Троллуудад боломж бүү олго. Лайк, шэйрээр битгий дэмж

Хуучирсан мэдээ: 2019.04.08-нд нийтлэгдсэн

Троллуудад боломж бүү олго. Лайк, шэйрээр битгий дэмж

Монголчууд бид Facebook хэмээх нийгмийн сүлжээтэй танилцаад 10 гаруй жилийг үджээ. Facebook-ийн ачаар бид хол газар байгаа ойр дотны хүн, найз нөхөдтэйгөө хил хязгаарыг үл хамааран хэдхэн минут, секундын дотор холбогдож, тэдний ертөнцөөр аялах боломжтой болсон. Мөн бид улсынхаа төрийн тэргүүн, шүтэн биширч явдаг дуучин, жүжигчин, улстөрч гээд дэлхийд нэрээ дуурсгаж буй эрхмүүдтэй найзалж, санал бодлоо чөлөөтэй хуваалцах тэгш боломжийг энэ цахим талбар бидэнд олгож байгаа билээ.

Тэгвэл Facebook цахим талбарт хүн хоорондын харилцаанаас гадна худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын асуудал хүртэл яригдаж, эдийн засаг цахим хэлбэрт шилжиж байгааг харуулах болов. Иргэд өнөөдөр лангуу түрээсэлж, бараа бүтээгдэхүүнээ борлуулахаас илүүтэй цахим орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болсон. Энэ мэтчилэн Facebook бол хүн төрөлхтнийг хооронд нь холбох чухал хэрэгсэл болоод байгаа юм.

Статистик мэдээллээс харахад, дэлхий дээр амьдарч буй 7.6 тэрбум хүний 75 хувь нь интернетэд орох боломжтой бүс нутагт амьдарч байна. Мөн хоёр хүн тутмын нэг нь утсаа аваад хүссэн газар уруугаа дуудлага хийх боломжтой, гурван хүн тутмын нэг нь сошиал медиа ашиглах, түүгээр дамжуулан дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой байна. Харин дэлхий дээр амьдарч буй дөрвөн хүн тутмын нэг нь л дижитал эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байна. Энэ нь бидний бодсоноос хамаагүй бага үзүүлэлт юм.

Тэгвэл үүнийг Монгол Улсын жишээ дээр харвал, өнөөдөр монголчууд бид интернэт хэрэглээгээрээ дэлхийд 10-т, Ази тивдээ тэргүүн байр эзэлж байна. Мөн Монгол Улсад ухаалаг утасны хэрэглээ 4 саяд хүрч, нэг хүн дөрвөөс доошгүй facebook аккаунттай гэсэн мэдээлэл гарчээ. 

"Сайн хажуугаар саар" гэгчээр монголчууд төдийгүй дэлхий нийтэд цахим талбарыг ашиглах, тэрхүү талбарт байгаа өөрийн хувийн мэдээллийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж, нийтлэлээ ямар хүмүүст харуулахаа тохируулах зэргээр цахим орчны боловсрол олгох асуудал тулгамдаж байгааг Facebook компаниас онцолж байна.

Учир нь, Facebook орчинд иргэдийн санал бодлыг ашиглан, сэтгэл хөдлөл дээр нь тулгуурлан хялбархан алдарших, эрх мэдлийг гартаа оруулах гэсэн хүмүүс олширсон нь дэлхий нийтийн толгойн өвчин болоод байгаа юм. Тэдгээр хүмүүсийг троллууд гэх бөгөөд тэд цахим орчинд иргэдийг өдөөн турхирч, нийгмийн сэтгэл зүйг сөрөг зүйлс рүү чиглүүлж, эрх мэдлийг гартаа оруулж, хүнийг гүтгэн доромжилж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байна. Энэ талаар судалгаа хийсэн доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг ярихдаа: 

"АНУ олон нийтийн сүлжээг 2008 оноос хойш хүчтэй ашиглаж эхэлсэн бөгөөд үүнийг өөрт хамгийн ашигтайгаар ашиглаж чадсан хүнээр Ерөнхийлөгч Дональд Трампыг нэрлэж болох юм. Харин Монгол Улс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар анх нэр дэвшигчид сошиал сүлжээнд эерэг, сөрөг сурталчилгаа явуулж эхэлсэн. Гэтэл 2016, 2017 оны УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль нь нийгмийн сүлжээ ямар хүчтэй болохыг харуулсан. Учир нь, жил ирэх тусам сонгогчдын оролцоо буурч байсан. Судлаачид ч 2016 онд сонгогчдын 60 орчим хувь нь саналаа өгөх болов уу гэж тооцоолж байсан ч сонгуулийн ирц 71 хувьтай гарсан. Энэ бол сошиал медиагийн хүч. Энэ мэт эерэг нөлөөллийн хажуугаар сөрөг зүйлс ч бас ажиглагдаж байна. Тухайлбал, сошиал сүлжээнд маш их хуурамч мэдээ хурдтайгаар тархаж байна. Хуурамч мэдээ ямар үр дагаварт хүргэж болохыг харуулсан хамгийн том жишээ бол 2016 оны АНУ-ын сонгуулийн үр дүн.

Популизм, үндсэрхэг үзэл ярьдаг, бодлого биш эмоци дээр "тоглодог" технологи 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй нөлөөлсөн.

Сүүлийн үеийн сонгуулиудад "гудамжны" популистууд сошиал орон зайд орж ирж, хараа хяналтгүй, цензур бага нөхцөл байдлыг ашиглаж сөрөг сурталчилгаа явуулж байна.

Мөн 2017 оны сонгуулиар бодлого, мөрийн хөтөлбөр ярих боломж олгоогүй. Янз бүрийн бичлэг, хуурамч мэдээлэл л хүчтэй тархаж байсан.

Эндээс үзэхэд, ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол дараа дараагийн сонгуульд сонгогчид цэвэр сэтгэл хөдлөл, үндэс угсаа, үзэн ядалт, үндсэрхэг үзэлд тулгуурлаж сонголт хийх эрсдэлтэй" гэсэн юм.

Иймээс өнөөдөр дэлхий нийт "хуурамч мэдээ"-ний эсрэг арга хэмжээ авч хэлсэн. Тодруулбал, ОХУ "хуурамч мэдээ"-ний эсрэг хууль батлах үед ард түмэн нь дургүйцлээ илэрхийлээд амжсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Сингапур улс "хуурамч мэдээ"-ний хуулийг баталсан нь Facebook болон технологийн "акул"-уудыг цочирдолд оруулаад байгаа тухай "Кorea times" мэдээлж байна. 

Харин Монгол Улс троллууд, хуурамч мэдээтэйгээ хэрхэн тэмцэх талаар одоогоор тодорхой яригдсан зүйл алга байна. Facebook компанийн зүгээс Харилцаа холбооны зохицуулах газартай хамтарч ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Үүнээс гадна Монголын 20 сургуулийн сурагчдад эхний ээлжид цахим орчны боловсрол олгоно гэдгийг "Facebook" группийн Хонконг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен хэлсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ "Улс орон бүрийн нөхцөл байдал өөр тул Facebook компанид Монголын зах зээлийн мэргэжилтнүүдийг урьж, ажиллуулж байна. Ингэснээр монголчуудад илүү аюулгүй интернэт хэрэглээ, цахим орчныг бий болгох чиглэлд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт" гэдгийг дурдсан билээ. Үүнээс гадна Facebook нь аливаа нийтлэлийг устгахдаа заавал шүүхийн шийдвэрийг харгалзан байж зөвшилцдөг гэдгийг дуулгасан юм. 

Монголчууд бид хуурамч мэдээ, троллуудын золиос болсоор байх уу гэсэн асуултад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонирхолтой хариулт өгсөн юм. Тэрбээр"Peacebook форум-2019″ чуулганы үеэр хэлэхдээ "Дэлхийн хамгийн тайван улс Шинэ Зеландад болсон халдлагатай холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд маш ухаалаг, зөв шийдэл гаргасан. Тэр энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг бид гэсгээнэ. Гэхдээ хамгийн том шийтгэл нь би энэ хүний нэрийг хэзээ ч дурдахгүй, энэ бүхний талаарх мэдээллийг хэзээ ч түгээхгүй.

Яагаад гэвэл хэдхэн хором хүмүүсийн анхаарлыг татаж, танигдахын тулд аймшигт халдлага үйлдсэн этгээдийг хэн ч мэдэхгүй өнгөрөх нь тэдэнд оногдох хамгийн том шийтгэл. Үүнтэй адилхан бид сошиал медиад хэт экстрим, үндсэрхэг үзэл ярьж байгаа хүмүүсийг анзаарахгүй өнгөрөөх хэрэгтэй. Тэдэнд цагаа битгий үр. Хэрэв эдгээр хүмүүстэй зууралдаж эхэлвэл тэд зөрүүлээд арван давхар хараал хэлж, сэтгэл ханамж авна. Тийм боломжийг л бүү олго" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж