Япон улс мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор 10000, 5000, 1000 иений мөнгөн дэвсгэртийн загвар, 500 иений зоосон мөнгөний материалыг өөрчлөхөөр болсон байна. Шинэчилсэн загвартай мөнгөн дэвсгэртүүд 2024 оны эхний хагаст, 500 иений зоосон мөнгө 2021 оны эхний хагаст гүйлгээнд гарах юм байна. Тус улс нь хамгийн сүүлд 2004 онд мөнгөн дэвсгэртүүдээ шинэчилж байжээ.
Одоогийн 10000 иений мөнгөн дэвсгэртэд соён гэгээрүүлэгч Юкичи Фүкүзава, 5000 иений мөнгөн дэвсгэртэд Мэйжигийн эриний зохиолч Ичиё Хигүчи, 1000 иений мөнгөн дэвсгэртэд микробиологич Хидэёо Ногүчи нарын хөрөг байдаг бөгөөд шинэ дэвсгэртүүд дээр үйлдвэрлэл эрхлэгч Эйичи Шибүсава (1840-1931), сурган хүмүүжүүлэгч Умэко Цүда (1864-1929), бактериологич Шибасабүро Китасато (1853-1931) нарын хөргийг хэвлэхээр болсон байна.
Японы капитализмын эцэг гэгддэг Шибүсава нь тус улсын орчин үеийн анхны банк болох “Анхны үндэсний банк”-ийг байгуулж байсан бөгөөд одоо уг банк нь Мизүхо банк болжээ.
Цүдагийн хувьд христийн шашинтан байсан бөгөөд япон эмэгтэйчүүдэд боловсролд асар их хувь нэмэр оруулсан нэгэн төдийгүй Токио хот дахь Цүда их сургуулийн үүсгэн байгуулагч юм.
Харин Китасато нь татран болон сахуу өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг Францын бактериологич Александр Ерсинтэй ижил онд нээж байсан гавьяатай.
Шинэчилсэн мөнгөн дэвсгэртүүдийн арын нүүрэн дээр анх 1914 онд баригдаж байсан Токиогийн өртөөний улаан тоосгон Маруноочи барилга, ороонго цэцэг, зураач Кацусика Хокусайн зурсан алдарт "Канагавагийн их давалгаа" зураг зэргийг дүрслэх ажээ.
Эх сурвалж:KYODONEWS
Холбоотой мэдээ