Бид хэд
хоногийн өмнөөс Оросын улстөр бизнесийн томоохон төлөөлөл, одоогийн
Засгийн газрын тэргүүн В.Путиний ойрын нөхөр болох С.Чемезов Монголд
ирээд буцсан талаар мэдээлсэн. Түүнийг ирээгүй гэж ТӨХ-ны дарга ноён
Д.Сугар мэтгэж “Нэг их сонирхоод байхаар сүйдтэй зүйл биш ш дээ, одоо
энэ талаар ярих болоогүй байна” гэх зэргээр булзааруулж өнгөрөв.
Харин түүний
удирдлагад ажилладаг хүмүүс энэ хүний айлчилж ирснийг өдөр хоногтой нь
хэлж өгсөн талаар манай сэтгүүлч тодруулж бичсэн билээ. Хэрэв үнэхээр
энэ эрхмийн айлчлал сүртэй зүйл биш юм бол ТӨХ-ны дарга яагаад тодорхой
хариулт өгөхөөс татгалзаад байгаа нь ойлгомжгүй байлаа. Үнэн хэрэгтээ
Оросын төрийн мэдэлд байдаг “Ростехнологи” хэмээх томоохон корпорацийн
захирал ноён С.Чемезовийн Монголд ирсэн зорилго онцгой анхаарал татахаар
явдал мөн үү гэвэл мөн.
Яагаад
гэвэл, тэрбээр уул уурхай, төмөрлөгийн үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн
хэмжээнд эхний гуравт бичигдэхээр томоохон бизнесийн нэгтгэл
байгуулахаар зэхэж байгаа юм. Энэхүү үлэмж эргэлттэй компани
байгуулагдвал ашигт малтмал олборлолтын салбарт үйл ажиллагаа явуулдаг
“BHP billiton” болон “Рио Тинто “гэсэн аваргуудтай өрсөлдөхүйц хүчирхэг
үйлдвэрлэгч болох юм.
Харин түүний
энэ санаа биелэхэд Монголын үйлдвэрүүд дэх Оросын талын хувийг ноён
Чемезовийн эзэн суусан Оросын төрийн мэдэлд байдаг “Ростехнологи” –д
шилжүүлэх чухал зорилт тулгарч байгаа гэнэ. Энэ санаа нэлээд эртнээс
гарал үүсэлтэй бөгөөд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед ч яригдаж л
байсан билээ. Хамгийн ойрын баримтуудыг сөхвөл гурван жилийн өмнө ОХУ-ын
Ерөнхийлөгчөөр одоогийн Засгийн газрын тэргүүн Путинийг байх үед
С.Чемезовийн түүнд илгээсэн захидал байдаг.
Тэрбээр
энэхүү захидалдаа эхний ээлжинд дэлхийд нөөцийн хэмжээгээрээ гуравт
ордог зэсийн том орд болох Удоканы орд газрын олборлолтын эрхийг бусад
томоохон компаниудын хамтаар өөрийн “Ростехнологи”-д олж авах зорилго
тавьж байгаа гэжээ.
Хоёр дахь
зорилт нь Монголын “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” нэгдлийн
Оросын талд ногдох тус бүрийн 49 хувийг мөн л өөрийн корпорацид авах
зорилттой байгаагаа илэрхийлжээ. Мөн энэ бүхэн дээр Оросын томоохон
үйлдвэрлэгч болох “Норникель” компани дахь уулын баяжуулах үйлдвэрийнхээ
хувийг нэгтгэснээр дэлхийд гуравт орох том үйлдвэрлэгч компанийг бий
болгож чадна хэмээн бичсэн байдаг. Энэ төсөл биелбэл Оросын энэхүү
компани дэлхийн зэсийн зах зээлийн 10 хүртэл хувийг хянах боломжтой болж
байгаа юм. Мэдээж энэ санал Оросын төрд, цаашилбал одоогоор тус улсын
засаглалын эрхийг барьж байгаа улстөрийн хүчинд боломж олгох тул тухайн
үеийн Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлыг судалж үзэх үүргийг тухайн үеийн
Засгийн газрын тэргүүн Виктор Зубковт даалгаж байсан байна.
Ямар ч болов
ноён Чемезовийн зорилтын эхний алхам амжилттай болсон билээ. Тэрбээр
ОХУ-ын Чита орчимд олдсон Удокан хэмээх зэсийн том ордыг олборлох эрхийн
төлөө өрсөлдөж ялалт байгуулсан Оросын тэргүүн бизнесмэний нэгэн болох
Усмановын компанийг энэхүү өрсөлдөөнд дэмжиж улмаар өөрийн төсөл дээр
хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийсэн байна. Зөвхөн дээрх орд газарт
олборлолт явуулах төсөлд гэхэд Усмановын “Металлинвест” болон Чемезовын
“Ростехнологи” компниуд хамтран нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт
хийхээр болж байгаа юм.
Удоканы орд
газар нь одоогоор бараг 20 сая орчим тонн зэсийн нөөцтэй гэж тогтоосон
бөгөөд олборлолтод нь хөрөнгө оруулж байгаа талууд 2016 он гэхэд 500
орчим мянган тонн катодын зэс гаргаж авахаар амлалт аваад байгаа аж.
Өөрөөр
хэлбэл, зэс олборлолтын томоохон хаанчлал тогтоохоор төлөвлөж байгаа
ноён Чемезовийн зорилтын эхний алхам амжилттай болсон бөгөөд одоо хоёр
дахь алхам болох “Эрдэнэт” болон “Монросцветмет”-ийн хувийг авах санаа
нь хэрхэн биелэх нь тодорхойгүй байгаа юм. Монголын талаас ноён
Чемезовтой уулзаж байсан С.Баяр болон С.Батболд Ерөнхий сайд нарын
уулзалтууд ямар үр дүнд хүрснийг хэлэхэд хэцүү байгаа бололтой. Оросын
төрийн супер корпорацид “Эрдэнэт” болоод “Монросцветмет”-ийн бараг тал
хувийг өгснөөр ямар ашигтай байх, бас ямар бэрхшээл учирч болох талаар
манай эрхэм сайд нар таг дуугүй л байгаа. Бодож үзэхэд бэрхшээлтэй тал л
илүү харагдаад байгааг нуух юун.
Монголчууд
олон жил гүйж гувшиж байж арай гэж Мянганы сорилтын сангаас “салгаж”
авсан буцалтгүй тусламжийн 180 сая ам.долларыг хоёр улсын хамтран
эзэмшиж байгаа УБ төмөр замын шинэчлэлд өгөх гэтэл юу боллоо доо. Оросын
тал тас гэдийснээс болж хайран хөрөнгө яайран болох шахсан. Оросуудын
татгалзсан шалтгаан ч ноцтой байсныг санаж байна. Мянганы сорилтын
сангаас мөнгө өгөхдөө УБ төмөр замд хөндлөнгийн шалгалт оруулна гэснээс
болж Оросын тал татгалзсан байдаг. Тэгвэл “Эрдэнэт” болон
“Монросцветмет”-ийн хамтрагч больё гээд байгаа “Ростехнологи” корпораци
санхүүгийн чамгүй асуудал дагуулж шүүхэд хүртэл дуудагдсан мэдээлэл
Орост байнга л гарч байна.
Нэг үгээр
хэлбэл хэнтэй нөхөрлөх болж байна даа гэсэн асуулт гарч байгаа юм. Энэ
асуултад тодорхой хариулт өгөх эрхэм сайд дарга нар энэ зуур нэгийг
бодож хоёрыг тунгаасан болоод л “одоо хариулт өгөхөд эрт юм” гэх зэргээр
аргацааж байна гэж л найдья. Ямар ч болов нөгөө дэлхийн зэсийн зах
зээлд ноёлохыг хүсэгч Чемезов ирэх дөрөвдүгээр сард Монголд дахин ирж
хоёр талын уулзалт дээр мөн л байж байх гэнэ дээ. Харин тэгэхдээ “За
“Эрдэнэт” ч яахав болчихлоо. Одоо Тавантолгойгоо ярилцах уу” гээд сууж
байх юм биш биз. Хэн мэдлээ дээ….?!