Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46 дугаар зарлиг, Ерөнхий сайдын 2018 оны 95 дугаар захирамжаар өгсөн чиглэл, үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Олон улсын компьютерын кодчиллын стандартын байгууллага Юникод Консорциумтай хамтран “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хуралд БСШУСЯ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУА зэрэг төрийн байгууллага хамтран зохион байгуулагчаар оролцсон. Нийт 50 орчим хүн оролцсон ба Юникод Консорциум байгууллагаас 5 хүн, ӨМӨЗО-ны 8 судлаач хүрэлцэн ирж оролцсоны дээр зайнаас АНУ, Япон, ӨМӨЗО-ны 4 судлаач оролцож санал, байр сууриа хуваалцсан. Монгол Улсаас нийт 40 гаруй хүн эрдэмтэн, судлаачид оролцлоо. Монгол бичгийн юникодын Ажлын хэсгийн энэ удаагийн хурал нь 2018 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд АНУ-ын Сан Хосе хотноо Юникод Консорциумаас зохион байгуулсан 2 дугаар хурлын үргэлжлэл байлаа. Өмнөх 2 дугаар хурлаар монгол бичгийн юникодын кодчиллыг уламжлалт авиазүйн загвараар кодлох стандартыг баримтлана гэж тогтсон байсан. Өөрөөр хэлбэл, монгол бичгийг дүрслэлийн аргаар кодлож юникодын стандарт болгох тухай яриа, хэлэлцүүлэг дахиж яригдахгүй гэж тогтсон болно.
Энэ удаагийн хурлын зорилго нь:
- Монгол бичгийн үсэг бүтээх дүрмийг боловсронгуй болгох замаар авиазүйн загварыг хялбаршуулах, боловсронгуй болгох;
- Монгол бичгийн цэг, таслал, форматын удирдлагыг авч хэлэлцэх;
- Хэрэглэгчид хялбар дөхөм байх, харагдац сайтай, тогтвортой, бүрэн нийцэлтэй монгол бичгийн кодчиллын дүрэм боловсруулах зэрэг асуудал байсан.
Монгол Улсын талаас “Монгол бичгийн юникодын тэмдэгтийн хүснэгт дэх хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарын дутагдалтай байдал”, “Монгол бичгийн хувилбар сонгогчууд, тэдгээрийн дарааллын тайлбарыг боловсронгуй болгох нь”, “Монгол хэлний юникодын блокыг боловсронгуй болгох нь” сэдвээр судлаач Б.Энхдалай, “Фонетикийн тунгаамал загвар” сэдвээр Болорсофт компанийг төлөөлж С.Бадрал, “Баг өөрчлөлттэй манай шийдлийн хэрэгжүүлэлтийн удиртгал: Тогтвортой, нэгдсэн кодчилолд хүрэх нь” сэдвээр ӨМӨЗО-ны Үндэсний хэрэг эрхлэх хорооны мэргэжилтэн Лианг Жингбао нар гол илтгэлийг тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улс бөгөөд ӨМӨЗО-ны судлаачдын зүгээс харилцан санал нийлж байгаа чиглэл нь удирдах тэмдэгтүүдийн хэрэглээний нарийвчилсан дүрэмтэй болох, зарим удирдах тэмдэгтийг ашиглахаас аль болох татгалзах, тухайлбал, NNBSP-ийн оронд MVS-ийг ашиглах, ингэснээр текст шивэх процессыг түргэвчлэх, улмаар компьютер хооронд файл, баримт бичиг солилцоход формат, хэв хэлбэр алдагддаг гэсэн шүүмжлэл, асуудлыг шийдэж бололцоо нээгдэж байна гэж харж байна.
Юникодын консорциум байгууллагын зүгээс Монголын болон ӨМӨЗО-ны судлаачдын талаас гаргаж байгаа саналуудыг бүрэн хамруулахыг хичээнэ, маш уян хатан байр суурьтай хандана гэдгээ илэрхийлсэн. Харин Монгол Улс бөгөөд ӨМӨЗО-ны судлаачид саналаа нэгтгэж, нэгдсэн байр сууринд хүрэх нь чухал гэдэг нь хурлын үйл ажиллагаа бөгөөд хурлын дүгнэлтэд дурдсан. Зарим нэг санал тухайлбал, эм үгийн Х, Г үсгийг тусад нь үсэг болгож кодлох гэсэн саналыг Болорсофт компаниас гарсан. Гэхдээ энэ саналыг монгол талын хэлний талын эрдэмтэд, ШУА, ӨМӨЗО-ны төлөөлөгчид дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Нэгэнт шинэ зүйл санаачилаагүй, одоогийн байгаа юникодын хүснэгтэд эрс шинэчлэл хийгдэхгүй, харин одоогийн байгаа авиазүйн загварыг боловсронгуй болгох тухай ярьж хэлэлцсэн учраас нэгдсэн шийдэл, үр дүнд хүрэх дөхүүтэй байсан.
Хурлын үйл ажиллагаа, хэлэлцэж буй асуудалд зөвхөн дээрх төрийн байгууллагууд төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр ач холбогдол өгч 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Юникод Консорциум байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч тэдний үйл ажиллагаа, хурлын үр дүнг өндөрөөр үнэлэн, цаашид монголын эрдэмтэн, судлаачид, холбогдох байгууллагуудтай ойр нягт хамтран ажиллах, монгол бичгийн цахим кодчилолын асуудлыг үр ашигтай, хэрэглэгчдэд хялбар байх талаар шийдвэрлэх, цахим орчинд саадгүй аливаа сайдгүй хэрэглэдэг болох тал дээр анхаарахыг хүссэн.
Иинхүү “Монгол бичгийн юникодын ажлын хэсгийн 3 дугаар хурал”-ын дараах дүгнэлт, үр дүн гарлаа. Үүнд:
Дүгнэлт (Summary):
Хурлаас дараах ерөнхий дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
Нөхцөл, дагаврыг удирдах таслахгүй нарийн зайг удирдах тэмдэг (NNBSP) талаар: Монгол улс, ӨМӨЗО-ны талууд таслахгүй нарийн зайн удирдах тэмдэг буюу NNBSP-ийн хэрэглээ ихээхэн асуудал дагуулж байгаа талаар байр сууриа илэрхийлж, түүнийг хэрэглэхгүй байх талаар ижил байр суурьтай байлаа.
Эгшиг тусгаарлалтын удирдах тэмдэг MVS талаар: Хуралд оролцогдын зүгээс MVS удирдах тэмдэгтийн дүрмийг илүү нарийвчлан тодорхойлох шаардлагатай гэсэн байр суурийг дэмжсэн. Байж болох хувилбаруудыг цаашид судалж санал боловсруулах шаардлагатай.
Нээллтэй эхийн хувиргалын дүрэм ба туршилтын багц: Нээллтэй эхийн хувиргалын дүрэм ба туршилтын багц бий болгох нь үр ашигтай гэсэн байр сууринд хүрсэн. Цаашдийн бэлтгэл ажлуудыг дуусгаж бэлэн болгох шаардлагатай гэсэн дүгнэлтийг хурлаас гаргалаа.
Үр дүн (resolution):
Хурлын үр дүнг дараах байдлаар томъёолж байна. Үүнд:
Тусдаа үсэг бий болгох (Character disunification): Тунгаамал загвар илтгэлээр дэвшүүлсэн тусдаа үсэг бий болгох санал нь дэмжихүйц санаа биш байна. Учир нь, тусдаа үсэг гаргаваас энэ нь ӨМӨЗО-ны үсгийн дүрмийн өнөөгийн хүрсэн түвшинийг үлэмж хэмжээгээр хойш татах сөрөг үр дагавартай байна.
Удирдах тэмдэг (Format control characters): Монгол бичгийн удирдах тэмдэгтүүдээр үсэг бүтээх дүрмийг нарийвчлан боловсруулах шаардлагатай. Энэ талаар холбогдох талууд тохиролцоонд хүрч шаардлагатай баримт бичгийн төслийг боловсруулна.
Баримт бичгийн боловсруулалтыг сайжруулах. Харилцан нийцэлтэй, хөрвөх чадвартай шийдэл бий болгох нөхцлийг бүрдүүлэхийн тулд кодчилол, үсгийн дүрс хувиралын дүрмийг илүү нарийвчилж стандартчилах хэрэгтэй байна. Дүрмийг Юникодын тэмдэгтийн хүснэгтийн түвшинд томъёолох нь зохих нарийн дүрэм болж чадахгүй юм.
Хувилбар сонголтын FVS удирдах тэмдэгийн харагдах байдал. Анхны утгаар (by default) хувилбар сонголтын FVS удирдах тэмдэгүүд нь харагддаг байх нь илүү тохирожтой юм. Харин бичвэрийн үсэгт нөлөө үзүүлэх үед үл харагддаг байх нь тохиромжтой.
Нуруу ба тэг-урттай холбогч (Nirugu or ZWJ): Нуруу болон тэг-урттай холбогчийн алинийг ч бие даасан хэлбэр болон товчилсон үгэнд ашиглаж болно.
Нураа ба тэг-урттай холбогчийн (Nirugu or ZWJ) үгийн дотор хэрэглэгдэх нөхцөл. Нуруу ба тэг-урттай холбогчийн үгийн дунд ил байдлаар, хаах, оролцооний үүргээр оролцох үеийн дүрмийг нарийвчилан тодорхойлох шаардлагатай байна.
Байрлалын үл зохицол (Positional mismatching). Монгол бичгийн залгавруудын байрлал харилцан адилгүй байгаа асуудлыг шийдвэрлэх санал бэлтгэх шаардлагатай.
Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР