Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхдагч ууган эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ээр жилд 350 гаруй мянга, өдөрт 1500-3500 орчим хүн амбулаторийн үйлчилгээ авдгийн ихэнх нь орон нутгийн иргэд байдаг аж. Багагүй ачаалалтай байдаг тус эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалт болон бусад эмнэл зүйн чиглэлээр иргэдийг мэдээ мэдээллээр хангах, оношлогоо эмчилгээний цаг авах, лавлагаа тусламж үзүүлэх, үйлчилгээний зохистой хэв маягийг бүрдүүлэх зорилготой “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 15 сая төгрөгөөр тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.
Өмнө нь УНТЭ цахим бүртгэлийн нэгдсэн гурван цэгт үзлэг оношлогоо болон шинжилгээний цаг олгох үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд цахим бүртгэлийн дөрөв дэх цэгийг ийнхүү нээснээр иргэд үйлчлүүлэгчийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах өндөр ач холбогдолтой юм.
Мөн энэ өдөр ХААН Банкны “Спортын ордон” тооцооны төвийн харьяаны Б заал буюу цахим нэгж УНТЭ-ийн 3-р давхарт шинээр үүдээ нээлээ. Цахим тодотголтой тус нэгж нь зөвхөн бэлэн бус гүйлгээ хийх бөгөөд интернэт банк, ухаалаг банк, мобайл банкны үйлчилгээнд шинээр бүртгэх, харилцагчдад банкны цахим үйлчилгээг хэрэглэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэх, хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Цахим нэгж тус эмнэлэгт нээгдсэнээр эмнэлгийн ажилтнууд болон түүгээр үйлчлүүлж буй иргэдэд цахим банкны үйлчилгээг ойртуулах, санхүүгийн хэрэгцээгээ түргэн шуурхай, аюулгүй хангах боломжийг олгож буйгаараа давуу талтай.
Нөгөөтэйгүүр ХААН Банк төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас УНТЭ-ийг сонгон хамтран ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн мөнгөний төлбөр тооцоог бэлэн бус төлбөр тооцоо руу шилжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа юм.
Бид зогсолтгүй бүтээсээр…
Холбоотой мэдээ