Уул уурхайн салбарын ес дэх удаагийн “Mongolia Mining 2019” үзэсгэлэн энэ сарын 10-наас 12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдахаар болжээ. Жил бүрийн дөрөвдүгээр сард болдог уг үзэсгэлэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим дэмжин оролцдог байна.
Одоогоор үзэсгэлэнд оролцохоор 2500 хүн онлайнаар бүртгүүлсэн талаар зохион байгуулах хорооноос мэдээллээ. Үйлдвэрлэгчид өөрийн биеэр ирж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулдаг нь “Mongolia Mining” үзэсгэлэгийн хамгийн том давуу тал аж.
Ашигт малтмал газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Үйлдвэрлэл өсөх хэрээр анхаарал хандуулагчдын тоо өссөн. Хайгуулынхаас ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо давсан нь уул уурхайн салбаырн идэвхжилтийг шууд харуулна. Ойрын ирээдүйд ч үйлдвэрлэл өснө. Уул уурхай, хүнд үйлдвэр, зам барилгын салбарт ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллах ямар боломж байгааг энэ үзэсгэлэнгээс харах боломжтой" гэж хэллээ.
2018 онд болсон “Mongolia Mining” үзэсгэлэнг 4500 орчим хүн үзэж сонирхжээ. Энэ жилийн оролцогчдыг http://mongolia-mining.com/index.php/ сайтаар бүртгэж буй бөгөөд сонирхсон иргэд ирэх Баасан гариг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнг сонирхох боломжтой юм.
Ч.БОЛ