Сэлэнгэ аймгийн “Таван хан” бөхийн дэвжээ үүсгэн байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо “Ирээдүйн Аварга” өсвөрийн бөхчүүдийн аварга шалгаруулах барилдаан болжээ. Мөн Улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ онд таван жилийн ой нь тохиож байгаа “Таван хан” дэвжээнийхэн Сэлэнгэ аймгаасаа ирээдүйн аваргуудыг төрүүлэх зорилгоор Ирээдүйн аварга өсвөрийн бөхийн барилдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулж, аваргуудаа тодруулсан байна. “Ирээдүйн Аварга” хүүхдийн барилдаан гурван үе шаттай явагджээ. Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 35 сургуулийн 1200 гаруй хүүхдүүд оролцсон байна. Тэмцээний гуравдугаар шатны шалгаруултад хоёр насны дөчин хүүхэд тойргийн журмаар барилдсанаас 10-12 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын сурагч Б.Маргад-Эрдэнэ, 13-15 насны ангилалд Цагааннуур сумын сурагч Балжинням нар түрүүлжээ. Мөн энэ үеэр Уран барилдаант бөхөөр- Э.Тундас /Сүхбаатар сум/, уран гараа дэвээтэй бөхөөр- А.Золжаргал /Сүхбаатар сум/, дайчин барилдаант бөхөөр Н.Мөнгөндөлгөөн /Ерөө сум/ нар шалгарсан байна.
Ахлах нас буюу 13-15-н насны ангилалд уран барилдаант бөхөөр Э.Алтанбаяр /Цагааннуур сум/, уран гараа дэвээтэй бөхөөр Б.Эрхэмбаяр /Ерөө сум/, дайчин барилдаант бөхөөр Мөнхгэрэл /Сайхан сум/ нар шалгарлаа.
Д.ЦЭЦ