“Тэмүүлэн дүүлэх хөлгөөрөө торойтол уралддаг шиг ээ дугуйтай тэшүүрээр уран гулгалтын бэлтгэл хийж байгаа энэ хөөрхөн охид хэдхэн жилийн дараа уран гулгалтаараа гайхуулан үзэгч олноо бахдуулан баярлуулах биз ээ. Шавийн эрдэм багшаасаа гэдэгчлэн багш Цолмон ч уран гулгалтаар чадварлаг нэгэн.
Уран гулгалт нь анх манайд 1962 оны аравдугаар сараас эхлэн хөгжиж байгаа юм. 7-11 насны 32 сурагч бүлгэмд хичээллэн суралцаж байна” гэж тэртээ 1962 онд Монголын анхны уран гулгалтын багш Д.Цолмонгийн тухай өгүүлнэ. Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн /одоогийн МУБИС/ багш Д.Цолмонгийн шавь нарынхаа хамтаар Монголын спортын түүхэнд нэгэн тод архивыг үлдээжээ.
Сүүлийн жилүүдэд монголчууд өвлийн спортын томоохон уралдаан тэмцээнд амжилттай оролцох болж, уран гулгалтын төрөл шинээр нэмэгдэх болсон. Энэхүү түүхэн эхлэлийг Япон улсад сурч, амьдарч байгаа Г.Марал-Эрдэнэ 2019 онд дэлхийн оюутны өвлийн XXIX Универсиад наадамд оролцсоноороо баталж өгсөн билээ.
Эх орноо төлөөлөн дэлхийн оюутан залуустай уран гулгалтаар өрсөлдсөн түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Нагоя хотын Чюүкёо их сургуульд спортын шинжлэх ухааны ангид суралцаж төгссөн билээ. Алдарт Мао Асадагийн “Thanks tour” шоу тоглолтын багт багтаж, Японы хотуудаар үзүүлэх тоглолтод оролцож байгаа Г.Марал-Эрдэнэ өөрийгөө бэлдсээр байна. Түүнийг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа.
Дээр уран гулгалтын анхдагч нарыг онцлохын учир шинээр тодрон гарч байгаа залуусаас амжилт хүсэхийн эхлэл билээ. Шинэ үе, шинэ залуус энэ спортод дурлаж, гадаадын олон оронд бэлтгэл сургуулилтаа хийж эхэллээ. Тэд Д.Цолмон агсны гаргасан жимээр Г.Марал-Эрдэнийн түүхэн тоглолтыг үргэлжлүүлэгчид юм.
Өдгөө АНУ, Герман, БНСУ, Япон улсад Монголын өсвөрийн тэшүүрчид, уран гулгагчид бэлтгэгдэж эхэллээ.
Монголчууд олноор ажиллаж, амьдарч байгаа БНСУ-д зургаан настай Оюунтөгөлдөрийн Эгүлгоо охин хэдийнэ бэлтгэлдээ гарчээ. Солонгос багшийн удирдлага дор тэшүүрийн бэлтгэлээ хийж, өдрөөс өдөрт ур чадвараа ахиулж байгаа түүний бэлтгэлийг бичлэгээс хараарай. Тэшүүрээр тэнцвэрээ олж гулгаж байгаа түүний хувьд хэдийнэ мөсөн дээрх суурь бэлтгэлээ хийгээд эхэлжээ. 6 настай О.Эгүлгоо шорт трекээр хичээллээд нэг жил болж байна. Түүн шиг олон охид хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн мөсөн дээр тэшсээр тамирчдын хэмжээнд өөрсдийгөө бэлтгэж эхэлж байгаа эхний сайхан жишээг бидэнд дуулгасаар байна. Энэ бол тэшүүрийн шинэ үеийн төлөөлөл.
БНСУ-ын шорт трекийн тамирчид олимп, ДАШТ-д хүчтэй өрсөлдөгч бөгөөд солонгос багшийн гараас олон монгол тамирчид О.Эгүлгоогийн араас төрөх нь гарцаагүй билээ.
6настай Эгүлгоо охин шорт трекээр хичээллээд 1жил болж байгаа.
Posted by Монголын Тэшүүрийн Холбоо on Friday, April 5, 2019
Герман улсын спортын BTSC клубын тамирчид бүхий л төрлөөр олон улсад гарч эхэлсэн. Тэгвэл энэ клубын уран гулгалтын бэлтгэлд Будбаярын Хүслэн охин хамрагдаж байна.
Дотоодын тэмцээн уралдаанд оролцож, чамгүй амжилт гаргаж байгаа Б.Хүслэн дунд насны ангилалд өрсөлдөж эхэллээ.
Түүний клубт мөн монгол нэртэй Г.Анужин охин бэлтгэгдэж байна.
Энэ мэтчилэн монгол охид гадаадын олон орон тэшүүрийн спортод дурлаж, уран гулгалтын хүндхэн спортыг сонгож байгаа мэдээлэл гарч байгаа нь монголчуудад томоохон итгэл найдварыг өгсөөр.
Эдгээр өсвөрийн тамирчид шиг Монголын олон охид, хөвгүүд уран гулгалтаар эх орноо төлөөлөн дэлхийн тавцанд өрсөлдөхөөр тэмүүлж байгаа. Тэд уран гулгалтын шинэ үе.
Холбоотой мэдээ