Сингапурын хууль сахиулах байгууллагынхан 38.7 сая ам.доллараар үнэлэгдэх хуягт гүрвэлийн хайрсууд Вьетнам руу хууль бусаар зөөвөрлөж байсныг илрүүлэн хураан авчээ. Тус улсын гаалийн ажилтнууд Нигерээс Сингапураар дамжиж буй, "хөлдөөсөн үхрийн мах" гэсэн бичигтэй, 12.2 метр урт (40 фут) чингэлгийг шалгасан байна.
Энэхүү 14 тонн чингэлэгт тус бүр нь 180 кг жинтэй, 230 уут хуягт гүрвэлийн хайрс болон зааны тайрсан соёонууд байжээ. 14 тонн нь Африкийн гурван заан болон найман ширхэг “Тоёота Камри”-тай тэнцэх хэмжээ аж.
Панголин буюу хуягт гүрвэл нь дэлхий дээр хамгийн их хууль бусаар худалдагддаг амьтдын нэг юм байна. Шоргоолжоор хооллодог энэ амьтан кератин (уураг)-аар баялаг тул Хятад, Вьетнамд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг, астма болон хорт хавдрыг анагаадаг гэж үздэг ч анагаахын шинжлэх ухаанаар баталгаажигдаагүй байна. Ийнхүү эрэлт хэрэгцээнээс шалтгаалан хуягт гүрвэл дэлхийн ховор амьтдын тоонд оржээ.
Дэлхий дээр найман төрлийн хуягт гүрвэл байдаг бөгөөд үндэсний болон олон улсын хуулиар хамгаалагддаг байна. Панголин, түүний махыг хууль бусаар хил давуулан худалдаалах нь маш их ашигтай бизнес бөгөөд түүнийг таслан зогсооход бэрхшээлтэй байдаг аж.
Энэтхэгт нэг ширхэг хуягт үлэг гүрвэлийн үнэ ядуу өрхийн “амьдралыг өөрчлөх"-д хангалттай хүрэлцэх аж. Ямар нэгэн аюул нүүрлэсэн үед өнхрүүш мэт болдог энэ амьтан харамсалтай нь анчдын хувьд амархан олз болдог байна. Энэтхэгт энэ амьтныг агнахыг хуулиар хоригложээ.
Нэг хуягт гүрвэлийн үнэ анчдын нэг жилийн цалинтай тэнцдэг аж. Африкт дөрвөн зүйл хуягт гүрвэл байдаг бөгөөд агнахыг мөн хуулиар хориглодог байна.
Сингапур, Хонконг зэрэг Азийн томоохон орнуудын боомтуудаар хуягт гүрвэлийг хууль бусаар хил давуулах оролдлого гарсаар байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Хонконгийн хууль сахиулах байгууллагынхан 8 сая ам.долларын үнэ бүхий ховордсон амьтны гаралтай эд зүйлс хураан авсан байна. Тухайн үед Нигерээс "хөлдөөсөн үхрийн мах" нэртэй ачаанд найман тонн хуягт гүрвэлийн хайрс, 2.1 тонн зааны соёо байсан аж.
Сонирхуулахад, хуягт гүрвэл Зүүн Өмнөд Ази, Экваторын бүс болон Өмнөд Африкт байдаг аж. Эдгээр амьтад шүдгүй боловч маш хурц хумстай, урт сүүлтэй. Панголин гэдэг нь малайз хэлнээс орчуулбал “бөмбөлөг болон хувирагч” гэсэн утгатай ажээ.
Эх сурвалж: CNN