Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

АН-ын шинэ имиж

Өчигдөрхөн тохиосон 29 насны “төрсөн өдрөө” Ардчилсан нам тун даруухан тэмдэглэж, Үндэсний бодлогын хорооны хурлаас үлдсэн гурван даргаа тодруулав. Ингээд АН-ын дэд дарга буюу С.Эрдэнийн “орлогч”-оор Р.Амаржаргал, Д.Пүрэвдорж, З.Нарантуяа, Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар ажиллахаар болж байна. Дэд дарга нарын сонголтын хувьд боломжийн, ҮБХ-ны зарим гишүүдийн Б.Дэлгэрмаад сэтгэл дундуурхан байгааг эс тооцвол, Ардчилсан нам шинэ имиж бүрдүүлэхээр зорьжээ. Уг нь Б.Дэлгэрмаагаас илүү М.Батчимэг, Ч.Сосормаа нарт итгэл хүлээлгэсэн бол үнэхээр “бэст” сонголт болох байв. Энэхүү “томилгоо”-ноос харахад Ардчилсан нам үнэхээр бодлогын болоод фракцийн эрх ашгаас ангид байхыг хүсч байгаа нь илэрхий.

Ардчилсан нам шинэчлэгдэж, бодлогын нам болохоо зарласан нь гурван жилийн өмнө буюу 2016 онд УИХ-ын сонгуулиар 35 кнопоо ес болгосон Ардчилсан намын фракцийн эрх ашгаас ангид байхаа зарлан, намын дарга болон Үндэсний бодлогын хорооны гишүүдээ дотоод сонгуулиар тодруулдаг шинэ дүрэмтэй болсон.

Үүнээс өмнө Ардчилсан нам албан ёсоор Алтангадас, Шонхор, МоАХ, “Нэг ардчилал”, МҮДН, МҮАН зэргээр олон фракцдаа “идэгдэж”, өөр хоорондын зөрчилдөөн нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тэднийг эрх мэдлийн тойргийн гадна үлдээсэн. Тиймээс Ардчилсан намынхан өнгө мөнгөн дээр биш үзэл баримтлал, үзэл санаан дээр нэгдэхийг хүсч байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн дараа  намын дүрэмдээ өөрчлөлт оруулахын зэрэгцээ, үзэл баримтлалаа олж авах шинэчлэлийг өрнүүлээд гурван жил болжээ. Дүрмээ шинэчилсэн тус намынхан намын дарга болон ҮХБ-ны гишүүдээ дотоод сонгуулиар сонгодог болсон. С.Эрдэнийг намын дарга болгосон энэхүү шинэчлэл өнөөдөр ч үргэлжилсээр байгаа бөгөөд намын дэд дарга нарынх нь сонголт бол нэгээхэн хэсэг юм.

Ардчиллыг автораа болгож ирсний хувьд Ардчилсан нам шинэчлэгдэх, улмаар Ардчилсан нам шинэчлэгдэж чадвал Монголын ардчилал шинэчлэгдэх хүлээлт бий. Тиймээс ирэх 2020 онд 30 нас хүрэх Ардчилсан нам өдгөө томоохон сорилт хийгээд, том үүрэг хариуцлагын өмнө зогсч байна. Товчхондоо, Ардчилсан нам гучин насны ойгоо гудамжинд тэмдэглэх эсэх нь С.Эрдэнийн намын эв нэгдлээс шалтгаалах юм.

Ардчилсан нам 2020 онд ялах, мөн Монголын ардчиллыг хамгаалж үлдэх түүхэн цаг хугацааны өмнө байна. АН үхэх үү, сэхэх үү. АН-д үзэл баримтлал ялах уу, эрх мэдэл, өнгө мөнгө ялах уу. Үүнийг тус намын жирийн гишүүд дэмжигчид шийднэ.

Учир нь, АН-ыг хагаралдуулах, талцуулах ажиллагааг Төрийн ордны зүүн жигүүрээс идэвхтэй өрнүүлж, төлөөний хүмүүстэй “томилгоо” өвөртлүүлээд явуулсан нь С.Эрдэнийн эсэргүүцэх Алтангадасын залуусын акц. Гэхдээ ах нарынхаа цүнхийг баригчид, аялдан дагагчдаас илүү АН-ыг үзэл баримтлалтай, үзэл бодолтой залуус л аварч чадна.

Хэрэвзээ гучин насныхаа төрсөн өдрийг Ардчилсан нам гудамжинд тэмдэглэж өнгөрөөхийг хүсэхгүй байгаа бол ирэх сонгуульд мэдлэгтэй боловсролтой залуусаа дэмжих цаг болжээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намыг албан тушаалын гишгүүрээ болгож ирсэн, болгож байгаа "ах нар" тэтгэвэртээ суух цаг нь болжээ. Учир нь, Х.Тэмүүжингийн хэлдгээр ирж яваа цагийн дууг харьж яваа ах нараараа дуулуулмааргүй байна, АН.

Ийнхүү Ардчилсан намд эрс шинэчлэл өрнөж буй бол эсрэгээрээ МАН-д шинэ хуваарилалт ид явагдаж байна. Тодруулбал, хотын фракцийн эрх мэдэл зүүний хүчнийхэнд ирж, МАН ердөө ганц хүний нам шиг болсон. Харин С.Эрдэнэ эрх мэдлээ зургаан хүнтэй хуваалцахаар шийджээ. АН-ын энэхүү шинэ имиж, улам бүр хаалттай, хатуу болж буй МАН-аас ялгарах ялгарал нь болох биз.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж