Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа. Учир нь Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан “Ажлын хэсэг гурав дөрөвхөн гишүүний ирцтэй, бараг хуралдаж чадаагүй. 50 гаруй зүйлтэй хуулийн төсөлд 40 гаруй зарчмын зөрүүтэй санал гарч байна. Тиймээс ийм хангалтгүй хуулийг хэлэлцэх шаардлагагүй учир хойшлуулах санал гаргаж байна” гэсэн. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа.
Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс хуулийн төсөлд нухацтай, амьдралд ойрхон байхаар хэлэлцэхийг хүссэн. Тухайлбал УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Энэ хууль батлагдсанаар хүнд сурталд, шат дамжлага багасах уу. Эзэнгүй хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх гэсэн заалт дээр болгоомжтой хандах хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжинэ. Гэхдээ анхаарах ёстой хэд хэдэн асуудал байна. Хууль батлагдахаар дахиад л бүртгэлийн гэрчилгээ өөрчлөгдөх шаардлага үүсч бөөн асуудал үүсэхвий” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “1997 онд Хөрөнгийн бүртгэлийн анхны хуулийг баталж байсан. Одоо шинэ төсөл ороод ирлээ. Хуульзүйн яам хуулийн тогтвортой байдалд анхаарах цаг болсон. Нэг засаг солигдохоор баахан хууль тонгочуулдаг байж таарахгүй. Энд яриад байгаа цахим бүртгэл гэгч хамгийн аюултай. Нэг өдөр хакердуулахад хөрөнгийн талаарх бүх мэдээлэл алга болно. Герман улс өнөөдрийг хүртэл хөрөнгийн бүртгэлээ цаасан хэлбэрээр хадгалж байна. Бүхнийг цахимжуулна гэдэг богино зайнын улстөр чинь явуургүй шүү” гэж анхааруулсан юм.
Хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл, хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах болон тэдгээртэй холбоотой бусад эрх нь улсын нэгдсэн бүртгэлтэй болж, улсын хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийн статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарахаас гадна түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбоотой төрийн бодлого, төлөвлөлт тодорхой болно гэж үзэж буй. Мөн цахим бүртгэлийн үйлчилгээ нэвтэрснээр төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээ чирэгдэлгүй, хурдан шуурхай болж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болох, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар дамжуулан гүйцэтгэх, ингэснээр иргэд цаг хугацаа, үйлчилгээний зардлаа бууруулах, хууль зүйн аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн эргэлт нэмэгдэх ач холбогдольой гэж хуулийн төсөл боловсруулагчид үзэж байна.
Эндээс олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа асуудал бол газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг нэгтгэх.
Газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах аж.
С.ОТГОН