Үхсэн үхрийн 20 тонн махыг Улаанбаатар хот руу оруулж ирэх гэж байхад нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид илрүүлжээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжиннямаас тодрууллаа.
-Үхсэн малын мах их хэмжээгээр оруулахыг завдсан үйлдлийг байцаагчид таслан зогсоосон тухай яригдаж байна. Зүй бусаар хорогдсон мал гэдгийг яаж мэдээд байна вэ?
-Манайх төрийн байгууллагуудтай хамтарсан шалгалт явуулдаг. Энэ үеэр үхсэн үхрийн мах хотод оруулж ирэх гэж байсныг илрүүллээ. Зөрчлийг өчигдөр /2019.4.8/ 16.40 цагийн үед илрүүлсэн. Тухайн мах нь туранхай, үхсэн малынх гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн тухайн махыг “Эмээлт” зах дахь “Цан-сент-И” гэх компанийн захиалгаар Баян-Өлгий аймгаас авчирсан байсан.
-Тухайн мах нь гарал үүслийн бичигтэй байсан. Тэгэхээр гарал үүслийн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн байсан гэсэн үг үү?
-Тухайн мах нь гарал үүслийн гэрчилгээтэй. Түүн дээр холбогдох газруудаар баталгаажилт хийлгүүлж, гарын үсэг зуруулсан байсан. Шинжилгээгээр үхсэн малын мах уу, нядалгаанд орсон малын мах уу гэдэг нь тодорхой болно.
-Шинжилгээний хариу гараагүй байхад яагаад үхсэн малын мах гэж үзэж байгаа юм бэ?
-Байцаагчдын үзэж байгаагаар шинж тэмдэг нь үхсэн малын мах байж болзошгүй байгаа юм.
-Тухайн махыг аж ахуйн нэгж захиалсан гэж байсан. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж үхсэн малын мах захиалсан гэсэн үг үү?
-Аж ахуйн нэгж болон иргэн нь гэрээ байгуулаад мах захиалсан байсан. Гэвч аж ахуйн нэгж нь ийм мах захиалаагүй гэдгээ мэдэгдсэн. Бэлтгэн нийлүүлэгч нь ямар мах нийлүүлснийг шалгаж, гарал үүслийн бичгийг хаанаас олгосон бэ гэдгээс эхлүүлээд тогтоох болно.
-Шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Шинжилгээг өнөөдөр авсан. Хариу гарахад тодорхой хугацаа шаардлагатай. Шинжилгээгээр үхсэн малын мах гэдэг нь тогтоогдвол махыг устгана.
Холбоотой мэдээ