Хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа

Хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016 онд) тус тус шинэчлэгдэн батлагдсан байна.

Практикт гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон төдийгүй гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэлгnau хугацаандаа бүрэн төлөхгүй байх, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн аж байдал, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөж байна.

2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарч байсан байна.

Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол,  хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байгаа нь иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлага байгааг  харуулж байна.

Гэр бүлийн асуудал нь хувийн шинжтэй боловч нийгмийн үндсэн нэгж болсон гэр бүлийг төрөөс дэмжих, хамгаалах, иргэдэд гэр бүлийн боловсрол нэгдсэн зохицуулалтаар олгох, төрийн үйлчилгээг гэр бүлд оновчтой хүргэх гэр бүлийн асуудал эрхэлсэн байгууллагыг тогтвортой ажиллуулах, гэр бүл харилцаанд оролцогчдын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хариуцлагажуулах, гэр бүл дэх хүүхдийн эрхийг хангах, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгох, гадаадын харьяат гэр бүлд монгол хүүхэд үрчлэх, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд оролцсон гэр бүлийн харилцааны асуудлыг хуулиар зохицуулах шаардлага байна.

Иймд сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг хуулиар баталгаажуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах,  эрхдэлд нөхцөлд байгаа хүүхдийн өмчийг хамгаалах,  гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгалаа гэж хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна:

  1. Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
  2. Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ;
  3. Гэр бүлийн харилцааны олон талт, түвэгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана;
  4. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана.

Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан юм.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж