Дуэль” нэвтрүүлэгт дуучин П.Баярцэнгэлтэй хамтран “Hollly Dolly” багаараа амжилттай оролцож, дуулах авьяасаа гайхуулаад авсан нэгэн. Мөн “Хайр” жүжгийн дуу, “Тооцоогүй тоглоом” киноны дууг дуучидтай хамтран дуулсан нь хүмүүст хүрээд байгаа билээ.
-“Хувьсал” продакшнтай хэрхэн холбогдсон тухайгаа яриач?
-Би “Сити” дээд сургуулийг 2012 онд төгсөөд уран чадварын багшаар үлдэж, өөрийн гэсэн мюзикл театр байгуулахаар ажиллаж байсан юм. Залуу хүний хувьд багшилна гэхээс илүү уран бүтээл хийх хүсэл минь давамгайлж “Хувьсал” продакшны жүжигчний сонгон шалгаруулалтад орсон. Амьдралдаа хийсэн хамгийн том сонголт, өөртөө зориулсан хамгийн зөв алхам маань “Хувьсал”-д орсон явдал гэж боддог.
-Жүжигчин хүнд олон төрлийн авьяас байдаг. Чиний хамгийн их сонирхож дурладаг зүйл чинь юу вэ?
-Миний хамгийн хийх дуртай зүйл бол дуулах. Хэдий жүжигчний мэргэжилтэй ч дуу хөгжимгүйгээр өөрийгөө төсөөлдөггүй. “Хувьсал” продакшны жүжигчнээр тэнцэхэд надад “Хайр” жүжгийн дууг Гавьяат жүжигчин, дуучин Х.Лхагвасүрэн,Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Амархүү нартай хамтран дуулах эрх олгосон юм. Багагүй айж эмээж байсан ч хайрлаж хүндэлдэг мундаг дуучидтай хамтран дуулсандаа баяртай байдаг.
-Дуулах авьяасаа хөгжүүлээд дуучин болох бодол бий юу?
-Хүмүүс намайг “Жүжигчин мэргэжилтэй юм чинь дуулбал зүгээр” гэж урамшуулдаг. Манай “Хувьсал” продакшны гол онцлог нь залуу уран бүтээлчдээ дэмжин, дан ганц жүжигчин гэлтгүйгээр дуулах, бүжиглэх өөр бусад авьяасыг нь хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Тийм ч учраас Урнаа эгч, хамт олон маань надад итгээд “Тооцоогүй тоглоом” киноны дууг “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа ахтай дуулах боломж олгосон байх. Надад олдож буй энэ бүх боломжийг талархан хүлээн авч, хүмүүсийн итгэл алдахааргүйгээр ажиллах юмсан гэж хичээж байна.
-Жүжигчний хувьд дэлгэцийн анхны гол дүрээ “Тооцоогүй тоглоом” кинонд бүтээлээ. Дүрээ хэрхэн дүгнэж байна вэ?
-Би Нинжин гэдэг охины дүр дээр ажилласан. Миний анхны киноны дүр. Надад олон ухаарал өгч байгаа дүр. Дүрийн хувьд сэргэлэн цовоо ааштай, хайр дурлалынхаа төлөө олон адал явдлыг туулж, өөрийнхөөрөө ухаарч, алдаж эндэж яваа бүсгүй. Ямартаа ч киногоо үзээд үзэгчид өөрсдийнхөөрөө дүгнэх байх.
Х.ХАТАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин