Дунд шөвөгт Английн премьер лигийн 4 баг багтсан бөгөөд тэдний 2 нь болох Манчестер Сити болон Тоттенхэм Хотспур клубууд хоорондоо таарсан. Тэд Европын дэвжээнд анх удаагаа учраа таарч байгаа нь энэ юм. Хоёр баг 10 хоногийн дотор 3 удаа тоглоно. Өнөө шөнө аваргуудын лигийн хүрээнд эхний тоглолт Тоттенхэм Хотспур клубын талбайд хийх бол хариу тоглолтоо 7 хоногийн дараа Манчестер Сити клубын талбайд тоглоод 4 сарын 20-нд дотоодын лигийнхээ ээлжит тоглолтоо мөн Манчестер Сити клубын талбайд хийнэ. Энэ улирал Тоттенхэм Хотспур клуб тийм ч сайн формтой байж чадахгүй байгаа бөгөөд премьер лигийн хүрээнд хоёр баг эхний тоглолтоо өнгөрсөн 10 сард хийхэд Манчестер Сити клуб хожиж байсан. Манчестер Сити клубын форм үнэхээр гайхалтай байгаа бөгөөд хурдтай, богинын дамжуулалт, сөрөг довтолгоогоор олон багийг буулган аваад байгаа. Иймд Тоттенхэм Хотспур клубын хувьд Испани мэргэжилтэн П.Гуардиолагаар удирдуулсан Манчестер Сити клуб маш хүнд өрсөлдөгч байх болно.
Тоттенхэм Хотспур клуб дотоодын лигтээ хүснэгтийн 3-рт байгаа боловч маш эрсдэлтэй, магадгүй аваргуудын лигийн эрхийг алдаж ч болохуйц байгаа. Учир нь аваргуудын лигийн эрхийн төлөө Арсенал, Челси, Манчестер Юнайтед клубууд тун хүчтэй өрсөлдөж байгаа ба оноо маш ойрхон байна. Ерөнхийдөө Тоттенхэм Хотспур клубын форм унаж байгааг илтгэх үзүүлэлт бол лигийнхээ сүүлийн 5 тойргийн тоглолтоос ганцхан хожил авснаас харж болно. Европын дэвжээнд энэ улирал хүчирхэг багуудтай таарч боломжийн тоглолт үзүүлэн хэсгээсээ шалгарч хасагдах шатны эрхээ авсан. Хасагдах шатанд Германы шилдэг клуб Боруссиа Дортмунд клубыг буулган авч дунд шөвөгт шалгараад байгаа ч өнөөгийн форм нь Тоттенхэм Хотспур клуб хүчирхэг Манчестер Сити клубыг зогсоох хэмжээнд байгаа гэж харахгүй байгаа.
Тэгвэл тэдний өрсөлдөгч Манчестер Сити клуб урьд урьдны жилүүдээс илүүтэй энэ улирал аваргуудын лигт нэгийг дуулгаж магадгүй байна. Английн Карабао цомд түрүүлж хэдий нь энэ улирлын ээжлит цомоо хүртээд буй Манчестер Сити энэ улиралд 2 эсвэл 4 цом ч хүртэх боломжтой. Английн цомын АШТ-ий шигшээд шалгараад байгаа бол мөн премьер лигтээ Ливерпүүл клубын хамтаар аваргын төлөө өрсөлдөж байгаа. Нэг тойргийн тоглолт дутуутай Ливерпүүл клубээс 2 онооны ард лигийн хүснэгтийн 2-р байранд бичигдэж байна. П.Гуардиола энэ улирал Испаний Барселона клубын хамтаар 2008-2009 онд хүртэж болох бүх цомд түрүүлсэн амжилтыг давтах ч боломжтой. Манчестер Сити клуб шөвгийн 16-д Германы Шальке-04 багийг буулган авсан бөгөөд хариу тоглолтондоо өрсөлдөгчийнхөө хаалганд 7 гоол оруулж “наадсан”.
Ямартаа ч энэ шатанд Английн 2 багийн хүч тэнцвэргүй тоглолт болно. Тоттенхэм Хотспур клубээс Э.Ламела, Э.Дайер нар бэртлийн улмаас оролцохгүй бол Ф.Льоренте, С.Аурер нар оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Харин Манчестер Сити клубээс К.Браво, О.Зинченко нар оролцох боломжгүй болсон. Хоёр багийн эхний тоглолт Тоттенхэм Хотспур клубын талбайд болох бол хариу тоглолт Манчестер Сити клубын талбайд болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ