Монголын “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний ”Wolf totem” дуу анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигджээ.
Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа “Youtube”-т 18 сая хүний хандалт авч, дэлхийн алдартай сайтууд тэдний уран бүтээлийг онцлоод буй. Тус хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн ахлагчийг Ц.Галбадрах гэдэг.
МУГЖ Б.Дашдондог манай сайтад өгсөн ярилцлагадаа “The HU” хамтлагийг бүрдүүлэхэд үндэсний хөгжим тоглодог залуус дунд сонголт хийхэд амар байсангүй. Яг рок урсгал руу ороод тоглочих, тэр хэмнэлийг мэдэрдэг байх нь чухал байсан. Үндэсний хархираа хөөмийг гэхэд үндэсний хэв маягаас нь рок урсгал руу өөрчилж, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүй тоглож байгаа.
Миний хувьд ийм уран бүтээлчдийг олж, сонгох нь хэцүү байлаа. Хамтлагийн бүх гишүүд хөгжмийн боловсрол эзэмшиж, уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглоно. Тэд хөх, улаан морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог. Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй гэдгээрээ онцлог” тухай ярьсан билээ.
“The Hu” хамтлагийнхан анхны цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо нээлтийг гадаадад хийхээр төлөвлөж байгаа ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ