Дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов /1991.04.10/ | News.MN

Дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов /1991.04.10/

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов /1991.04.10/

-"Ньюс" агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна-

1241.04.11 Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын Бела IV вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг Сайо голын эрэгт бут цохиж, ялгуусан ялалт байгуулжээ.

1914.04.12 Улсын хурлын газрыг байгуулахыг хүсч айлтгасныг Богд хаан зөвшөөрөн, бичиг цохжээ. Уг бичигт “Дэлхий дахины олон хүчирхэг бөгөөд баян боловсорсон улс цөм Улсын хурал нээн шийтгэж, төлөөний хүн гаргаж, Дээд хуралд улс төрийн ашиг зовлонг хэлэлцэх ба Доод хуралд газар орон дор тус бүхий их төлвийг тайлбарлан хэлэлцэх дор тус тус тэргүүн байгуулж, нийтийн бодлого нэгтгэснээс бүх хүчнийг олжихуй. Манай улс хурлын тэргүүн, төлөөний хүн энэ удаа сонгон гаргасан үгүй хэмээвч харьяат сайд түшмэд нийтээр газар орны байдлын төлвийг төсөвлөн мэдэж чадахын тул, зүй нь урьдаар Улсын Дээд, Доод хэмээх хоёр хурлыг үүсгэн шийтгэсүгэй’ гэжээ.

1921.04.10 Бүх цэргийн Зөвлөлийг байгуулав.

1921.04.14 Барон Унгерн 19-45 насны буриадуудыг цэрэгт татах тушаал гаргажээ. Ингэхдээ тушаалыг үл дагагсдыг хатуу ширүүнээр залхаан цээрлүүлэхээр зарласан байдаг.

1924.04.11 Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав.

1925.04.10 Дарьгангад АЗГ-ын төлөөний түшмэл суух болов. Улиастай, Алтанбулаг хотын түр захиргаа байгуулах шийдвэр гаргажээ.

1938.04.12 Өрөмч хотод Гоминданы ноёрхлыг ард түмэн түлхэн унагаж, хувьсгалт засаг тогтов.

1941.04.13 Хүнсний үйлдвэрийн яам байгуулагдав.

1956.04.12 “Хятад Монголын 1956 оны соёлын хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө”-нд Бээжин хотноо гарын үсэг зурав.

1957.04.08 БНЧСУ-БНМАУ-ын хооронд соёлын талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулагдав. Мөн хоёр орны хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдав.

1959.04.08 Хятад-Монгол-ЗХУ-ын төмөр замын тээврийн төлөөлөгчдийн тав дахь удаагийн хамтарсан хурал болон Хятад-Монгол Улсын хилийн төмөр замын комиссын ээлжит хурал Эрхүү хотноо нээлтээ хийв. Энэ өдөр Хөх хотын төмөр замын хэсгийн төлөөлөгчид ЗХУ-ын Эрхүү хотын хуралдсан Хятад-Монгол, ЗХУ гурван улсын төмөр хилийн төмөр замын тээврийн хамтарсан комиссын “Хятад-Монгол улсын хилийн хамтын ажиллагааны комисс”-ийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

1961.04.10 БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны шийдвэрээр БНМАУ-ын эдийн засаг болон бусад салбарт идэвхтэй ажилласан 104 хятад ажилчдыг эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан одон, медаль, жуух бичгээр шагнав.

1961.04.14-ний үдээс хойш Улаанбаатар дахь Үйлдвэрчний эвлэлийн хурлын танхимд АИХ-ын тэргүүлэгчид болон БНМАУ-ын Засгийн газраас БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад тусалсан Хятадын 305 ажилчинд одон медаль, жуух бичиг олгох ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.

1965.04.14 БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Сүхбаатарын районыг байгуулав. Хожим нь 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болгон, шинээр зохион байгуулжээ.

1972.04.13 Монголын архитекторчдын эвлэлийн анхдугаар их хурал хуралдав.

1978.04.08 БНХАУ-ын Засгийн газар “ЗХУ нь БНМАУ-аас өөрийн цэргээ гаргах тухай нот бичиг” гаргасныг БНМАУ-ын Засгийн газар шүүмжилсэн байна.

1987.04.11 ЗХУ-ын БХЯ, ЗХУ-ын удирдагчдын шийдвэр болон БНМАУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийг үндэслэн ЗХУ-аас БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр “түр байрлаж буй” мото механикжуулсан болон зарим нэг тусгай анги нэгтгэлийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс татах ажлыг эхлүүлсэн хийгээд Зөвлөлтийн цэргийн анги нэгтгэл нь 1963 оноос эхлэн БНМАУ-д байрлаж байгаа тухай мэдэгдсэн боловч ЗХУ-ын талаас БНМАУ-д байрлаж буй цэргийн анги нэгтгэлийн тоог зарлаагүй байна.

1989.04.08 “Хятад Монголын Иргэний агаарын тээврийн хэлэлцээр”-т Бээжин хотноо гарын үсэг зурав.

1990.04.10-13 МАХН-ын Онц их хурал хуралдав.

1991.04.10 Хятад Монголын хилийн боомтын үйл ажиллагааг зохицуулах асуудлаар хоёрдугаар ээлжийн хэлэлцээ Бээжинд зохион байгуулагдав. Хоёр тал дамжин өнгөрөх хилийн найман боомтыг нээхээр тохиролцов.

1993.04.13 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Хятадын Засгийн газраас нэг сая юанийн яаралтай тусламж үзүүлсэн бол Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 10 мянган ам.долларын тусламж үзүүлэв.

1994.04.11 Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын ГХ-ийн сайд нар Хятад, Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцов. Хоёр талын сайд нар хэлэлцээр өндөрлөсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монголын Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримтад гарын үсэг зурж, мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа"-ны гэрээнд гарын үсэг зурав.

2004.04.12 Замын-Үүд-Бээжингийн хооронд тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг албан ёсоор явуулж эхлэв. Тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг явуулах болсонтой холбогдуулан Замын-Үүд-Бээжингийн хоорондох олон улсын засмал замыг нээжээ.

2006.04.11 БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, энэ жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475,77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт ажээ.

2013.04.12 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоган бараалхав.

2016.04.14 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж