УИХ-ын дарга “Онлайн эрх чөлөө” хуралд оролцов

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга “Онлайн эрх чөлөө” хуралд оролцов

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.05/  “Онлайн эрх чөлөө“ эвслийн Сайд нарын 5 дугаар бага хуралд оролцож, хуралдааныг хааж үг хэллээ.

Тэрээр Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн босгон дээр монгол оронд  “Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байгаагаа тэмдэглэн хэллээ. Түүнчлэн “Харилцаа холбооны салбарын хууль, төр, засгийн бодлого, зохицуулалтаар интернэтийг нээлттэй, хүртээмжтэй болгоход тус дөхөм үзүүлэхийг эрмэлздэг улс орнуудад тулгарч буй сорилтуудын талаар “Онлайн эрх чөлөө” эвсэл тал бүрээс хэлэлцэж, улс орнуудын интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийн шилдэг үлгэр дуурайллыг ил тод болгохыг зорилоо. Интернэтийн эрх чөлөөг тус бүс нутагт хамгаалах, хөхиүлэн дэмжихэд Эвсэл тууштай байр суурь баримталж буйгаа илэрхийллээ. Энэ нь хуулийг дээдлэх зарчимд нийцсэн, нийтийн оролцоонд түшиглэсэн, ил тод, ардчилсан үйл явцын  үр дүнд интернэтийн дэвшилттэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд улс орнуудыг  хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг мөн.

Бид Монгол Улсад болон энэ бүс нутаг дахь интернэтийн эрх чөлөөний  ач холбогдлыг хэлэлцээд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хувь хүний нэр төр, нууцыг хамгаалах асуудалд ч анхаарлаа хандууллаа. Иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчдын хувь нэмэр, үзэл бодол  энэ тал дээр онцгой үнэ цэнэтэй байсныг онцолж байна.” гэлээ. Мөн Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхи, санаачилгатай ажиллахын төлөө байдгийн нэгэн жишээ нь манай орон хүний эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг “Онлайн эрх чөлөө” эвслийг амжилттай даргалж, эвслийг бэхжүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү бага хурлын үйл ажиллагаа харуулж байна” гэлээ. Мөн УИХ-аас Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг баталсны дагуу төрийн 160 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, Ази, Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелын гарцтай болсныг тэмдэглэн хэлсэн юм. Төгсгөлд нь УИХ-ын дарга, Бага хуралд оролцсон улс орнуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, бүх илтгэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн уг хуралд 60 гаруй орны төлөөлөл, түүнчлэн ЮНЕСКО, ЮНИСЕФ болон Азийн сан, Эмнести интернэйшл, “Human Rights Watch”, “Дижитал Партнерс глобаль” зэрэг иргэний нийгмийн болон судалгааны байгууллага, “Google”, “Mozilla”, “Twitter” зэрэг мэдээлэл холбооны салбарын тэргүүлэгч компаниудын төлөөлөл оролцсон байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


“Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг хааж

УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
     Хатагтай, ноёд оо,

Монгол Улс улс төрийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн түүхэн үйл явцын эхлэл анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн  25 жилийн ойн босгон дээр  монгол оронд  “Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хурал зохион байгуулагдаж байгаад баяртай байна.

“Онлайн эрх чөлөө“ эвслийн сайд нарын 5 дугаар бага хуралд оролцогчид  “Интернэтийн бодлого: Онлайн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих шилдэг арга туршлага” сэдвийн хүрээнд “Чөлөөтэй, найдвартай интернэт, Цахим технологийн хөгжил ба ил тод байдал,  Онлайн орчин дахь хувь хүний нууц ба ил тод байдал” зэрэг чиглэлээр өргөн хүрээтэй ярилцлаа.

Хүний үндсэн эрх, эрх чөлөөг цахим орчинд хүндэтгэх, интернэтийг цаг хугацаа, орон зайны эрхшээлгүйгээр мэдээ мэдээлэл солилцдог, үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлдэг, эвлэлдэн нэгддэг, бизнес эрхэлдэг, бүх хүнд найдвартай, хүртээмжтэй индэр болгохыг эрмэлздэг улс орнуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын төлөөлөл энэ бага хуралд ажил хэрэгч байдлаар оролцлоо.

Харилцаа холбооны салбарын хууль, төр, засгийн бодлого, зохицуулалтаар интернэтийг нээлттэй, хүртээмжтэй болгоход тус дөхөм үзүүлэхийг эрмэлздэг улс орнуудад тулгарч буй сорилтуудын талаар “Онлайн эрх чөлөө” эвсэл тал бүрээс хэлэлцэж, улс орнуудын интернэтийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих бодлого, шийдвэрийн шилдэг үлгэр дуурайллыг ил тод болгохыг зорилоо. Интернэтийн эрх чөлөөг тус бүс нутагт хамгаалах, хөхиүлэн дэмжихэд Эвсэл тууштай байр суурь баримталж буйгаа илэрхийллээ. Энэ нь хуулийг дээдлэх зарчимд нийцсэн, нийтийн оролцоонд түшиглэсэн, ил тод, ардчилсан үйл явцын  үр дүнд интернэтийн дэвшилттэй бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд улс орнуудыг  хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг мөн.

Бид Монгол Улсад болон энэ бүс нутаг дахь интернэтийн эрх чөлөөний  ач холбогдлыг хэлэлцээд цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хувь хүний нэр төр, нууцыг хамгаалах асуудалд ч анхаарлаа хандууллаа. Иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцогчдын хувь нэмэр, үзэл бодол  энэ тал дээр онцгой үнэ цэнэтэй байсныг онцолж байна.

Интернэтэд өдөр тутам сая сая хүн шинээр холбогдож, эдийн засгийн өсөлт, хөгжил, иргэдийн оролцоонд урьд үзэгдээгүй боломж нээгдэж байгаа нь цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих, хил хязгаарыг алгасуулан мэдээ мэдээллийг чөлөөтэй солилцоход тууштай хандахыг шаардаж байна. Хавчин боогдуулсан хууль тогтоомж батлах замаар хууль бусаар  тагнаж чагнах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг боогдуулах явдал интернэтийн асар их боломжийг үгүйсгэхэд хүргэнэ.

Хүний үндсэн эрх, эрх чөлөөг цахим орчинд хөхиүлэн дэмжих, хамгаалахад тус дөхөм үзүүлэх хөтөлбөр, санал санаачилга, техник технологийг бид сайшааж байгаа бөгөөд эдгээр хүчин чармайлтад нэгдэхийг Бага хурлын  нийт оролцогчид уриалсан. Бас “Онлайн эрх чөлөө” эвсэл  олон талын  бусад чуулга уулзалтуудаар уламжлан цахим орчинд эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг шилдэг арга ажиллагааг ашиглахад цаашид ч хамтран ажиллахыг төр, засгийн газрууд, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд болон иргэний нийгэмд уриаллаа.

Эвслийн өнөр бүлд шинээр нэгдсэн Литва, Австрали, Норвеги улсуудад баяр хүргэж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх хамтын хариуцлагад тулгуурлан цахим орчинд эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд  тэд хувь нэмрээ оруулна гэж итгэж байна.

Монгол Улс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чиглэлээр идэвхи, санаачилгатай ажиллахын төлөө байна. Үүний нэгэн жишээ нь манай орон хүний эрхийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг “Онлайн эрх чөлөө” эвслийг амжилттай даргалж, эвслийг бэхжүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулж Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэхүү бага хурлын үйл ажиллагаа харуулж байна.

2000 онд Монгол Улсын Их Хурал манай улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлалыг баталсны дагуу Засгийн газраас 2005 онд “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Цахим засаглал” дэд хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж Замын цагдаагийн торгуулийн систем, Улаанбаатар хотын оршин суугчдад газар өмчлүүлэх болон гааль, татварын мэдүүлэг, иргэний бүртгэлийн үйл ажиллагаа зэрэг төрийн 160 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд интернэт орчин дахь үйл ажиллагааг аль болох чөлөөтэй байлгахад анхаарсны үр дүнд мэдээлэл, харилцаа холбооны салбар амжилттай шинэчлэгдэж, далайд гарцгүй манай улсын хувьд Ази, Европыг холбосон өндөр хурдны шилэн кабелын гарцтай болоод байна.

Монгол Улс “Онлайн эрх чөлөө” эвслийг тэргүүлж байгаагийн хувьд  УИХ-д “Онлайн эрх чөлөөг дэмжих бүлэг” байгуулагдаж, “Өгөгдөл хамгаалах тухай”, “Мэдээллийн аюулгүй байдлын тухай” хуулиудын төслийг боловсруулж, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эдгээр хуулиуд батлагдсанаар цахим орчинд хүний эрх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, мэдээллийн хүртээмж, найдвартай байдлыг дээшлүүлэх, хувь хүний нууц, нэр төрийг хамгаалах асуудлууд баталгаажина гэж үзэж байна.

Интернэт орчин, түүний эрх чөлөөний асуудал нь гагцхүү техник технологи, хүмүүсийн харилцааны асуудал биш энэ салбарын нийт оролцогчдыг хамарсан, өргөн хүрээтэй асуудал гэдгийг энэхүү хоёр өдрийн ярилцлага, хэлэлцүүлгүүд тодорхой харууллаа.

Төрийн байгууллагуудын хувьд цахим орчны эрх зүйн асуудлыг зохицуулдаг хууль, тогтоомж, стандартууд нь хүний эрхэд хэрхэн нөлөөлж байгаад үнэлгээ хийж, зохицуулахын зэрэгцээ цаашид аж ахуйн нэгж, компаниудад тавьдаг шаардлагаа ил тод болгох, хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан аливаа үйлдэлд  хариуцлага хүлээлгэх тогтолцоог энгийн бөгөөд илүү тодорхой болгох шаардлага тавигдаж байна.

Мэдээллийн технологийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, компаниуд үйлчилгээнийхээ гэрээ, журам зэргийг батлахдаа хүний эрхийг хүндэтгэж холбогдох талуудын эрх ашгийг хөндөх эсэхэд олон нийтийн санал хүсэлтийг сонсдог байх нь хамгийн чухал. Түүнчлэн нийгмийн эмзэг бүлэг, үндэсний  цөөнх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлүүдээс олон нийтийг авран хамгаалахад мэдээлэл холбооны салбар жинтэй хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг  тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Энэхүү завшааныг ашиглан Монгол Улс нэрээ дэвшүүлээд байгаа “Хүний эрхийн зөвлөл”-ийн сонгуульд манай улсыг дэмжиж оролцохыг энд хүрэлцэн ирсэн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгч Та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.

“Онлайн эрх чөлөө” эвслийн Сайд нарын 5 дугаар Бага хуралд оролцож интернэтийн эрх чөлөөг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан улс орнуудын төр, засгийн болон хувийн хэвшлийн компаниуд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид, бүх илтгэгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэхүү хурлыг амжилттай зохион байгуулсан байгууллага хамт олон, Эвслийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүдэд баярлалаа.

Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж