Багш нар сурагчдыг сурлагаар нь ялгаварлан гадуурхдаг гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Багш нар сурагчдыг сурлагаар нь ялгаварлан гадуурхдаг гэв

Багш нар сурагчдыг сурлагаар нь ялгаварлан гадуурхдаг гэв

“Багш нар сурагчдаа сурлагын дүнгээр нь үнэлж, ялгаварлан гадуурхаж байна. Хичээлдээ сайн сурдаг бол илүү сайн харилцаж, тухайн хичээлийг нь ойлгохгүй хоцрогдолтой байгаа хүүхдийг тоодоггүй. Хэрэв би нэг хичээлд тааруухан байлаа гэхэд автоматаар тааруу үнэлгээ өгдөг. Үүнд миний хичээл зүтгэл, идэвх санаачилга огт хамаагүй. Хэзээ ч сайн үнэлгээ өгнө гэж найдах хэрэггүй. Тиймээс дахин тухайн хичээлд суралцах сонирхолгүй болж урам хугардаг болохоор дургүй багшийнхаа хичээлд суудаггүй. Уг нь хүүхэд бүр тэгш эрхтэй биз дээ”  гэж 58 дугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б хэлж байв. Энэ мэтчилэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сурлагын  дүнгээс болж багш нартай үл ойлголцох, анги дотроо “сайн” “муу” гэж нэгийгээ ялгаварлан гадуурхаж харилцах асуудал цөөнгүй байдаг аж.

Өнөөдөр улсын болон хувийн сургуулийн ахлах дунд ангийн 20 мянга гаруй хүүхдээс сурлага спортоор үеийнхнээсээ манлайлсан 500 хүүхэд шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхээр Монголын хүүхдийн ордонд нэгэн дор чуулсан нь энэ юм.

Сүхбаатар дүүргийн Засар даргын Тамгын газраас “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд “Хүүхэд хөгжил-хамгаалал” анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. Чуулганд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан нар болон бусад хүмүүс оролцож, хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсч, хамтдаа шийдвэрлэх арга замыг эрж олох аж.

Багш нар хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж, сурлагын дүнгээр нь ялгаж харьцдаг асуудалд хэрхэн анхаарч ажиллах талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “ Сурган хүмүүжүүлэгч багш нарын арга барил , ёс зүйн  асуудал зөвхөн дүүргийн биш улсын хэмжээнд шийдвэрлэх ёстой тулгамдаж буй том асуудлын нэг болсон. Хүүхдийг ялгаварлан гадуурхдагаас болж багш сурагчдын дунд үл ойлголцол үүсэх асуудал гарах гэх мэт асуудал цөөнгүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхдэд чиглэсэн сургалт, арга зүйн төвүүд алга. Хүүхдэд зориулсан маш олон төрлийн сургалтын томоохон төв хэрэгтэй байна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар байх ёстой. Хүүхдэд зориулсан том цогцолбор байхгүйн улмаас тэд маань буруу зүйлд уруу татагдаж байна. Цахим орчинд олон цагийг өнгөрүүлэхийн сацуу муу зуршилд автах, гэмт хэрэгт оролцох, буруу хүмүүжих зэрэг олон асуудал үүсч байгаа. Тиймээс бид энэхүү чуулганаар хүүхдүүдийнхээ санал бодлыг сонсч, тодорхой хэмжээний уриалга гаргаж,  Сүхбаатар дүүргээс санаачлан хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулан ажиллах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм” гэлээ.

Сүхбаатар дүүрэг нь 138 мянга гаруй хүн амтай. Үүний 40 мянга орчим нь 0-16 насны хүүхдүүд. Өнөөдрийн байдлаар дүүргийн ерөнхий боловсролын сургууль хамрагдалт 100, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 87 хувьтай байна. Энэ тоог нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ЗДТГ-аас 12 дугаар хорооны нутагт 150 хүүхдийг ортой шинэ цэцэрлэгийг энэ жил дүүргийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Түүнчлэн хүүхэд хамгаалах чиглэлээр 333 дуудлага мэдээлэлд 1-20 дугаар хорооны Хамтарсан баг ажиллаж 80 гаруй хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ.

ХҮҮХДҮҮД ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

“Хүүхэд хөгжил-хамгаалал” чуулганд ахлах дунд ангийн сурагчид оролцож байгаа юм. Тэдний сэтгэгдлийг сонслоо.

Нийслэлийн 58 дугаар сургуулийн 12А ангийн сурагч  Ц.Хаш-Эрдэнэ

-Би энэ жил Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Бидэнд хичээлээ давтах орчин байдаггүй. Сургуулийн номын санд давтах гэхэд заримдаа ажилладаггүй эсвэл суулгадаггүй. Уг нь төгсөх ангийн сурагчдад хичээлээ давтах орчныг нь илүү бүрдүүлж өгөх ёстой. Үүнээс гадна багш нараасаа давтлага авахыг хүсдэг ч бидэнд цаг гаргадаггүй. Гаднын төлбөртэй давтлагад суухыг санал болгодог. Багш нар сурагчдадаа цаг гаргах нь бага. Зарим багш нар хүүхдүүдийг сурлагын дүнгээр нь ялгаварлан гадуурхаж харьцдаг. Онц сурлагатай хүүхдүүдтэй илүү  тулж ажилладаг байхад хичээлийг нь ойлгодоггүй сурагчдаа тоолгүй орхидог. Энэ байдлыг засах ёстой. Үүнээс болж манай ангид хэдэн жилийн өмнө хүүхдүүд хуваагдаж муу сурлагатнууд нь найзалдаг, хичээлдээ сайн хүүхдүүд нь тэднийг тоодоггүй гэх мэт асуудал үүсч байсан. Одоо бол ийм асуудал байхгүй

Сүхбаатар дүүргийн Хүүхдийн холбооны гишүүн Г.Цэнгэл

-Бидэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байна. Боловсролын систем алдаатай санагддаг. Хуучны арга барил, хоцрогдсон сургалтыг одоог хүртэл баримталдаг гэж миний зүгээс харж байна. Хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлэх талаас нь илүү анхаараасай. Хичээлийн цагаар 1+1 гэж заах бус амьдрал дээр  ямар аргаар хэрэгжүүлж болох вэ гэх мэт зүйлсийг хэлж өгдөг байх хэрэгтэй. Номын сан хүрэлцээгүй, хүссэн зүйлээ хийж суралцах газар ховор. Эсвэл кафед заавал мөнгө төлж суух ёстой болдог.

Монгол III сургуулийн 10А ангийн сурагч Т.Сүндэр

-Хүүхэд гээд бидэнд асуудал байхгүй гэж ойлгох ёсгүй. Бидний өдөр тутмын амьдралд асуудал тулгарч байдаг. Ирээдүйд нөлөөлөх жижиг олон асуудал бий. Үүнийг өнөөдрийн чуулганаар шийдвэр гаргах түвшний хүмүүст хэлж, дуу хоолойгоо хүргэх том боломж гэж харж байна. Миний хувьд хичээлийн ачаалал их юм шиг санагддаг. Гаднын улс орнуудад хүүхдүүдэд өөрсдийн сонирхлоо хөгжүүлэх цагийг нь илүү гаргаж өгдөг. Монгол Улсаас энэ тал дээр анхаарал хандуулахыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж