Харилцаа холбоо, технологийн салбарын өрсөлдөөн цаг минутаар хэмжигдэж, шинэ өөрчлөлт, дэвшлүүд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлж, амьдралын салшгүй хэсэг болж байна. Богино хугацаанд илүү ихийг амжуулах зорилго нь энэ салбарын тэргүүн зорилт бөгөөд үүний нэг илрэл нь 5G сүлжээ юм. 5G сүлжээг харилцаа холбоо технологийн тав дахь үе гэж ойлгож болох ба одоогийн 4G технологийг орлох технологийн дэвшлийн дараагийн үе шат юм. 4G нь 3G-г халж гарч ирсэн бол, 3G нь 2G-г гэх мэт шат дараатайгаар хөгжин дэвшиж байгаа билээ. Өмнөх эрин үеүдийг бодвол 5G нь бусдаасаа хэдэн арав дахин хурдан бөгөөд дан ганц харилцаа холбооны үүрэг гүйцэтгэх биш үйлдвэрлэл үйлчилгээ, зам тээвэр, бүтээн байгуулалт, эрүүл мэнд, энтертайнмент гээд бүхий л салбаруудыг хамарсан цогц технологи гэдгээрээ давуу талтай юм. Өөрөөр хэлбэл, 5G технологийн тусламжтайгаар дэлхий ертөнц тэр чигтээ нэг сүлжээн дор нэгдэн, програмчлагдах боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Уг технологийн хамгийн том ололт бол мэдээж хурд. Хурд гэдэг бол бүх зүйлийн эхлэл. Бид одоо 4G сүлжээгээр хоёр цаг орчмын бүтэн киног нэг цагийн хугацаанд татдаг бол 5G сүлжээ нэвтэрснээр хэдхэн секундэд киногоо татан үзэх боломж нээгдэнэ. Үүнтэй нэгэн адил аливаа зүйлийг цаг хугацаа алдалгүй хийж гүйцэтгэнэ гэдэг нь мөнгө санхүү, эрчим хүч, хүний хөдөлмөр гээд бүхнийг хөнгөвчилж, хэмнэнэ гэсэн үг. Утасгүй сүлжээний экспертүүдийн хэлж байгаагаар 5G нь мэдрэгч сүлжээнүүдийн тусламжтайгаар ирээдүйн "ухаалаг хот" бий болгоход тусална гэж үзэж байна. Ингэснээр автомашины замын хөдөлгөөнийг хянах, гудамжны гэрлийн саатлыг хурдан илрүүлэх юм байна.5G нь мөн өөрөө жолоодлоготой автомашинууд, виртуал бодит байдлын шинэ технологиудыг дэмжих гэнэ. Хол зайнд байгаа хүмүүс виртуаль орчинд зөвхөн бие биесээ харах биш, бодитоор уулзаж байгаа мэт бусад мэдрэмжүүдийг ч мэдрэх боломжтой болох аж. Өндөр хурдны 5G нь анагаах ухаанд алсын зайнаас мэс засал хийх боломжийг эмч нарт олгох бөгөөд Хятадын эмч нар энэ мэс заслыг анх удаа 3000 зайнд байгаа өвчтөнд хийсэн билээ.
Ийнхүү бараг бүхий л салбарт 5G сүлжээ нэвтэрснээр ажлын бүтээмж огцом нэмэгдэж, 2034 он гэхэд дэлхийн эдийн засагт 565 тэрбум ам.долларын ашиг авчирна гэсэн тооцоо байна.
Энэ мэтчилэн 5G технологийн ач тусыг дурдаад дуусахгүй. Гэвч төгс зүйл гэж байдаггүй учир сул тал буюу эрсдэл ч мөн бий. 5G технологи нэвтэрснээр урьд өмнө нь байгаагүй их хэмжээний мэдээлэл, илүү олон төрлийн өгөгдлийн сүлжээ бий болно. Тэрхүү мэдээллийн өгөгдөл нь хувь хүн, бизнес, төр засгийн байгууллагуудын хувийн мэдээллийг агуулна. Өгөгдлийн урсгал ингэж нэмэгдэх нь хакерчдад өгөдлийг зүй бусаар ашиглахад илүү боломж нээж өгнө гэсэн үг юм. Хэрэв системийн томоохон гэмтэл гарсан тохиолдолд олон нийтийн аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт нөлөөлөх сөрөг талтай. Төр засгийн систем доголдвол үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирна, Мөн эмчийн алсын зайн мэс засал хийгдэж байхал сүлжээнд гэмтэл гарвал өвчтнийг үхэлд хүргэж ч болзошгүй. Эсвэл өөрөө жолоодлоготой автомашин осолдож болзошгүй зэрэг асуудлууд байгаа юм. Тиймээс дэлхийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн томоохон компаниуд уг технологийг аль болох хамгийн эрсдэл багатай, найдвартайгаар нэвтрүүлэхээр өрсөлдөж байгаа билээ.
БНСУ дөрөвдүгээр сарын 4-ний өдөр дэлхийд анх удаа үндэсний хэмжээнд 5G сүлжээ нэвтрүүлснээ зарлаад байна. Тус улсын “SK Telecom”, “KT” болон “LG Uplus” зэрэг харилцаа холбооны компаниуд тухайн өдөр орон нутгийн цагаар 23.00 цагаас 5G утасгүй интернетийн сүлжээг үйлчилгээндээ ашиглаж эхэлжээ. Ийнхүү БНСУ нь АНУ болон БНХАУ-г ардаа орхиж 5G сүлжээний өрсөлдөөнд тэргүүлсэн юм.
Мөн маргааш өдөр нь “Samsung Electronics” компани дэлхий дээрх харилцаа холбооны тав дахь үеийн технологиор бүтээсэн “Galaxy S10 5G” ухаалаг гар утас гаргасан. Европ болон барууны өндөр хөгжилтэй улсууд 5G технологи нэвтрүүлэхэд “ZTE” болон “Huawei” зэрэг БНХАУ-ын компаниудын төхөөрөмжийг ашиглахыг хориглож байгаа энэ нь 2020 он гэхэд үүрэн холбооны зах зээлийн 20 хувийг эзлэх төлөвлөгөөтэй “Samsung” компанийн стратегитай цаг хугацааны хувьд давхцаж байна. Тус компани өнгөрсөн зургаадугаар сард АНУ, Япон зэрэг 5G сүлжээ нэвтрэх нь тодорхой болоод байгаа улсуудад бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэх эхний гэрээнүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ зарласан. БНСУ-ын “KOSPI” индекст хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг “Samsung Electronics” компани 5G сүлжээг хөгжүүлэхэд 25 их наяд вон буюу ойролцоогоор 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Одоогоор тус компани Европын харилцаа холбооны стандартын институтэд хамгийн олон патент бүртгүүлсэн компани болоод байгаа юм.
Холбоотой мэдээ