"Төр "Капитал"-ыг дампууруулна чинээ бодсонгүй"

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

"Төр "Капитал"-ыг дампууруулна чинээ бодсонгүй"

"Төр "Капитал"-ыг дампууруулна чинээ бодсонгүй"

Оны өмнөөс л “Капитал” банкны асуудал яригдаж байсан билээ. Харин өчигдөр /2019.04.08/ тус банкийг татан буулгаж байгаагаа Монголбанк албан ёсоор зарлалаа.

“Капитал” банкны хувьд 221,000 иргэн, аж ахуй нэгжийн нийт 256,000 харилцах болон хадгаламжийн данстай. Эдгээр дансны 99.5 хувь даатгагдсан учраас ХААН банкаар дамжуулж мөнгөө буцааж авах тухай асуудал яригдаж байна.

Бид дээрх мэдээллийн дагуу өнөөдөр тус банкны төв салбар буюу “Тэнгис” кино театрын замын эсрэг талд байрлах тооцооны төвийг зорилоо. Биднийг 11.00 цагийн орчимд тус банкин дээр очиход цөөн тооны иргэд цонхон дээр наасан мэдэгдлийг уншиж байлаа.

Тэдний дийлэнх нь “Өчигдөр гэнэт л банк татан буугдсан талаар мэдсэн. Үйлчлүүлэгч нартаа анхааруулга өгөхгүйгээр шууд үйл ажиллагаагаа хаачихлаа. АТМ, интернэт банкны аль нь ч болохгүй байна. Ингэж иргэдэд чирэгдэл учруулж болохгүй” хэмээн иргэд бухимдангуй ярьж байлаа. Тэдний нэг болох иргэн Г.Даваабаяр “Жилийн өмнө би хадгаламжийн данстай болсон. Капитал банк дампуурах гэж байгаа талаар мэдээлэл гадуур явж байхад би ирээд уулзсан. Тэгтэл манай банкинд огт тийм зүйл болохгүй үйл ажиллагаа хэвийн явагдана гэх мэдээлэл өгсөөр байгаад өнөөдрийг хүргэж биднийг хохироолоо” гэлээ.

ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИЙН ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХААН БАНКААР ДАМЖУУЛАН ОЛГОНО

Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор “Капитал” банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргажээ. Тус банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна.

Ингэхдээ Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу “Капитал” банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэжээ.

Банк татан буугдсан тохиолдолд хадгаламж эзэмшигч, харилцагчдад хадгалсан мөнгө яах бол гэдэг асуулт иргэдийн санааг зовоодог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс, бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/, бүх төрлийн гадаад валютын данс хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм.

"КАПИТАЛ"-ЫГ  ДАМПУУРЧИХНА ГЭЖ БОДООГҮЙ

“Капитал” банкны урд зогсож буй иргэдийн байр суурийг сонслоо.


Т.ЛУВСАНДОРЖ “Капитал банкаар олон жил үйлчлүүлж байна. 1990 онд энэ банк анх байгуулагдсан. Тэрнээс хойш хэдэн төгрөг тогтмол хийж эхэлсэн. Мөнгөө өсгөөд сүйд болоогүй ч тогтмол мөнгө хийсээр ирсэн. Бидэн шиг настай хүмүүст хэдэн төгрөг байж байхад хэрэгтэй байдаг. Надад үнэхээр хэцүү байна. Хүмүүсийн хэлснээр ХААН банкнаас 20 сая төгрөгөө авах юм байна. 20-иос дээш сая төгрөгөө яаж авах журам нь удахгүй гарах юм байна гэж ойлголоо” гэж ярилаа.

Б.ТОГТОХ “УИХ-ын гишүүнд нэр төр гэж бас бий. Тэр хүн сонгууль дөхсөн үед ийм үйлдэл хийхгүй байх гэж бодсон. Сонгууль дөхсөн үед хүн болгон нэр төрөө бодно. Тэр гишүүнийг нам нь ч  гэсэн хамгаална гэж бодсон. Тэгтэл эсрэгээрээ нэг өдөр хаалгаа барьчихна гэж хэн санах билээ. Оны өмнөөс л "Капитал" дампуурах нь гэж яригдаж эхэлсэн. Тухайн үед арай үгүй байх төр засаг дампууруулахгүй байх гэсэн горьдлого тээсээр ирсэн. Би энэ банкаар 12 дахь жилдээ үйлчлүүлж байна” гэв.

Л.ТҮВШИНЖАРГАЛ “Эгч нь энд харилцах дансандаа цөөхөн хэдэн төгрөг хадгалуулсан. Өчигдөр мобайл банк ашиглах гэсэн чинь болохгүй болохоор нь ХААН банкаар дамжуулж мөнгөө авах юм болов уу гэж бодоод ХААН банкинд очиход одоогоор ямар ч мэдээлэл байхгүй байна. Хүүхдийн мөнгө олгож эхэлсэн үеэс тус банктай харилцаж эхэлсэн. Яаж мөнгөө авах талаар ямар ч мэдээлэл байхгүй учраа олохгүй байдалтай байна” гэлээ.

 “ХААН” БАНКНЫ АЛЬ САЛБАРААС МӨНГӨ АВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Хадгаламжийн даатгалын корпораци нь харилцагч бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг хурдан шуурхай хийхээр ажиллаж байгаа юм.

Иргэдийн нөхөн төлбөр олгож эхлэх хугацаа болон ХААН банкны нөхөн төлбөр олгох салбар нэгжийг Хадгаламжийн даатгалын корпораци, ХААН банкны цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тун удахгүй мэдээлэх юм байна.

Дээрх асуудлын талаар тус газраас тодруулахад “Капитал” банк татан буугдсан учраас ямар нэг карт, интернэт банк, пос машин ажиллахгүй болсон. Одоогоор ХААН банкны аль салбараас мөнгөө авах вэ гэдэг тодорхой болоогүй байна. Яагаад гэхээр “Капитал” банкны бүх харилцагчийн жагсаалтыг гаргаад хэдэн төгрөг буцааж өгөх ёстой гэдэг тооцоолол хийгдэж байна. Харин 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэний үлдсэн мөнгийг банкны эрх бүхий хүлээн авагч буюу Монголбанкнаас томилсон баг мөнгийг буцаан олгох үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ үйл ажиллагаа нь Банкны тухай хуулийн 73-р зүйлээр зохицуулагдсан. Мөн нэхэмжлэл нь ямар формат, агуулгатай байх нь тодорхой болоогүй. Одоо “Капитал” банкны эд хөрөнгийг хүлээн авах ажиллагаа явагдаж байна. Түүний дараа бүх асуудал тодорхой болмогц хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгнө. Үүнээс гадна иргэдийн тэтгэвэр, тэтгэмж авдаг харилцах данс ХААН банкинд шилжинэ” гэв.

ХАРИЛЦАГЧИЙН МӨНГИЙГ ХЭРХЭН ЭРГҮҮЛЭН ОЛГОХ ЖУРАМ: 

20 сая хүртэлх төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгоно.

Дансанд ХААН банкны хүү, шимтгэлийн нөхцөл үйлчилнэ. Харилцах, хадгаламж эзэмшигчид харилцах, хадгаламжаа шилжүүлэн авч буй банкинд үргэлжлүүлэн эзэмших, хадгаламжаа цуцалж, мөнгөө бэлнээр авах, эсвэл сонгосон банкиндаа бэлэн бусаар шилжүүлэх зэргээр өөртөө хэрэгтэй аль ч сонголтыг хийж болно. Харилцагчид ХААН банкны сонгосон салбараар үйлчлүүлэх боломжтой.

ДАНСАА ШАЛГАХЫГ ХҮСВЭЛ:

-Иргэний үнэмлэх,

-гадаадын иргэн бол гадаад паспорт,

-эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэхээр үйлчлүүлнэ.

ХАРИН ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛ:

-Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хувь,

-Хуулийн этгээдийг төлөөлөгчийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх,

-Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх,

-Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл,

-Эсхүл тушаал, шийдвэрийг авчирна.

ХОРИН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах гэнэ. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдсан 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламжийг ХААН банкинд таны нэр дээр шилжүүлсэн. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгөөс давсан мөнгийг банкны эрх хүлээн авагч Капитал банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулах аж.

“Капитал” банк татан буугдсантай холбоотой  дэлгэрэнгүй асуулт, хариултыг эндээс уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж