Фото: Михаил Мокрушин / РИА Новости
Спиртийн найрлагатай ундаа, мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх нь мэргэжлээс хамааралтай гэдгийг АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн яам тогтоожээ. Яамны үнэлгээгээр биеийн хүчний ажилтай хүмүүс “шилтэй юманд хушуугаа дүрэх” нь их байдаг аж. Тэдний тоонд уурхайчид, барилгачид орж байна хэмээн The Mirror сонин мэдээлжээ.
Нийгэм судлаачид энэ талын судалгааг 2008-2012 онуудад явуулахдаа сард таваас илүү өдөрт таван хундгаас илүү архи хэрэглэдэг гэх хэмжээсийг үндэс болгожээ. Хундага гэсэн хэмжээ нь спиртийн агуулга нь 14 грамаас илүү байх порцийг хэлж буй аж. Тэдний судалгааны дагуу уурхайчдын 17,5 хувь нь спиртийн ундааг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байгаа ажээ. Хоёрдугаарт нь 16,5 хувиар барилгачид орсон байна.
Алкоголизмд автах магадлал бүхий мэргэжилтнүүдэд зочид буудал, рестораны бизнесийнхэн гуравт бичигджээ. Энэ салбарын ажилтнууд мансууруулах бодис хэрэглэх жагсаалтын нэгд 19 хувьтайгаар орж байна.
Менежерүүд архинаас илүүтэйгээр мансууруулагч хэрэглэдэг болж таарчээ. Тэдний 12 хувь нь ийм зуршилд автсан гэж судлаачид дүгнэсэн байна. Мөн тэдний 10 хувь нь балгаад байхаас татгалздаггүй аж. Дараагийн дугаарт боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнууд таван хувьтайгаар бичигдлээ. Мансууруулагчид албан тушаалтнуудын дунд хамгийн бага бөгөөд 4,3 хувь нь л мансуурах дуртай аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР