Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Катарын Доха хотыг зорьсон Монголын шигшээ багийн гурван тамирчин, шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа нарыг визний зөрчилтэй хэмээн Дубайн онгоцны буудалд саатуулжээ.
Энэ тухай ойролцоогоор хоёр цагийн өмнө ОУХМ Д.Хүдэрбулга фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлж, тусгай өрөөнд саатуулагдсан зургаа оруулжээ.
Мэдээллийг бид чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч гээд тэдэнд ойр эх сурвалжуудаас лавлалаа. Катарын Доха хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид өчигдөр Монголоос хөдөлсөн юм. Гэтэл нийт баг бүрэлдэхүүнээс дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарыг визний зөрчилтэй хэмээн үзэж, Дубайн хилээр нэвтрүүлсэнгүй.
Ийм тохиолдолд ихэвчлэн спорт холбоод баг тамирчдын нэрсийг буруу мэдүүлсэн алдаа гарсан байдаг.
Ямартай ч энэ үйл явдал тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр эх орноо төлөөлөн мордсон тамирчдад тун хохиролтой. Учир нь энэхүү Азийн АШТ-д заавал оролцож байж Риогийн олимпийн эрхийн төлөө өрсөлдөх учиртай.
2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Катар улсын Доха хотод болно. Маргааш тамирчдын жин үзэх учир саатуулагдсан тамирчдынхаа асуудлыг Монголын чөлөөт бөхийн холбоо яаралтай шийдвэрлэхгүй бол тэмцээнд амжиж оролцох нь бараг боломжгүй болоод байна.
Бид энэ тухай маргааш Монголын чөлөөт бөхийн холбооны албан хүмүүсээс тодруулан мэдээлнэ.
Харин Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж Доха хотоос бидэнтэй холбогдож, "Тамирчдад анхаарал хандуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна. Азийн бөхийн холбооны удирдлагуудтай дөнгөж сая уулзлаа. Манай холбогдох албаны хүмүүс тамирчдын мэдүүлгийг оройтуулж өгсөн, паспортын асуудал байсан зэрэг алдаа гарсан байна" гэсэн мэдээлэл өглөө.
Б.ЭНХ