Өөрчлөлтийг хүссэн Алжирчуудын ирээдүй олон улсын анхааралд байна

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Өөрчлөлтийг хүссэн Алжирчуудын ирээдүй олон улсын анхааралд байна

Өөрчлөлтийг хүссэн Алжирчуудын ирээдүй олон улсын анхааралд байна

Алжир улсыг 20 жил удирдсан, тав дахь удаагаа сонгогдохоор төлөвлөж байсан Ерөнхийлөгч Абдельазиз Бутефлика огцорлоо. 82 настай, өвчтэй, сул дорой өвгөнийг төрийн тэргүүний суудалд 20 жил харсаар залхсан тус улсын залуучууд олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, огцрохыг шаардсан юм. Алжир улсад энх тайвныг цогцлоосон гэгдэж буй Абдельазиз Бутефликагийн оронд хэн ирээдүйн Алжир улсыг удирдах нь олон улсын анхаарлыг татаж байгаа билээ.

АБДЕЛЬАЗИЗ БУТЕФЛИКА ГЭЖ ХЭН БАЙВ

Абдельазиз Бутефлика бол бүхий л амьдралаа улс төрд зориулсан хүн. Тэрбээр 1963 онд 26 насандаа Алжирын Гадаад хэргийн хамгийн залуу сайд болж байв. Тэрбээр ерөнхийлөгч Хуари Бумедьена өөд болтол нь буюу 1978 он хүртэл Гадаад хэргийн сайдаар ажилласан.

Харин 1980-аад оны эхээр Бутефлика авлигын хэрэгт холбогдож, Алжир улсыг орхисон юм. Хожим нь, зургаан жилийн дараа эх орондоо буцаж ирсэн бөгөөд “Үндэсний чөлөөлөх фронт” намыг удирдах болов.

1991 онд “Исламын аврах фронт” нам парламентын сонгуульд ялах нь тодорхой болох үед тус улсын цэргийн удирдлагууд төрийн эргэлт хийж, тухайн үеийн ерөнхийлөгч Шадли Бенджедидаг огцруулж, улмаар сонгуулийг цуцалсан билээ. Энэ үед Исламчууд дургүйцлээ илэрхийлж, төрийн эргэлт хийснийх нь хариу болгож террорист ажиллагаа зохион байгуулсан нь цуст иргэний дайныг өдөөсөн юм. Энэ дайнд 44 мянгаас 200 мянга гаруй хүн амиа алдсан гэсэн тоо байдаг.

1999 оны хавар Бутефлика анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Тэрбээр сонгуульд оролцсон нийт иргэдийн 74 хувийн саналыг авчээ. Зургаан сарын дараа дахин санал хураалт явуулахад тэрбээр олон нийтийн дэмжлэгийг хүлээж, үндэсний эв нэгдлийн бодлогыг хэрэгжүүлж, хүнд гэмт хэрэг үйлдээгүй исламчуудад өршөөл үзүүлэх болсон. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгосон явдал нь Алжирын түүхэн дэх “хар арван жил”-ийн төгсгөл болсон гэгддэг ажээ.

2004 онд Бутефлика сонгуульд дахин нэрээ дэвшүүлж, иргэдийн 85 хувийн саналыг авсан. Тэрбээр үндэсний эв нэгдлийн бодлогоо үргэлжлүүлж, исламчуудын эсрэг сөргөлдөөнийг зогсоов. Энэ цаг мөчөөс хойш Алжирын аюулгүй байдал хангагдаж, гадаадын хөрөнгө оруулалт тус улсыг зорих болов. Улмаар Бутефлика 2008 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, нэр дэвшигч хэчнээн ч удаа Ерөнхийлөгч болох боломжтой болжээ. Улмаар 2009 оны дөрөвдүгээр сар Бутефлика иргэдийнхээ 90 хувийн саналыг авч гурав дахиа төрийн тэргүүнээр сонгогдов. Хэдийгээр 2011 онд Алжирт “Арабын хавар”-ын эсэргүүцлийн жагсаал эхэлсэн ч Засгийн газар нь нөхцөл байдлыг тэр даруй гартаа оруулж, "гал"-ыг унтрааж чадсан юм. 1992 оноос хойш хэрэгжиж байсан онц байдлын дэглэм болон эдийн засгийн шинэчлэлийг цуцалснаар Бутефлика болон түүний Засгийн газар Ливи, Тунис, Египт, Йемен болон  бүс нутгийн бусад улс оронд тохиосон үйл явдлаас холуур өнгөрөв.

2013 онд Бутефлика цус харваснаас хойш өнөөдрийг хүртэл тэрбээр тэргэнцэр дээр сууж байгаа бөгөөд олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больж, гадаадад олон жил эмчлүүлж байгаа билээ. Ингэхдээ тэрбээр 2014 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж ялсан юм.

Хэдийгээр бие нь сайнгүй байгаа боловч  Бутефлика энэ оны хоёрдугаар сарын 10-нд Алжирын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлсэн нь ард түмэн тэр дундаа залуучуудад том цохилт болсон билээ.  Ард түмний дийлэнх хувийг 30 хүртэлх насны залуучууд бүрдүүлж байгаа бөгөөд тэд өвчтэй, сул дорой Ерөнхийлөгчийг харсаар залхаж буйгаа илэрхийлж бослого гаргав. "Тав дахь удаагаа дахин сонгогдох эрх байхгүй" гэсэн уриа үгтэй бослогод 20 мянга гаруй хүн оролцсон ч гуравдугаар сард тус акц эрчээ авч 100 мянга гаруй хүнийг хамраад байгаа юм.

Эрх баригчид бослогыг намжаах гэж төрөл бүрийн арга хэмжээ авч байна. Тодруулбал, баасан гариг бүрт нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож, оюутнуудын амралтыг урагшлуулж гэртээ харихыг шаардаж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд бослогод оюутнуудаас гадна, хууль, сэтгүүлч, ажилчид нэгджээ.

Ийнхүү залуучуудын эсэргүүцлийн акцаас болоод гуравдугаар сарын 11-нд Бутефилка Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс татгалзсан юм. Улмаар эрх баригчид сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Ерөнхий сайдыг сольж, бүх ард түмний хэлэлцүүлэг зохион байгуулж, үндсэн хуульд өөрчлөлт оруулан, төрийн тэргүүний сонгуулийг явуулах болно гэсэн амлалт өгчээ. Гэсэн хэдий ч сөрөг хүчнийхэн эрх баригчид нөхцөл байдлыг гартаа оруулахын тулд худал амлалт өгч байна гэж хардаж, эсэргүүцлийн акцаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Эцэст нь, Бутефликаг огцруулах уриалгад цэргийнхэн албан ёсоор нэгджээ. Гуравдугаар сарын 26-нд Алжирын зэвсэгт хүчний дарга Ахмед Гаид Салех үндсэн хуулийн 102 заалтыг хэрэгжүүлэхийг уриалжээ. Тус заалт ёсоор төрийн тэргүүн урт хугацаанд хүнд өвчтэй байсан тул албан тушаалаасаа буух боломжтой ажээ.

Ингээд дөрөвдүгээр сарын эхэнд Ерөнхийлөгчийн тамгын газраас Бутефлика бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар албан тушаалаасаа бууна гэдгийг мэдэгдэв. Харин Ахмед Гаид Салех  ерөнхийлөгчийг яаралтай огцруул гэдэг уриалга гаргаснаар Бутефлика хугацаанаасаа өмнө огцрохоо мэдэгдэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Би улс төрийг орхиж байна. Гэхдээ улсынхаа ирээдүйгээс хэзээ ч айхгүй байна. Та нар шинэ удирдагчтайгаа шинэчлэлийн замыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Манай улс цэцэглэн хөгжих, аюулгүй байдлаа хангахад та нар  бүхий л хүчээ дайчилна гэдэг итгэж байна" гэж хэлээд ард түмнээсээ уучлалт гуйжээ.

Алжир улсын ажилгүйчүүдийн ихэнх хувийг залуучууд бүрдүүлдэг. Үүнээс гадна эдийн засаг нь газрын тос, байгалийн хийгээс хараат энэ улсын цаашдын хувь заяа хэрхэх бол гэсэн асуултад хариулт одоогоор гарч ирээгүй байна. Залуучууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа хэдий ч тэдний дундаас дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүн харагдахгүй байна. Нэр дэвших хүн гарч ирлээ ч Бутефликагийн хүрээг эвдэхэд хэцүү. Бутефлика төрийн эрх барих хугацаандаа улс төрийн хүрээг өөрийн хүмүүсээрээ бэхжүүлсэн гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж