Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорын хоёр орлогчийг зөвшилцөх саналаа УИХ-д хүргүүлсэн. Үүний дагуу өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг нэр дэвшигчийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлуулсан юм. Бүлгийн хуралдааны үеэр зарим гишүүдийн зүгээс прокурорын орлогчид нэр дэвшигчдийг зөвшилцөх саналыг дэмжихгүй байх, ялангуяа хуулийн байгууллагын удирдлагад нэр дэвшигчдийг дан ганц Ерөнхийлөгчийн санал болгосноор томилох боломжгүй гэх мэт байр суурийг илэрхийлжээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар прокурорын орлогчид нэр дэвшигчдийг МАН-ын бүлгийн гишүүдийн олонх дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Тиймээс МАН-ын бүлгээс нэр дэвшигчдийг дэмжихгүй байх, Ерөнхийлөгчийн санал “унах” шийдвэр гарах байсан учраас томилгоог бүлгээр хэлэлцэхийг хойшлуулсан гэх мэдээлэл байна.
Түүнээс гадна МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуулийн байгууллагын удирдлагыг томилохдоо олон нийтийн “шүүлтүүрээр” оруулах, нийтийн сонсгол хийх зарчмаар явах нь зүйтэй гэж үзсэн байна. Тиймээс ч МАН-ын 19 гишүүн гарын үсэг зурж, АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг эхэлж сонгол хийн "шүүх"-ийг санаачилсан. Нийтийн сонсголын тухай хуульд зөвхөн УИХ-аас томилдог албан тушаалд томилогдож буй нэр дэвшигчийн асуудлаар сонсгол зохион байгуулах боломжтой юм. Тиймээс 19 гишүүний зүгээс АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгоогоор нийтийн сонсгол зохион байгуулах саналаа хүргүүлжээ. Хэдийгээр АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, нөгөө талдаа Ерөнхийлөгчийн зүгээс одоогийн АТГ-ын удирдлагыг чөлөөлөх сонирхолтой байгаа ийм үед УИХ-тай зөвшилцөх болон УИХ-аас томилох хуулийн байгууллагын удирдлагуудыг томилохдоо нийтийн сонсгол, томилгооны сонсгол зохион байгуулах ёстой гэж үзэж байгаа аж.
АТГ-ын удирдлагыг хуулийн дагуу ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал чөлөөлөх асуудлыг УИХ хэлэлцэх боломжтой. Гэвч Ерөнхийлөгч болон ҮАБЗ-өөс АТГ-ын удирдлагуудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирээгүй ч ойрын өдрүүдэд томилгооны асуудлаар зөвшилцөх бололтой. Учир нь улс төрийн хүрээнд төдийгүй хуулийн хүрээнд АТГ-ын удирдлагад хэд хэдэн нэрс яригдаж байгаа бөгөөд эцсийн байдлаар тохиролцсон зүйл байхгүй байгаа гэнэ.
Улсын дээд шүүхээс Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг олонхын саналаар нэр дэвшүүлэн Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс Д.Ганзоригийг томилохгүй, өөр хүнийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилох ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг санал болгосныг олонхийн бүлэг дэмжиж, Ерөнхийлөгч зарлиг гаргасан. Тэгвэл прокурорын хоёр орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, АТГ-ын удирдлага зэрэг томилгоог Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тохиролцож чадахгүй байгаа, хэт нэг хүний хүслээр томилгоо хийгдэх гэж байгаад МАН-ын гишүүд ч эсэргүүцэлтэй тулгарчээ. Хаврын чуулганы эхэнд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байсан хуулийн байгууллагын удирдлагуудын томилгоог Ерөнхий прокурорыг томилсноор түр “гацах” бололтой. Тэдний хэн хэн нь өөр өөрсдийн хүнээ томилох "хүсэлтэй" байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд ҮАБЗ-ийн гишүүд дахин уулзаж, томилгооны асуудал дээр нухцатай ярилцахаар болжээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ