Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл Мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын албаны улсын ахлах байцаагч Б.Байгалмаатай ярилцлаа. Тэрбээр охид бүсгүйчүүд сүүлийн үед тусгай зөвшөөрөлгүй гоо заслын эмнэлэг, салоноор үйлчлүүлснээр эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа талаар мэдээлэл өгсөн юм.
-“Тод Каннам” гоо заслын эмнэлэгт үйлчлүүлж байсан эмэгтэй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ер нь НХМГ-т гоо заслын эмнэлэгт үйлчлүүлж, эрүүл мэндээрээ хохирсон гомдол хэр ирдэг вэ?
-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гомдол, санал ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2019 оны төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс гоо заслын эмнэлгүүдэд хийсэн. Шалгалтын үеэр тус эмнэлэгт гурван том зөрчил илэрч, нийслэлийн Эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комисст тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг хүргүүлсэн байхад ийм харамсалтай хэрэг гарсан.
Ихэнх тохиолдолд гоо сайхны эмнэлгүүд бус салоны үйлчилгээтэй холбоотой гомдлоор хүмүүс ханддаг. Охид, бүсгүйчүүд маань фэйсбүүк болон зар сурталчилгаа хараад л “Тэнд сайхан болгодог гэнэ” гээд судалж үзэлгүйгээр үйлчлүүлчихдэг. Тэгээд гоо сайхны мэс засал нь амжилтгүй болж, гоо сайхнаараа хохироод ирэхээр манайд ханддаг. Бид тус газар нь очоод шалгаж үзэхээр тусгай зөвшөөрөлгүй, гоо сайхны салон байдаг.
-Сүүлд гоо сайхны салонд мэргэжлийн бус хүнээр хагалгаа хийж, эрүүл мэндээрээ хохирсон өөр тохиолдол гарсан уу?
-Өнгөрөгч 2018 онд нэг иргэн сошиалд зар байршуулж, гэртээ охид, бүсгүйчүүдийн хөх, өгзөгөнд үл мэдэг бодис шахсан хэрэг гарсан. Үүний улмаас нэг эмэгтэй эрүүл мэндээрээ хохироод байна. Энэ хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд, мэргэжлийн бус хүнээр гоо заслын үйлчилгээ хийлгүүлсэн гэсэн үг л дээ. Үүний улмаас охид, бүсгүйчүүд хөхөө тайруулж, эрүүл мэндээрээ хохирч байна.
Тиймээс охид, бүсгүйчүүддээ анхааруулж хэлэхэд гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрөл авсан, эмч мэргэжилтэнүүд нь мэргэшсэн байх ёстой. Мөн тоног төхөөрөмж нь баталгаатай, мэс ажилбар нь оношлогоо эмчилгээний стандартын дагуу эмнэлзүйн заавраар хийгддэг гэдгийг анхаараарай. Гоо сайхны эмнэлэг, салоноор үйлчлүүлэхээсээ өмнө сайн судалж, “Танайх гоо сайхны газар юм уу, эмнэлэг юм уу” гэдгийг сайтар лавлаж асуух ёстой. Гоо сайхны газар нь тусгай зөвшөөрөлгүй, хүний арьс салстыг цоолох үйл ажиллагаа хийхгүй. Зөвхөн иллэг, хумс, нүүрийг гоёмсог болгох үйлчилгээ үзүүлнэ.
–Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гоо сайхны эмнэлгүүдэд төлөвлөгөөт шалгалтыг өнгөрөгч сард хийсэн гэж дуулсан. Уг шалгалтаар ямар ямар зөрчил илэрсэн тухай танилцуулбал?
-Нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 65 эмнэлэг бий. Эдгээрийн 57 нь өнгөрсөн сард хяналт шалгалтад хамрагдсан. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаагүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, хадгалалтын дэглэм алдагдсан 15 нэрийн 260 ширхэг 2.506.700 төгрөгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан, устгуулахаар шилжүүлэн ажилласан.
Зөрчлийг арилгахын тулд албан шаардлагаа хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар шийтгэврийн арга хэмжээ, нөхөн төлбөр тооцдог. Нийт хяналт шалгалтын дүнд 25 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 500 гаруй мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьсан.
А.СҮРЭН