"Капитал"-ын харилцагчдын 20 сая хүртэлх хадгаламжийг нөхөн төлнө

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

"Капитал"-ын харилцагчдын 20 сая хүртэлх хадгаламжийг нөхөн төлнө

"Капитал"-ын харилцагчдын 20 сая хүртэлх хадгаламжийг нөхөн төлнө

Капитал банк дампуурсныг өчигдөр /2019.04.08/ Монголбанкнаас зарлаж, эрх хүлээн авагч томилсноо мэдэгдсэн. Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн 80 хувьтай тэнцэж байгаа.  Мөн Капитал банкинд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256 мянган хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан байгаа аж. Иймээс хадгаламж эзэмшигчид болон харилцагчидтай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна.


Капитал банкин дахь харилцах, хадгаламж даатгалд хамрагдсан уу?

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа таны эзэмшдэг 20 сая хүртэл төгрөгийн

  • Бүх төрлийн хугацаатай, хугацаагүй хадгаламжийн данс
  • Бүх төрлийн харилцах данс /цалин, тэтгэвэр, карт гэх мэт/
  • Бүх төрлийн гадаад валютын данс

хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм.

Даатгалд хамрагдахын тулд хадгаламж эзэмшигч ямар нэгэн төлбөр хураамж төлөх үү?

Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны харилцдаг банк тань хуульд заасны дагуу таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлдөг.

Даатгагдсан, даатгагдаагүй хадгаламжийн ялгаа юу вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг болон валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө.

Даатгагдаагүй буюу 20 сая төгрөгөөс давсан дүнтэй харилцах, хадгаламжийг банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтаас хувь тэнцүүлэн барагдуулна. Хэрэв харилцагч 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламж эзэмшдэг бол тухайн харилцагчийн хадгаламжийн дансны 20 сая төгрөг нь даатгагдсан, үлдсэн хэсэг нь даатгагдаагүй бөгөөд эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана гэсэн үг.

КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖИЙН ДАНС ЭЗЭМШИГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛНЭ 

Харилцагчийн мөнгийг хэрхэн эргүүлэн олгох вэ?

20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг. Капитал банкны хувьд нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг  Хаан банкаар дамжуулан олгоно.

Дансанд Хаан банкны хүү, шимтгэлийн нөхцөл үйлчилнэ. Харилцах, хадгаламж эзэмшигчид харилцах, хадгаламжаа шилжүүлэн авч буй банкинд үргэлжлүүлэн эзэмших, хадгаламжаа цуцалж, мөнгөө бэлнээр авах, эсвэл сонгосон банкиндаа бэлэн бусаар шилжүүлэх зэргээр өөртөө хэрэгтэй аль ч сонголтыг хийж  болно.

Ямар хугацаанд даатгагдсан хадгаламжийн мөнгийг Хаан банк руу шилжүүлж дуусах вэ?

Бид БЭХА-гаас ирсэн мэдээлэлд үндэслэн харилцагч бүрийн нөхөн төлбөрийн тооцооллыг аль болох хурдан хийж нөхөн төлбөр олгох ажлыг эхлүүлэхээр зорьж байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу нөхөн төлбөрийг ажлын 10 өдрийн дотор олгож эхлэх үүрэгтэй.

Даатгагдсан хадгаламжид харилцах данс орох уу?

Орно. Банкин дахь харилцах болон мөнгөн хадгаламжийн данс даатгалд хамрагдсан байдаг.

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нөхөн олгох үйл явц ямар хууль, журмаар шийдэгдэх вэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Хадгаламжийн даатгалын корпорацийн даатгалын нөхөн төлбөр олгох журам, Банкны тухай хууль зэрэг эрх зүйн актаар зохицуулагдана.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу 20 сая хүртэл төгрөгийн хадгаламж, харилцах даатгагдсан. Даатгагдаагүй харилцах, хадгаламжийн төлбөрийг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

20 сая төгрөгийн нөхөн төлбөрт хүү, хүүгийн татварыг оруулж тооцох уу? Тооцох бол хэзээ хүртэл тооцох вэ?

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хадгаламж эзэмшигч иргэний тухайн банкинд эзэмшиж байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, татварыг хассан дүнгээс тодорхойлно.

Өмнө нь бүх харилцах, хадгаламжийг даатгалд хамруулж байсан. Одоо яагаад 20 сая төгрөгөөр хязгаарласан бэ?

2013 онд батлагдсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд даатгалд хамрах дүнг заасан.

ХОРИН САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХАРИЛЦАХ, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД ХААН БАНКНЫ ХАРИЛЦАГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

Хаан банкны бүх салбараар үйлчлүүлэх боломжтой юу?

Харилцагчид Хаан банкны сонгосон салбараар үйлчлүүлэх боломжтой.

Дансаа шалгахыг хүсвэл ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Хэрэв харилцагч иргэн бол иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэхээр үйлчлүүлнэ.

Харин хуулийн этгээд бол:

–    Улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний хувь,

  • Хуулийн этгээдийг төлөөлөгчийн хүчин төгөлдөр иргэний үнэмлэх,
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх,
  • Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл,
  • Эсхүл тушаал, шийдвэрийг авчирна.

Гадаадад байгаа, эсвэл биечлэн очих боломжгүй бол яах вэ?

Даатгагдсан хадгаламж эзэмшигч дараах шаардлагын дагуу бичгээр гаргасан итгэмжлэлээр бусад этгээдэд өөрийн нэрийн өмнөөс банкаар үйлчлүүлэх эрх олгож болно. Үүнд:

  • Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;
  • Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;
  • Олгосон он, сар, өдрийг заах;
  • Нотариатаар гэрчлүүлэх;
  • Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.

Хаан банкинд хадгаламжаа тухайн нөхцөлөөр үргэлжлүүлэн эзэмших үү? Шинээр гэрээ байгуулах уу?

Даатгагдсан харилцагч одоо Хаан банкны харилцагч болох боломжтой. Харилцах, хадгаламжийг Хаан банктай хийх гэрээнд заасан нөхцөлөөр эзэмшинэ.

ХОРИН САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ДҮНТЭЙ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧИД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАНА

Даатгагдаагүй харилцагчдын мөнгийг ямар байдлаар олгох вэ?

Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдсан 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламжийг Хаан банкинд таны нэр дээр шилжүүлсэн. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн 20 сая төгрөгөөс давсан мөнгийг банкны эрх хүлээн авагч Капитал банкны зээлийн эргэн төлөлт, хөрөнгийн борлуулалтын орлогоос Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

Мөнгөө олж авах хүртэлх хугацааны хүүг өгөх үү?

Үгүй. Даатгагдаагүй харилцах болон хадгаламжийн дансанд банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүү тооцогдохгүй. Банкны тухай хуулийн дагуу банкинд эрх хүлээн авагч томилсон бол банкийг албадан татан буулгах шийдвэр гарснаас хойших хугацаанд банкны гүйцэтгээгүй мөнгөн төлбөрийн үүрэгт хүү, алданги, торгууль тооцохгүй. Харин даатгагдсан дүн Хаан банк руу шилжсэн өдрөөс эхлэн шинэчлэн байгуулах гэрээний дагуу хүү хуримтлагдаж эхэлнэ.

Үлдэгдлээ яаж тулгаж баталгаажуулах вэ?

Банкны эрх хүлээн авагчид хандснаар мэдээлэл авах боломжтой.

Мөнгөө шууд авч болохгүйн шалтгаан нь хуулийн  үндэслэлтэй юу?

Хадгаламжийн даатгалын хуулиар зөвхөн 20 сая хүртэл төгрөгийг даатгасан. Үлдэгдэл мөнгийг Банкны тухай хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.

Даатгагдаагүй хадгаламжийн төлбөрийг ямар дарааллаар барагдуулах вэ? Нэхэмжлэл өгөх үү?

Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар даатгагдаагүй хадгаламжийн төлбөр төлбөр барагдуулах дарааллын 5 дугаарт орно. Тус хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах тухай зарласнаас 60 хоногийн дотор банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргана.

Банкны эрх хүлээн авагчтай холбогдох утасны дугаар хэд вэ?

Татан буугдсан банкны 1800-1912 лавлах утсаар холбогдоно.

Банкинд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд хэр их хугацаа зарцуулагдах вэ?

Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж, олон нийтэд мэдээлнэ. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараах шийдвэрийг гаргана. Үүнд:

  • Нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах;
  • Банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;
  • Банкийг албадан татан буулгах үүднээс банкны эрх хүлээн авагчийн цалин хөлс, зээлдүүлэгчийн нэрс, баталгаажсан нэхэмжлэл бүрийн үнийн дүн болон төлөх төлбөрийн нийт дүнг тусгасан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө батлах;
  • Нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх.

Банкны эрх хүлээн авагч төлбөрийг татан буугдах банкны хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан дарааллын дагуу шийдвэрлэнэ.

Банкийг татан буулгахаас өмнө иргэний шүүхэд банкийг хариуцагчаар татан, нэхэмжлэл гаргасан байсан бол яах вэ?

Банкинд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.1-т заасны дагуу түдгэлзүүлнэ.

ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ХААН БАНКИНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОНО

Тэтгэвэр болон халамжийн мөнгийг хугацаанд нь үргэлжлүүлж олгох уу?

Тэгнэ. Хаан банкинд тэтгэвэр, тэтгэмж авдаг харилцах данс шилжинэ.

Мөнгөө картаар авдаг бол яах вэ?

Хаан банкинд хүсэлт гарган, төлбөрийн карт шинээр нээлгэнэ.

ЗЭЭЛДЭГЧИД ГЭРЭЭНД ЗААСАН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ЭРГЭН ТӨЛӨЛТӨӨ ЗААСАН ХУГАЦААНД ТӨЛНӨ

Зээлийн төлбөрөө хаана, хэрхэн төлөх вэ?

Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлдөг байсан дансандаа үргэлжлүүлэн төлбөрөө хийнэ. Цаашид ямар нэг өөрчлөлт гарвал танд мэдэгдэнэ.

Зээлээ төлөхгүй бол яах вэ?

Банкны эрх хүлээн авагч зээлийг төлүүлэх үүрэгтэй бөгөөд зээл төлүүлэхээр хуулийн хүрээнд бүхий л боломжит арга хэрэгсэл, тухайлбал шүүхэд хандах, барьцаа хөрөнгийг борлуулах хүртэл арга хэмжээ авна.

Зээлийн хүүг хуримтлуулахыг зогсоох уу?

Зогсоохгүй.

Капитал банктай цалингийн зээлийн гэрээтэй байгууллагууд яах вэ?

Байгууллагууд зээл төлүүлэхэд банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах шаардлагатай.

Хадгаламж барьцаалсан зээлтэй бол яах вэ?

Банкны тухай хуулийн 69.1.3-т зааснаар Хаан банкинд шилжүүлэх мөнгөний дүнг тооцохдоо нийт хадгаламжийн дүнгээс зээл, зээлийн хүүг суутгана.
Хадгаламж барьцаалсан зээлээс өөр зээлтэй бол яах вэ?
Зээлийн бүх гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд зээлдэгчид гэрээний дагуу зээлээ төлнө. Хугацаа хэтэрсэн зээлтэй бол Банкны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.12-т заасны дагуу даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрөөс суутгана.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж