УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь, Г.Солтан, Н.Учрал нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо 2019 оны 04 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд зохиогдож буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулганд оролцож байна.
Чуулганд дэлхийн 160 орны парламентын гишүүд, НҮБ болон бусад олон улсын байгууллагын шинжээчид, парламентын ажилтан, зөвлөх, Элчин сайдын яамдын төлөөлөл, нийт 2000 орчим хүн хүрэлцэн ирсний дотор парламентын тэргүүн 80, дэд тэргүүн 40 оролцож байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид чуулганы эхний өдөр ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Бүлгийн хуралдаанаар чуулганаар хэлэлцэн батлах ОУПХ-ны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудал, тогтоолын төслүүдэд баримтлах парламентуудын байр суурийг нэгтгэлээ. Хуралдаанд ОУПХ-ны Ерөнхийлөгч, хатагтай Габриэла Куэвас оролцож, үг хэлэхдээ ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга уулзалт энэ оны тавдугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох гэж байгаад баяр хүргэж, амжилт хүсэв.
Мөн хуралдаанаас ОУПХ-ны байнгын хороодын гишүүнд Ази, Номхон далайн бүлгээс нэр дэвшүүлэх үйл ажиллагаа болов. Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, ОУПХ-ны Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н. Оюундарь, Нэгдсэн Үндэстний Байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Н.Учрал нар нэр дэвшжээ.
Монгол Улсаас УИХ-ын гишүүн Б. Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг билээ.
Эх сурвалж: PARLIAMENT.MN