Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 шинэ улирлын нээлтийн тоглолтыг эхлүүллээ. Филиппин улсын Манила хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд Asia Pacific Super Quest тэмцээн болж, шилдгүүдээ тодруулав. Австрали, Тайвань, БНСУ, Филиппин, Япон, Хонконг, Монгол зэрэг 12 орны баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, хэсэг бүрээс хоёр баг хасагдах шатанд өрсөлдөх эрх авсан.
Манай сагсчид БНСУ, Австралийн багтай “А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлсэн. БНСУ-ыг 21:15, Австралийг 16:14 онооны харьцаагаар хожсон сагсчид шөвгийн наймд Индонезийн багт нэг оноогоор ялагдлаа. Хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх Монгол, Индонезийн тоглолт 20:19-өөр “Jakarta West” багийн хожлоор өндөрлөсөн.
Asia Pacific Super Quest тэмцээнд Японы баг түрүүлсэн бол Филиппиний баг удаалж, Индонез, Австралийн баг дөрөвт үлдэв.
3х3 шинэ улирлын нээлтийн тоглолтоо шилдэг наймд үлдсэн амжилтаар эхлүүлсэн Монголын багт Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нарын тоглогчид багтсан. Дасгалжуулагчаар А.Тулга ажиллаж байна.
Манай сагсчдыг энэ долоо хоногт Wuxi дэлхийн Гран-При тэмцээн хүлээж байна.
Холбоотой мэдээ