Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь сүүлийн 30 жилд анх удаа болох гэж буй нийслэлийг хамарсан томоохон арга хэмжээ гэдгийг онцолсон юм. Мөн ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дөрөвдүгээр сарын 24-ний өдөр эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ болохгүй бөгөөд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага гээд төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болно.
Харин 25-нд иргэдийг хамруулах дадлага сургуулилт болно. Энэ өдөр өглөө 08:00 цагаас зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугарснаар иргэдийн дадлага сургууль эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран иргэд маань заасан цагт орон байрнаасаа гарч аюулгүй талбайд нүүн шилжих дадлага сургуульд хамрагдах учиртай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай бий. Эдгээр талбайд заасан маршрутын дагуу нүүн шилжинэ гэсэн үг. Энэ үеэр буюу 25-ны 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөнийг зогсоохоос гадна Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг зогсооно. Тиймээс гурван цагийн хугацаанд ард иргэд маань хүлээцтэй байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг хүсэж байна” гэлээ.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг иргэддээ суулгахад чухал нөлөөтэй тул иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ингэснээр үүсэж болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой. Тус арга хэмжээнд нийслэлд буй бүх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох ёстой” гэв.
Дээрх дадлага сургуультай холбогдуулан энэ өдрийн ажлын цагийг 10:00 цагаас эхлүүлэх юм. Гэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан хуудсыг иргэдэд хүргүүлэх тул иргэн та тэрхүү хуудсыг нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлийг хийлгэх юм.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, ард иргэдийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ