Б.Ундармаа: Капитал дампуурахад улс төр орсон

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Б.Ундармаа: Капитал дампуурахад улс төр орсон

16.00 цагт:

Монголбанкнаас “Капитал” банк дампуурсныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, ЭМДЕГ-аас тус банкинд байршуулсан мөнгөө нэхэмжлэхээр болжээ.

“Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМДС) 135 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө “Капитал” банкинд байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) бие даан байгуулагдсанаар ЭМДС-аас “Капитал” банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна. Харин хадгаламжийн хүү болох найман тэрбум төгрөгийг Төрийн санд авсан ажээ.

Ч.ХҮРЭЛБААТАР: КАПИТАЛД ТӨРИЙН 340 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙРШИЖ БАЙСАН

15.00 цагт:

Монголбанк өчигдөр  мэдэгдэл хийн, Капитал банк дампуурсныг зарласан. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.04.09/дээрх үйл явдалтай холбогдуулж, мэдээлэл хийлээ.

Энэхүү мэдээллээр Капитал банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байжээ. Тодруулбал,  Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус, тус энэ банкинд байршиж байжээ.

Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үед байршуулсан байсан гэдэг мэдээллийг тэрбээр онцоллоо.

Түүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байсан аж. Нийт дүнгээрээ  340 орчим тэрбум төгрөгт хүрэх юм байна.

Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болсноос эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд тайлбарлалаа. Мөн хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол хохирол өсөх байсан гэлээ.

Онцолход,  тус банкны зээлдэгчид зээлээ эргүүлэн төлнө.  Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт албан бичиг илгээн, Банкны тухай хуулийн 71.1-т зааснаар 60 хоногийн дотор эрх хүлээн авагчид дээрх хохирлуудыг  барагдуулах хүсэлт буюу нэхэмжлэлээ гаргах үүрэг өгнө” гэж хэллээ.

Б.УНДАРМАА: БАНК ДАМПУУРАХАД УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ ОРСОН

13.00 цагт: 

Монголбанкнаас "Капитал" банкийг татан буулгах шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас зарим зүйлийг тодруулах гэсэн боловч тэрбээр "Би "Капитал" банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ ийм шийдвэр гарсан нь улс төрийн нөхцөл байдал орсон гэж бодож байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр энэ асуудлаар ямар нэг тайлбар хийхгүй, ийм шийдвэр гаргасан Монголбанк өөрсдөө тайлбар хийх ёстой гэлээ.

С.ЧИНЗОРИГ: КАПИТАЛД НДС-ГИЙН 101 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙСАН

"Капитал" банкийг татан буулгаж байгаагаа Монголбанк өчигдөр зарласан. Тус банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж байсан эсэх талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос тодрууллаа. 


-"Капитал" банк татан буугдлаа. Тухайн банкинд төрийн сангийн хэдий хэмжээний мөнгө байршиж байсан бэ?

-Монголбанктай ярилцаж байгаад эхний ээлжинд иргэдийн хадгаламж, сангуудын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна гэсэн ойлголттой байгаа. Нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг ямар хугацаанд  барагдуулах талаар ярилцаж байна. Тус банкинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд байршуулсан. Үүнээс одоогоор 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байсан.

Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 280 орчим тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч одоогоор 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ 101 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд буцаан авах графикийг Монголбанктай хамтран гаргана. Үүний дагуу буцаан төлөлт  хийгдэнэ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын сан болоод төрийн сан ямар нэг эрсдэлд орохгүй.

-Буцаан авна гэхээр "Капитал" банкны эзэмшигчдээс авна гэсэн үг үү, эсвэл?

-Монголбанк тухайн банкны эрх хүлээн авагч учраас төлнө. "Капитал" банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт аргаар эрх хүлээн авагч нь  хохирлыг барагдуулна. Тиймээс Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна.

-Төрийн сангийн мөнгөнүүдийг өөр ямар банкуудад байршуулж байгаа вэ?

-Намайг сайдаар томилогдоход жижиг арилжааны банкуудад байршиж байсан. Түүнээс хойш өөрчилж, ХААН, Төрийн банкинд нийгмийн даатгалын хөрөнгийг байршуулахаар ажилласан. Бусад сангийн үлдэгдэл дээр эрсдэл хүлээхгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж