Дэлхийн уулзалтад Монголын эмч нар…

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Дэлхийн уулзалтад Монголын эмч нар…

Өнгөрөгч  гуравдугаар  сарын  8-10  өдрүүдэд Латви улсын нийслэл Рига хотод зохион  байгуулагдсан  Нярай  болон  Ургийн Эрүүл мэндийн олон улсын форумд Монголын  нярайн  эмч  мэргэжилтнүүд  амжилттай  оролцлоо. Тус арга хэмжээг Монголдэлхийд  алдартай  нярайн  эмч,  эрдэмтэд  хуран  чуулж  орчин  үеийн эмчилгээний ололт амжилтын талаар харилцан туршлага солилцсон юм. Монголоос энэхүү  арга  хэмжээнд  6  эмч  хамрагдсан бөгөөд эмч мэргэжилтнүүдийг олон улсын  эрдэмтэдтэй уулзаж туршлага солилцох, мэдээлэл авах таатай боломжийг Монгол  Эм  Импэкс  Концерн олгосон байна. Энэхүү форумд оролцсон эмч нарын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа эрхэм уншигч танд хүргэж байна.


Ч. НАРАНЦЭЦЭГ
ЭХЭМҮТ Хүүхдийн эмнэлэг, Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч

Бид  Монгол  улсаас  нийт  6  эмчийн бүрэлдхүүнтэй яваад ирсэн. Үүнд нярайн эмчийн  мэргэжлээр  4 эмч, эх барих  эмэгтэйчүүдийн 2 эмчийн бүрэлдэхүүнтэй явсан.  Би  ЭХЭМҮТ. Нярайн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажилладаг, энэ  сайхан  мэргэжлээрээ  17  жил тасралтгүй ажиллаж байгаа. Нярайн салбар дэлхийд  өнөөдөр  ч  эрүүл  мэндийн хамгийн чухал  салбаруудын нэг юм.  Бид Монгол  улсдаа  энэ  салбараа  хөгжүүлэхийн төлөө, нярайн салбарт гарч буй шинэ  эмчилгээ  оношлогооны технологуудыг нутагшуулах, практикт хэрэглэгдэж эхлээд  байгаа  тоног төхөөрөмжөө бүрэн ашиглан бусад нярайн тусламж үзүүлж буй  2  дахь  шатлалын  эмнэлгүүдэд  боловсон хүчнийг бэлтгэх, онол дадлага хосолсон сургалтуудыг  хийхэд идэвхийлэн оролцдог. Манай байгууллага Монгол Эм  Импекс Концерн компанитай хамтран “Дутуу бага жинтэй нярайн эмчилгээний асуудал,  амьсгалын  менежмент,  сурфактант  эмчилгээ”  сэдвээр  4 удаагийн сургалтуулдыг хийсэн байна. Энэ жил Латви улсад зохион байгуулагдсан  Нярай болон  ургийн  анагаах  ухааны  форумд оролцсондоо туйлын их баяртай байна. Нярайн  салбарт  шинэ  залуу  эмч  нарын  тоо  жилээс  жилд өсөн нэмэгдэж, тэдгээрийг  сүүлийн  үеийн  шинэчлэгдсэн  мэдээлэлээр  тасралтгүй хангахад бидний  оролцсон  форум  онол  болон  дадлагыг  сайжруулахад  их хувь нэмэр оруулна  гэж  өндрөөр  үнэлж  байна.  Ялангуяа  бусад гадаадын улс орнуудын нярайн  эрчимт  эмчилгээний  тасгийн  талаарх  мэдээлэл,  эмчлэгдэж  байсан сонирхолтой  тохиолдолуудаа  танилцуулж  хоорондоо  зөвлөлдөж,  миний хувьд тохиолдолоор  илтгэл тавьж хэлэлцүүлсэн нь маш их ач холбогдолтой зөвлөгөөг гадаадын эрдэмтдээс авсан нь  бахархалтай байлаа.

Дээрх  форумаас олон шинэ мэдээлэл ялангуяа хэт дутуу нярайг төрөх өрөөнөөс эхлэн  амьсгалын  эмчилгээг  хэрхэн тогтвортой  дэмжих, дутуу төрсөн нярайд уушгин  дахь  хийн солилцоог хангахад гол шаардлагатай сурфактант эмчилгээг эрсдэл  багатай  LISA  аргыг ашиглан хийж байгааг онол болон дадлага гардан үйлдэл  хосолсон сургалтаар хийсэн нь цаашид сургалтанд явсан эмч нар маань орон  нутаг  болон  амаржих  газартаа  үргэлжлүүлэн  заах  боломжоор  бүрэн хангагдсан гэж үзэж байна.

Эмч бид нарын хувьд ажил амьдралд дээр тохиолдсон хүнд тохиолдолуудыг хэрхэн үр дүнтэй зөв эмчилгээний арга хэрэглэж сайжирсан байдал болон энэ тохиолдолууд өөр юун дээр анхаарах хэрэгтэйг олон орны тухайн салбартаа шилдэг эрдэмтдээс зөвлөгөө сургамж авна гэдэг бол энэ форумын туйлын  чухал бөгөөд практик ач холбогдолыг бидэнд өглөө.

Бид нярайн эмчийн мэргэжил, салбараараа бахархаж байна. Монгол улсын нярайн салбар  дэлхийн  түвшинтэй  дүйцэхүйц  тусламжийг  бид  үзүүлж  байгаа гэж итгэлтэй  хэлж  чадна.  Мэдээж  зарим  нэг  цөөн  тоног  төхөөрөмжийн хувьд хэрэгцээгээ  дагаад дутуу нярайд ялангуяа эрчимт эмчилгээнд удаан хугацаанд эмчлэгддэг  зэргээс  эдийн  засгийн хувьд зайлшгүй өндөр  өртөгтэй тусламж зарцуулагддаг  салбар  юм.  Монгол  улсад  Нярайн эндэгдэл жил тутам буурч байгаа  ч  энэ  салбарыг  хөгжүүлэхэд  хувь нэмэр оруулж буй , нойр хоолгүй ажилладаг,  мэргэжилдээ  чин  сэтгэлээсээ  ажиллаж  байгаа боловсон хүчнийг тасралтгүй  бэлтгэх  дэмжин  ажиллах нь  чухал гэж бодож байна.  Гэхдээ бид нар  өөрийнхөө  эмнэлгээр  шууд    дүгнэх  боломжгүй  орон  нутаг  аймгууд, нийслэлийн  амаржих  газруудад ч нярайн тусламжийн чанар ижил түвшинд  хүрч үзүүлдэг болохыг зорих хэрэгтэй.

Хэдийгээр  тоног төхөөрөмж чухал ч хүний нөөцийн хувьд залуу эмч мэргэжилтний мэргэжлийн чадавхийг байнга тасралтгүй дээшлүүлэх гэдэгт эмнэлгийн тусламж болон  салбарын  ахиц харагдах ёстой. Ямар ч хүний ажлын туршлагаас гадна шинэ мэдээллээс цаг тухайдаа хоцрохгүй өөрийгөө хөгжүүлж байх нь чухал гэж би дотроо үздэг. Иймд бидэнд энэхүү бололцоог хангаж форумд оролцуулсан Монгол Эм Импекс Концерны  хамт олонд баярласнаа илэрхийлье.

Монгол Эм Импэкс Концерн сүүлийн 8 жилийн хугацаанд ЭХЭМҮТ-тэй дутуу нярайн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр тасралтгүй, тууштай хамтран ажиллаж байна. Уг ажлын хүрээнд шинэ эмчилгээг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр дотоод хурал, сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдагт нь бид талархаж явдаг.

Л. ТУНГАЛАГ
Нийслэлийн Амгалан амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч

Нярайн эмч мэргэжилтэй эмчийн хувьд маш чухал хуралд оролцлоо. Олон шинэлэг мэдээлэл,  эмчилгээ  оношилгооны  амжилт,  цаашдын зорилтын талаар сонслоо. Баруун  европын орнуудын нярайн тусламж маш өндөр түвшинд хүрсэн байгаагаар үнэхээр  бахархаж,  бас атаархаж байсан шүү. Өөрийн орны нөхцөлд хэрэгжүүлж болох нярайн асаргаа, сувилгаа, эмчилгээний хэд хэдэн эмчилгээ арга барилыг суралцлаа. Эмч нартаа сургалт хийхээр төлөвлөж байна. Нэн түрүүнд нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон дутуу нярайн уушгины эмгэг, сурфактантын дутагдлыг сурфактантаар эмчлэх аргачлыг бүрэн нэвтрүүлэх, үр дүнг тооцох, судалгаа шинжилгээ хийхээр төлөвлөлөө. Мөн сурфактант хийх зөв арга барилд суралцах, бага жинтэй дутуу нярайд дэмжих асаргааг хийхийн ач холбогдлоор сургалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээнд нийтдээ 12 сэдвээр маш сонирхолтой хичээлүүд заагдахаар тусгагдсан байсан. Олон танхимд хичээлүүд зэрэг явагдаж байсан тул боломжоороо зургаан хичээлд суусан. Нярайд хамгийн түгээмэл тохиолддог эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ, ховор сонирхолтой тохиолдлуудын талаар мэдээлэл авсан. Бага жинтэй нярайд үзүүлэх тусламжийн байдалд манай улсад дэлхийн түвшинд хараахан хүрээгүй байна. Зарим нэг тоног төхөөрөмж, үнэтэй эм тариа дутагдалтай л байдаг. Гэхдээ монгол эмч нар өөрсдийн нөөц, мэдлэг, ур чадвараа гарган тусламжаа сайн үзүүлдэг. Хамгийн түрүүнд дутуу нярайн амьдрах чадварыг дээшлүүлэхэд нэн чухал шаардлагатай эмчилгээ болох сурфактант эмчилгээг зөвхөн хот суурин газар бус хөдөө орон нутагт нэг ижил хийдэг болвол олон нярайн амийг аврах боломж нээгдэнэ байх. Мөн зөвхөн эмчилгээ хийхээс гадна дэмжих асаргаа сувилгааг зөв хийх нь чухал гэдгийг ойлгуулж мэдүүлэх туйлын хэрэгтэй байна.

Энэхүү  олон  улсын форумд эмч нарынхаа багт орж оролцсондоо туйлын баяртай байна.  Форум  нь олон жил үргэлжилж байгаа, сургалтын хөтөлбөр, үйл явц нь сонирхолтой,  өндөр  түвшинд  зохион  байгуулагддаг,  барууны  болон Англи, Америкийн  шилдэг  эрдэмтэн  профессорууд  хичээл  заадаг маш өндөр түвшний хурал  байсан.  Дараагийн хурлын тов зарлагдаж, материалууд авахаар болсон. Одооноос материалаа бэлдэх ёстой байх гэж бодож байна. Энэхүү арга хэмжээнд Монгол  эмч  нараа  хамруулсан  Монгол  Эм  Импэкс  Концерны  хамтл  олонд баярласнаа илэрхийлье.

Ч. БУРМАА
Говь-Алтай аймгийн Нэгдсэн Эмнэлэг, Төрөх тасгийн нярайн эмч

Олон  улсын  томоохон  форумд  оролцож  Нярайн  болон  Ургийн  орчин  үеийн оношлогоо, эмчилгээний маш чухал мэдлэг, мэдээллийг энэ арга хэмжээнээс олж авсан.  Энэхүү  форумаар  европын  орны  оношлогоо,  эмчилгээ  манай  орны эмчилгээтэй  адил  төстэй  болон  ялгаатай  талууд  мөн давуу, сул талуудыг харьцуулж  ямар  зүйл  дээр  сайжруулах  хэрэгтэйг ойлгож авсан. Мөн нярайн болон  Ургийн  орчин  үеийн  эмчилгээний  тактик судалгаа шинжилгээний олон илтгэл,  судалгааны  ажлыг сонсож мэдлэг чадвараа нэмэгдүүллээ. Миний хувьд маш  үр  дүнтэй,  ач  холбогдолтой  арга  хэмжээ  болж өнгөрсөн. Тэр дундаа Куросурф  эмчилгээ, Эмсо аппараттай ажиллах зэрэг нь орон нутагт нэвтрүүлэх нь чухал юм байна.

Монголын  эмч  нар  маань  ур  чадвар,  эмчилгээнд  хэрэглэж буй эм бэлдмэл зэргээрээ  дэлхийн  түвшинтэй  мөр  зэрэгцэн  алхаж  байгаа  нь бахархалтай санагдаж байна.  Энэ том арга хэмжээнд эмч нараа хамруулж оюуны том хөрөнгө оруулалт хийсэн Монгол Эм Импекс Концерны хамт олонд баярласнаа илэрхийлье. Хэдийгээр  манай  эмч  нарын  ур чадвар сайн хэдий ч зарим эмчилгээний шинэ технологийг  нэвтрүүлэх  шаардлагатай  байгаа.  Тухайлбал  хүчил төрөгч цус дутмагшил  тархины  эмгэгшлийг эмчлэх Эсмо аппарат, хөргөх эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэхийг хүсч байна.

Энэ форумд оролцсоноороо Нярайн болон ургийн оношлогоо, эмчилгээнд нэвтрээд байгаа тоног төхөөрөмж, эм бэлдмэл, арга барилын талаар үнэхээр хэрэгцээтэй мэдээ мэдээллийг авлаа. Монгол Эм Импекс Концерны хамт олонд туйлаас баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж