Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Нийслэл хотын хэмжээнд 2019 оны нэгдүгээр улиралд нийт 111330 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12430 нэгж буюу 10 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 2019 оны 1 дүгээр улиралд 9905 гэмт хэрэг бүртгэгдсэний 6666 буюу 69.5 хувь нь нийслэлд үйлдэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт нийслэлийн хэмжээнд 1309  хэргээр буюу 16.4 хувиар буурсан байна” гэж танилцуулав.

“Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 4273 дуудлага мэдээлэл хүлээн авч 1266 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээлэв.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд агаарын температур шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 4-5 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 277 удаагийн дуудлагыг хүлээн авч, объектын гал түймрийн 270, эрэн хайх, аврах ажиллагааны 7 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 149 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 185 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар дадлага, сургуулийг 7 дахь жилдээ улс орон даяар зохион байгууллаа. Дадлага сургуульд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо жил ирэх тусам өсч, нийслэлийн хэмжээнд 504.7 мянган иргэн хамрагдлаа” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд 1802 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга 338 байгаагаас Бүсийн ахлах байцаагчийн шийдвэр гарч ашиглахыг хориглосон 234 барилга байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим үүрэг даалгавар өглөө. “Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилт, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 05 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах, Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас газрын харилцааны чиглэлээр ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байхыг журамлах, Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд 7 хоног бүр хийсэн ажлын гүйцэтгэл, хийх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг цуцлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт ямар нэгэн барилга байгууламжийн эрхийг олгохгүй байх, Зохих зөвшөөрөлгүй газар, шорооны ажил хийж байгаа, туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, мод бутыг устгаж байгаа “Идэр интернешнэл” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох, “Зүүн баян Pефайнери” ХХК-ны барилгын үйл ажиллагааг зогсоох, Сургууль цэцэрлэгийг барих газар чөлөөлөлтийн ажлыг онцгой анхаарч шуурхайлж ажиллах, Хаврын хуурайшилттэй улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж