Монголын арилжааны 14 банкны нэг Капитал банкинд эрх хүлээн авагч томилсноо Монголбанкнаас өнөөдөр /2019.04.8/ мэдээллээ. Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банкинд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй гэж үзээд 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тус банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаснаа Монголбанк сэтгүүлчдэд мэдээллээ.
Ийнхүү Монголын санхүүгийн салбарт 29 жил үйл ажиллагаа явуулсан "Капитал" банк албан ёсоор дампуурлаа зарлалаа. Капитал банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.
Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн 80 хувьтай тэнцэж байгаа гэж Монголбанкны Хяналт шалгалтын газрын дарга Н.Батсайхан мэдээлэв. Мөн Капитал банкинд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256 мянган хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан талаар тус корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ онцоллоо.
Энэхүү арга хэмжээний талаар Монголбанк, Хадгаламжийн корпорациас мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд "Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томиллоо.
Дээрх шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт үндэслэн Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 72 тоот тогтоолоор Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргасан болно.
Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу Капитал банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгохоор шийдвэрлэв.
Капитал банкны харилцагчид даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, даатгалд үл хамаарах нөхцөлийн талаар 06.00-24.00 цагийн хооронд Хадгаламжийн даатгалын корпорацийн 11-370-000 лавлах утсаар холбогдон нэмэлт мэдээлэл авна уу" гэсэн байна.
Капитал банкинд 20 сая төгрөг хүртэлх хадгаламжтай байсан хүмүүсийн хадгаламжийг ХААН банкаар дамжуулан олгохоор зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, Капитал банкны харилцагч нар ХААН банкаар үргэлжлүүлэн үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд зааснаар нэг иргэн, хуулийн этгээдийн төгрөг ба валютын 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах, хадгаламж даатгагдсан байдаг. Иймд Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь нь алдагдлаас бүрэн хамгаалагдсан байна. Хадгаламжийн даатгал нь хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд арилжааны банкууд хадгаламжийн даатгалд албан журмаар хамрагдан, улирал бүр хураамж төлдөг аж.
Хадгаламжийн даатгалын сангийн үлдэгдэл 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 421 орчим тэрбум төгрөг байна. Хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулна. Капитал банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана. Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана.
Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө ХААН банкин дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ. Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн ХААН банкинд шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлнө.
Тус банк нь 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдсан байдаг. 1998 онд “Шинэчлэл” банк гэж нэрээ өөрчилсөн бол 2003 оны хоёрдугаар сарын 28-ны Капитал банк болжээ. Түүнчлэн 2004 оноос төрөөс иргэдэд олгож буй тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн байдаг. Капитал банкны гол хувьцаа эзэмшигч БИШРЭЛТ ГРУПП бөгөөд 99.97 хувийг нь эзэмшдэг аж. 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар тус банк нь 28 салбар нэгжтэй, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна.
Капитал банк нь сүүлийн 10 жилийн дотор татан буугдсан дөрөв дэх банк болж байгаа юм.
- 2009 онд Зоос банк
- 2010 онд Анод банк
- 2013 онд Хадгаламжийн банк
- 2019 онд Капитал банк
Капитал нь Монголын банкны системын 1.1 хувийг эзэлдэг тул энэхүү дампуурал нь санхүүгийн зах зээлд доргилт үүсгэхгүй гэж Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпорациас мэдээллээ. Өнгөрсөн оноос эхлэн тус банкны үйл ажиллагаа тун хүнд байгаа талаар мэдээлэгдэж байсан юм.
Б.БАТ