“Харлаад” эх орондоо ирсэн хүмүүсийг хаях бус дэмжинэ | News.MN

“Харлаад” эх орондоо ирсэн хүмүүсийг хаях бус дэмжинэ

“Харлаад” эх орондоо ирсэн хүмүүсийг хаях бус дэмжинэ

Ажиллах хүчин гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч авах  тухай хууль” Монгол Улсад  2001 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлжээ. Тус хууль  18 жил үүргээ гүйцэтгэсэн ч улс орны эдийн засаг, нийгэмд гарсан өөрчлөлтийн  дагуу зайлшгүй  шинэчлэлт хийх шаардлага тулгарсан байна.  Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нь таван бүлэг,  43 зүйлтэй байхаар боловсруулагджээ.

Хуулийн төслийг боловсруулахдаа Филиппин, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон зэрэг улсын хууль тогтоомжийг судалж дотоодын хууль тогтоомжтой уялдуулан тусгасан хэмээн албаныхан  онцолж байсан  юм. Ингэхдээ хаврын чуулганаар  батлуулахаар төлөвлөжээ.


Хуулийн шинэчилсэн найруулгын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хуулийн  хэлтсийн  ахлах мэргэжилтэн Д.Ренчиндоржтой ярилцлаа.

– Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлогоос яриагаа эхэлье.

-Тус хууль нь гадаадад ажиллах хүч илгээх,  гаднаас ажилтан авах гэсэн хоёр агуулгатай. Бид гадагшаа ажиллах хүчин илгээхдээ  олон улсын байгууллагуудын  хоёр суурь конвенцэд заасны  дагуу заавал тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зуучлуул гэдэг шаардлага тавьдаг. Энэ суурь бодлого хэвээрээ хадгалагдаж үлдэж байгаа. Гэхдээ 2001 оны хуулиас нарийвчилсан асуудлуудыг илүү сайн тусгаж өгснөөрөө онцлог. Зөвхөн бүтцийн хувьд ярихад л зүйл заалтын хувьд өмнөх хууль 43 хэсэгтэй байсан бол одоогийн хууль 132 хэсэг буюу бараг дөрөв дахин их хэмжээний харилцааг зохицуулахаар байгаа.

-Гаднаас ажиллах хүчин  авахдаа ямар бодлого баримталдаг юм бэ?

-Ажиллах хүч авахдаа  квотын тогтолцоог мөрддөг. Квот гэдэг нь тухай хуулийн этгээдэд хэдэн монгол хүн ажиллаж байгаагаас хамаараад хэдэн гадны  иргэн авах эрх үүсэх вэ гэдгийг  2001 оны  хуулийн зохицуулалт үйлчилж ирсэн. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар тэр харилцааг өөрчлөөд хөдөлмөрийн зах зээлийг шалгуур гэдэг зүйлийг тавина.

Учир нь Засгийн газраас баталсан тоонд багтаан ажил олгогч  дотоодын хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт хангагдсаны дараа гадаадаас ажилтан авдаг болох зорилт тавьдаг. Гэсэн ч  2001 оны хуулиар үүнийгээ хэрхэн зохицуулах  талаарх тодорхой зүйл байгаагүй учраас захиргааны механик зохицуулалтаар зохицуулж ирсэн. 

Үүнийг шинэчилсэн байдлаар зохицуулахдаа  ажиллах хүч хайж байгаа хуулийн этгээд нь ажилтны мэдээллийн санд  зараа оруулах юм. Ингэснээр гадаадаас ажилтан сонгох, ажилтан авах зөв гарцыг бий болгох албан бус зуучлалыг зогсоох зорилготой. Тухайлбал, ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажилтан авч ажиллуулах ажлын байрны захиалгаа мэдээллийн санд  байршуулж, ажилтнаа идэвхтэй хайсан боловч  ажлын байр сул хэвээр байгаа тохиолдолд ажил олгогч гадаадаас ажилтан авах хүсэлт гаргах эрх үүсэх юм.  Гадаадын ажиллах хүч мэргэжилтний мэдээллийн санг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  байгууллага бүрдүүлэх ажил олгогч мэдээллийн сангаас ажилтнаа сонгох  боломжийг шинээр  тусгасан. Тэгэхээр  Монгол Улсын иргэний мэдээллийн сан, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний мэдээллийн санг бүрдүүлнэ.

-Гадаадад ажиллаж байгаа хүмүүс илүү их  татвар төлөөд Монголд  ажиллаж байгаа гадаад хүмүүс бага татвар  төлдөг эсхүл  татвар төлдөггүй гэх яриа байдаг.

-Гадаадаас Монгол Улсад ирж ажиллаж байгаа ажил олгогч нараас ажлын байрны төлбөр авдаг. Тэрхүү төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байдаг. Тэгэхээр гаднаас ирж байгаа улс татвар бага төлдөг гэдэг нэг ёсны буруу ойлголт байж магадгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийг дэмжих санд энэ мөнгө төвлөрөөд эргээд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд зарцуулагддаг. Төлбөр авч байна гэдэг нь эргээд Монгол Улсад ажлын байр бий болгох зүйлд зарцуулагддаг гэсэн үг.

-Шинэ хуулийн төсөлд БНСУ-д  хараар ажиллаж байгаа хүмүүстэй хамааралтай зохицуулалт хийсэн гэж сонссон. Энэ талаар дурдвал?

-БНСУ-руу  хөдөлмөрийн гэрээгээр явж  ажиллах асуудлыг төрийн захиргааны төв байгууллага явуулдаг. Ямар нэгэн зуучлагч болон хувийн байгууллагууд  дээрх үйл ажиллагаанд оролцдоггүй. Харин Япон улсын Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэнд, хөдөлмөрийн  яамтай санамж бичиг байгуулахаар ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд Монголоос ажиллах хүчнээ илгээхдээ хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар буюу засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаар дамжуулж зуучилна  гэсэн бодлого баримталж байгаа. Харин дадлагажигч илгээх тустай тогтолцоог тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдүүд дамжин явуулна. Гадаадад ажиллаж байгаад эх орондоо ирсэн хүмүүстэй холбоотой дэмжлэгүүдийг хуулийн  төсөлд багагүй тусгасан. Үүнийг гол ач  холбогдол зорилго нь гадаадад хараар ажиллаж байгаа хүмүүсийг эх орондоо буцааж авчрах  хөшүүрэг гэж үзэж байгаа.

Тухайлбал, хилийн чандад байгаа монгол иргэдэд туслах сангаас холбогдох дэмжлэгийг үзүүлэх, хараар ажиллаж байгаад Монгол Улсдаа эргэж ирсэн, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж ялгахгүйгээр зээлд хамруулах баталгаагаар хангах тодорхой зохицуулалтууд тусгасан. Ажлын байраар  хангах мэдлэг ур чадварыг нь хүлээн зөвшөөрөх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд сангаас зээл олгох мөн нэг удаа гааль, нэмэгдсэн өртгийн албан  татвараас өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийн хүрээнд бараа материал тоног төхөөрөмж оруулж ирэхэд нь чөлөөлнө гэж заасан.

Үүний дагуу гааль болон холбогдох  хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл давхар орж байгаа. БНСУ-д 17 мянга  орчим Монгол Улсын иргэн хараар ажиллаж байна гэх тоо бий. Эдгээр хүмүүсийн  хувьд ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хуулиас гадуурх зохицуулалт үйлчилдэг.

Гаднаас ажиллах хүчин авахдаа ихэнхдээ БНХАУ-ын иргэдийг авдаг гэх шүүмжлэл нийгэмд цөөнгүй байдаг?Засгийн газрын 2016 оны  мөрийн хөтөлбөрөөр гаднаас  ажиллах хүчийг авахдаа  50 хувиар бууруулна гэж  заасны дагуу 2018 оны жилийн эцсийн байдлаар 41.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2019 онд  дахин  20 хувиар бууруулахаар зорилт тавьсан.  БНХАУ-ын ажилчдын тоо 2016 оноос хойш эрс цөөрсөн. 2016 оны жилийн эцсийн байдлаар  26 мянган иргэн орж ирсэн бол  өнөөдрийн байдлаар 10400 болтлоо буурсан байна. Мөн үүнтэй холбоотой нэмэлт зүйл хэлэхэд гадаадаас авах  ажиллах хүчний мэргэжлийн зэрэглэлээс  хамаарч ялгаатай тогтолцоог сонгох, тоог тогтоох, гадаад иргэнийг ажлын байранд сонгон шалгаруулах, байршуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах хүлээн авахтай холбоотой асуудлыг шинэчлэн зохицуулсан. Мөн гадаадаас ажилтан авсан ажил олгогч дотоодын ажил хайгчийн ажлын байранд  дагалдуулан  сургах, ажлын байраар хангах үүргийг шинээр тусгасан байгаа.

-Тэгвэл шинэ хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Одоо хуулийн  төслийн эхний хувилбар гараад бид санал авч байгаа. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл дээр хаврын чуулганаар батлуулна гэсэн  төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Э.БУРАМ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж