Монгол Улсын Засгийн газар гуравдугаар сарын 21-нээс “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын онц дэглэм тогтоогоод буй. Онц дэглэм тогтоосноор Засгийн газар дангаараа шийдвэр гаргах, бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчлөх боломжтой болсон. Тиймээс ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, “Монголын зэс” корпорацийн төлөөлийг халж, өрөөг нь лацдаж буйгаа орон даяар шууд дамжуулсан. Бүтэн сар орчмын хугацаанд тус үйлдвэрийн зарим удирдлагын орон тоо эзгүй байсан юм.
Харин өнгөрсөн Баасан гаригт /2019.04.05/ үйлдвэрийн зарим удирдлагыг томилжээ. Шинээр томилогдсон дэд захирлууд нь үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн "гарын" хүмүүс гэхэд болно. Тухайлбал, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнхийг томилжээ. Тэрбээр өмнө нь энэ албан тушаалд ажиллаж байсан юм. Энэ үйлдвэрт олон жил болсон хүний нэг бол Т.Батмөнх. Х.Бадамсүрэн захирлаар томилогдсоныхоо дараа түүнийг энэ албанд томилсон байна.
Харин Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэгийн оронд Д.Үүрийнтуяаг томилсон бөгөөд тэрбээр 2017 оноос Х.Бадамсүрэн захирлын зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тухайн үед Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг өөртөө зориулан есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөхийн баг ажиллуулж, өндөр цалин өгч байна гэсэн шүүмжлэл багагүй хугацаанд өрнөсөн ч тэгсхийгээд намжсан.
Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирлаар П.Энхбатыг томилсон. Тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаад, 2012 онд Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа 1,3 тэрбум төгрөгийн асуудалд орж, хуулийн байгууллагын хаалгыг багагүй хугацаанд сахиж суусан. Гэвч түүний хэрэг хэрхсэн нь тодорхойгүй намжсан. Тэрбээр 2017 оны наймдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани “РСЦ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаад ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирлаар томилогдов.
Тус үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал Д.Дэлгэрбаяр нь хуучин албандаа үлдсэн бөгөөд тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Мөн тэрбээр Орхон аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан зэрэг нь энэ албан тушаалдаа үлдэх боломж нь байсан болов уу.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ