Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчнийх 4.8 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчнийх 4.8 хувиар нэмэгджээ

Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчнийх 4.8 хувиар нэмэгджээ

Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, Эрчим хүчний салбарын 2018 оны үйл ажиллагааны дүнг Эрчим хүчний яам болон эрчим хүчний үйлдвэр, компаниудад танилцууллаа. Энэ хуралд Эрчим хүчний яамны удирдлагууд болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 124 компанийн 200 орчим төлөөлөл оролцсон юм.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тушаал гарган, 2018 оныг “Эрчим хүч хэмнэлт-Үр ашгийн жил” болгон ажилласан байна. Эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөж, салбарын үйл ажиллагааны талаар УИХын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нартай ярилцлаа.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 2018 ОНД 7.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭСЭН

-Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, хэрэглээний талаар мэдээлэл өгч болох уу?

-Өнгөрсөн онд улсын хэмжээнд 6.6 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 9.4  сая Гкал дулаан үйлдвэрлэж, импортоор 1.7 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан бөгөөд үүний 1.3 тэрбум кВт.ц цахилгааныг БНХАУ-аас "Оюутолгой" ХХК, үлдсэнийг нь ОХУ-аас төвийн болон баруун бүсийн систем авсан. Өмнөх онтой харьцуулахад 2018 онд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 9.4 хувь, дулааны эрчим хүчний хэрэглээ 4.8 хувиар нэмэгдлээ. Эрчим хүчний борлуулалтын орлого 952 тэрбум болж өмнөх оноос 97.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Татвар шимтгэлд нийтдээ 289.1 тэрбум төгрөг төлжээ.

-Өнгөрсөн онд импортын цахилгааны хэмжээ нэмэгджээ. Яагаад нэмэгдэх болов?

-Импортын цахилгааны гол хэрэглэгч нь "Оюутолгой" ХХК. Тус компани жилдээ 1.3 тэрбум орчим кВт.цаг цахилгааныг БНХАУ-аас импортоор авч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон "Оюутолгой" ХХК-ийн хооронд Тавантолгойн цахилгаан станцыг барьж байгуулахаар тохиролцож, “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-г өнгөрсөн оны сүүлээр байгуулсан. Гэрээний хүрээнд 300 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барьж, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Та тушаал гарган, 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт-Үр ашгийн жил” болгон зарласан. Хэр үр дүнд хүрсэн гэж та үзэж байна вэ?

-Өнөөдөр дэлхийн нийтийн өмнө эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх, байгалийн хязгаарлагдмал нөөцийг ариг гамтай зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт гэдэг зүйл тулгамдсан асуудал болж байна. Монгол улс эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж 2015 онд Улсын Их Хурлаас Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг баталсан. Мөн Засгийн газраас 2017 онд Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан байгаа. Хэмнэлтийг эрчим хүчний салбар өөрөөсөө эхлэх нь зүйтэй гэж үзэн 2018 оныг Эрчим хүч хэмнэлтийн жил болгохоор шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлтийн жилийн хүрээнд эрчим хүчний үйлдвэр компани бүр эрчим хүч хэмнэх төлөвлөгөө гаргаж нийт 545 хэмнэлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллалаа. Эрчим хүчний салбарыг өрсөлдөөнт зах зээлд шилжүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох зорилт дэвшүүлэн төвийн бүсийн томоохон 12 компанитай “Урамшуулалт зохицуулалтын гэрээ”-г байгуулан ажилласнаар салбарын хэмжээнд цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал буурсан. Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар 33,2 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 60.8 мянган Гкал дулааны эрчим хүч буюу 7.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажилласан байна. Дотоодын дулааны цахилгаан станцуудын диспетчерийн график төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээгээр урамшуулал олгох журам тогтоосноор 2018 оны хэрэглээний өсөлт болох 270 сая кВт цахилгааны 92 хувийг дотоодын цахилгаан станцуудаас хангаж 28 тэрбум төгрөгөөр импортын эрчим хүчний төлбөрийг бууруулсан. Эрчим хүч хэмнэлтийн хууль батлагдсанаас хойш 82 эрчим хүчний аудитор, 151 эрчим хүчний хэмнэлтийн менежерийг бэлтгэж, ажилд оруулаад байна. Өнгөрсөн онд нийт 29 байгууллага эрчим хүчний аудит хийлгэж, эрчим хүч хэмнэх тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн эрчим хүч хэмнэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын оролцоотойгоор Ерөнхий боловсролын 241 сургуулийн 139 мянга гаруй хүүхдэд “Эрчим хүчний хэмнэлт-зохистой хэрэглээ” хичээлийг заасан гээд маш олон ажил хийгдэж, тодорхой үр дүнд хүрсэн.

-Цаашид эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ямар ажлууд хийх вэ?

-Засгийн газраас Эрчим хүч хэмнэлтийн Үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр маань 2018-2022 оны хооронд хэрэгжинэ. Хөтөлбөрт 18 зорилт бүхий 53 үйл ажиллагааг эрчим хүч, барилга, аж үйлдвэр, тээвэр, нийтийн салбарт хийхээр тусгаж өгсөн байгаа. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэмнэх, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлын хэмнэлт бий болох боломж бүрдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Тиймээс хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар хийж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: АЙЛ ӨРХИЙН ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ БОДИТ ӨРТГӨӨСӨӨ 25 ХУВЬ, ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ 2 ДАХИН ХЯМД БАЙГАА

-Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд өнгөрсөн 2018 онд ямархуу ажлууд хийв? Хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажил зохион байгуулах, Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн техник, эдийн засаг, үр ашгийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, Эрчим хүчний урамшуулалт зохицуулалтын тогтолцоог нэвтрүүлэх, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, цахилгаан эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн загварт шилжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хорооны хөгжлийн стратеги, хүний нөөцийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх гэсэн 5 үндсэн зорилт дэвшүүлэн тодорхой үр дүнд хүрсэн. 2018 онд нийт 20  тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, үүрэг, даалгавар, зөвлөмж өгч ажиллалаа. “Урамшуулалт зохицуулалтын журам”-ыг баталж, төвийн бүсийн томоохон 12 компанитай уг журмын дагуу гэрээ байгуулан ажилласнаар 9.0 тэрбум төгрөгийн үр ашиг бий болгож чадлаа. Эрчим хүчний зохицуулах хороонд 2018 онд нийт 2123 хэрэглэгчийг хамарсан 201 өргөдөл гомдол ирсний 53 хувь  буюу 107 нь цахилгааны 41 хувь  буюу 83 өргөдөл нь дулааны эрчим хүчний асуудалтай холбоотой байна. Хэрэглэгчдээс ирсэн өргөдөл гомдлыг судлан шалгаж,шийдвэрлэхээс гадна хэрэглэгчээс 90.3 сая төгрөгийг илүү нэхэмжилсэн болохыг тогтоож, хэрэглэгчдэд  буцааж олгосон байна.

-Эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хэрхэн хангах вэ?

-Жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахын тулд суурилагдсан хүчин чадлаа нэмэгдүүлэх, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, дотоод хэрэглээний эрчим хүчийг бууруулах гээд олон арга хэмжээ авч ажиллаж байгаа. Өнгөрсөн 2018 онд Засгийн газраас "Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийг баталж гаргалаа. Өөрөөр хэлбэл, 2018-2023 он хүртэл эрчим хүчний салбарт хийж, хэрэгжүүлэх ажлыг маш ойлгомжтой, цэгцтэй болгож, төлөвлөж өгсөн. Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 оноос цахилгаан импортлох асуудлыг зогсоож, эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангаж, нөөц чадлын эх үүсвэр бий болгоно гэдэг зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр ажиллаж байгаа цахилгаан станцуудаа өргөтгөх, мөн шинэ эх үүсвэрүүд барьж байгуулах гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа.

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нийт үйлдвэрлэлийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ? Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ямар түвшинд байна вэ?

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,334.4 МВт. Үүний 18 хувь буюу  240.4 МВт нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд байгаа. Өнгөрсөн 2018 онд 468.8 сая.кВт.ц цахилгааныг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлсэн байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн үнэ тариф өсч, нэгдсэн сүлжээний горим ажиллагаанд хүндрэл учруулах нөхцөл бүрдэж байгаа. Тиймээс УИХ-ын зарим гишүүд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьсан.Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ хаврын чуулганаар батлах байх.

-Эрчим хүчний салбар 2018 онд  19 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдалд юу нөлөөлж байгаа вэ?

-Валютын ханшийн өсөлт, тээврийн зардал, нүүрсний үнэ, татвар шимтгэлийн нэмэгдэл гээд эрчим хүчний үнэ тарифт нөлөөлөх олон хүчин зүйл бий. 2015 оноос  хойш эрчим хүчний үндсэн үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй. Зөвхөн сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифт өөрчлөлт орсон. Гэтэл энэ хугацаанд  нүүрсний үнэ 40 хувиар, нүүрсний тээврийн зардал 10 хувиар, мазутын үнэ 31.8 хувиар, гадаад валютын ханш 31.6 хувиар, ашиглалтын усны үнэ 20.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Эрчим хүч үйлдвэрлэх зардал өсөн нэмэгдэж байхад эрчим хүчний үнэ тариф хэвээрээ байгаа. Өнөөдөр айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ бодит өртгөөсөө 25 хувиар,  дулааны эрчим хүчний үнэ 2 дахин хямд байгаа нь эрчим хүчний салбарт эдийн засгийн алдагдал үүсэх гол хүчин зүйл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж