Ерөнхийлөгчийн хоригтой САЙД

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

76:1

Ерөнхийлөгчийн хоригтой САЙД

Ерөнхийлөгчийн хоригтой САЙД

“NEWS” агентлаг УИХ-ын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн 76:1 буландаа Чимэдийн Хүрэлбаатарыг онцолж байна.


Хоёр Хүрлээгийн хослол гэх болсон У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол багана нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Товчхондоо, Ардын засгийн танхимд гялтайх ганц хүн нь гэж хэлж болохоор. Тэрбээр У.Хүрэлсүхийн засагт оногдсон татварын реформыг гардаж хийсэн гол хүн билээ. Түүнийг 30 гэр бүлийн нэг гэсэн тодотгол дагалддаг бөгөөд энэ үгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгэнтээ түүнд хандан хэлж байсан билээ. 2008 оноос хойш тасралтгүйгээр УИХ-д гурвантаа сонгогдсон Ч.Хүрэлбаатар туршлагатай парламентч, МАН дотроо тоондоо дөнгүүр нь.

Монголын улстөрчдийг тойрч гардаггүй дайрч гардаг бүхнийг л тэр туулсан. Хар, цагаан, муу, сайнтай төрийн сайд. Түлш, Эрчим хүчний сайд байхад утаагүй түлшний үйлдвэр байгуулна гэх 17 тэрбум төгрөгийн тендерийн будлианд орооцолдсон гэх мэдээлэл өнөө хэр хаа нэгтээ хэвлэлийн хуудаснаа харагддаг. Тэрбээр улс төр, бизнесийнхний дунд “тендерчин” хэмээн цоллуулдаг. Түүнийг Н.Энхбаярын засгийн үед Увсынхны лоббигоор Ерөнхий сайдын зөвлөх болтлоо суга татагдаж, Сангийн дэд сайд, Түлш, эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн болж, Сү.Батболдын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн гэх мэдээлэл бий.

Гэхдээ тэр мэдлэг чадвараараа өнөөгийн улс төрийн карьераа бий болгож чадсан. Тэр Ленинградын их сургуулийг санхүү, эдийн засагч,  мөн Австралийн Сидней Их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн гээд түүнд санхүү, төсөв талд мэдлэггүйн зовлон тун бага. Тэр тойргоосоо УИХ-д гурвантаа сонгогдсон өвдөг шороодоогүй цөөхөн улстөрчдийн нэг юм. Төсөв, санхүү бол  Ч.Хүрэлбаатарын улс төрийн имиж. Ясны санхүүч тоо, бодлого бодож ирсэн болоод ч тэрүү аливаа асуудалд тун ч бодлоготой ханддаг.

Өдгөө тэрбээр бүхэл бүтэн улсын төсвийн жолоог атгаж байна. У.Хүрэлсүхийн танхимын гишүүд дундаас мэргэжлийн цөөхөн сайд нарын нэг нь мэдээж Ч.Хүрэлбаатар сайд.

Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтсан сайд нараас хамгийн их шүүмжлүүлж, хэл ам таталж очсон ганц сайд нь мөн тэр. Томилогдохоос нь эхлээд л түүнийг эсэргүүцсэн. Сангийн сайдад томилох гэхэд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ганцхан түүний нэрийг дэвшүүлэхгүй гэж хориг тавьж байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих шалтгаан нь "Ч.Хүрэлбаатарын хувьд асуудал их байгаа. Уул уурхайтай холбогдсон энэ сайдыг би зөвшилцмөөргүй байна" хэмээж байсан юм. Гэсэн ч УИХ-д 64 суудалтай МАН түүнийг олонхоороо хүч түрэн, Сангийн сайдаар томилсон. Үүний дараа ч Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг ажиллуулахгүйн тулд 2017, 2018  оны төсвийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсныг Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын л маргааны үргэлжлэл гэж андуурах хүн цөөнгүй байлаа.

Мөн 2019 оны төсвийн төслийг батлах үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бас л хэл ам дагуулсан. Өөрийн тойрог буюу Увс аймагт 52 тэрбум төгрөгийн төсөв батлахаар хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа гэж Ерөнхийлөгчөөс мөн "банга" хүртсэн.  Мөн  “Ч.Хүрэлбаатар “төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болоод өөрөө төсөв зохиох болохоороо 5,4-8 хувийн алдагдалтай төсөв өргөн барилаа гэж  Ерөнхийлөгч шүүмжилсэн удаатай.

Ч.Хүрэлбаатарыг огцруулах мэдээлэл байсхийгээд л дэгддэг. Хотгор шанагын уурхайтай холбоотой хэл ам одоо хүртэл эцэслэгдээгүй байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хотгор шанагын нүүрсний уурхайг Ч.Хүрэлбаатарын хоёр ах зарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Ч.Хүрэлбаатар боллоо шүү” гэж Сангийн сайдаар томилогдох үед нь хэлж байлаа. Харин үүний хариуг Ч.Хүрэлбаатар албан ёсны баримттайгаар өгч “Би болон манай ах нар ямар нэг Уул уурхайн лиценз өмнө нь болон одоо эзэмшиж, зарж байгаагүйг батлах баримт" хэмээн үзүүлж байв. 2018 УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хариуцлага тооцох, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ.  Ерөнхий сайд тус шаардлагын хариуд огцруулах үндэслэл байхгүй гэж үзсэн бөгөөд эрх баригч МАН-ынхан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар нь авч үлдсэн.

Сангийн яамыг тэрбээр удирдаж буй энэ хугацаанд сайн, саар нь аль нь байв. Сайн нь гэвэл Монгол Улсын төсвийн орлого түүхэнд анх удаа 10 их наяд төгрөгт хүрч, ашигтай гарлаа. Мөн арилжааны банкуудаас өндөр хүүтэй нэг ч төгрөгийн зээл аваагүй. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Засгийн газар 6.5 их наяд төгрөгийн үндсэн өр, хүүг төлсөн. Эдийн засгийн өсөлт дээшилж, зээлжих зэрэглэл хоёр удаа нэмэгдсэн зэрэг сайн тал бий. Харин муу нь ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдэж монгол төгрөг үнэгүйдсээр байхад Сангийн яам арга хэмжээ авсангүй, үндсэндээ сул хаясан гэж хэлж болно.

Ч.Хүрэлбаатар сайдын намтар, улс төрийн түүхийг сөхөхөд нэг иймэрхүү.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
  • 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
  • 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч
  • 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
  • 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

ШАГНАЛ:

  • 2005 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
  • 2006 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл
  • 2006 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж