Оны шилдэг дасгалжуулагчаар хэн тодрох бол

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Оны шилдэг дасгалжуулагчаар хэн тодрох бол

Оны шилдэг дасгалжуулагчаар хэн тодрох бол

Сагсан бөмбөгийн хүчирхэг лиг НБА-н 2018-2019 оны улирал өндөрлөхөд багуудад хоёроос гурван тоглолт үлдээд байна. Энэ өдрүүдэд лигийн оны шилдэг дасгалжуулагчийн сунгаанд хамгийн хүчтэй яригдаж буй эрхмүүдийн нэр аль хэдий нь тодроод байгаа. Тодруулбал, Милоуки Бакс багийн Майк Буденхольцер, Денвер Наггетс багийн Майкл Мэлоун, Индиана Пейсерс багийн Нейт МкЛиллан, Брүүклин Нэтс багийн Кенни Аткинсон болон Торонто Рэпторс багийн Ник Нурсе нарын дасгалжуулагчдаас 2018-2019 оны шилдэг дасгалжуулагч тодорно.

  • М.Буденхольцер (Милоуки Бакс): 2019 он гарсаар хоёр удаа сарын шилдгээр нэрлэгдээд буй М.Буденхльцер хоёр дахь удаагаа НБА-н оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдэхэд тун ойрхон байна. Өдгөө 49 настай Америк дасгалжуулагч М.Буденхольцер 2014-2015 оны улиралд Атланта Хаукс багийг удирдаж байхдаа оны шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдэж байсан. НБА-н алдарт дасгалжуулагч Г.Поповичоос сагсан бөмбөгийн дасгалжуулагчийн арга ухааныг сурсан М.Буденхольцер НБА-д бие даан хоёр дахь багтаа ажиллаж байгаа. Өнөө цагт маш амжилттай баг удирдаж буй эрхэм бол М.Буденхольцер юм. Түүний удирдсан баг самбартаа НБА-н багуудаас хамгийн шилдэг үзүүлэлттэй байгаагаас гадна хамгаалалт, 3 онооны шидэлтийн үзүүлэлт үнэхээр сайн байгаа. М.Буденхольцер дасгалжуулагчтай Милоуки Бакс баг хожлоор лигийг тэргүүлж байгаа бөгөөд тэдний араас Торонто 3 хожил, Голден Стэйт 4 хожил, Денвер 5, Хьюстон 6 хожил дутуу яваа гэхээр яалт ч үгүй М.Буденхольцер дасгалжуулагч лигийн шилдэг гэдгээ харуулж байна. Түүний гар дор Яннисаас гадна К.Миддлтон, Э.Блецо нарын залуус гялалзаж байгаа. Энэ оны бүх-оддын оддын тоглолтод Яннис, К.Миддлтон нар оролцсон. Магадгүй улирлын төгсгөлд Милоуки Бакс багаас улирлын үнэ цэнэтэй тоглогч болон оны шилдэг дасгалжуулагчийн шагналын эзэд тодорсон байхыг харахыг үгүйсгэхгүй юм.
  • М.Мэлоун (Денвер Наггетс): НБА-н нэгэн үеийн шилдэг тоглогч К.Энтониг Денвер Наггетс багаас явсны дараа энэ багийг “бараг” мартсан сагсан бөмбөг сонирхогчид байсан болов уу? Арга ч үгүй биз, К.Энтони багаа орхиж явснаас хойш 2 жилийн дараагаас Денвер Наггетс плэй-оффын баг биш болсон. Тэгвэл Денвер Наггетс баг 6 улирлын дараа плэй-оффт эргэн ирэхдээ зүгээр ч нэг ирсэнгүй дивизионы аваргаа аваад ирлээ. Энэ бол харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй Денвер Наггетс багийг удирдаж буй М.Мэлоун дасгалжуулагчийн ажлын үр дүн юм. Магадгүй Денвер Наггетс багийн удирдлагуудын тэвчээр, итгэл найдвар М.Мэлоуныг өнөөдрийн энэ амжилтад хүргэсэн ч байж болно. Учир нь М.Мэлоун НБА-н даруухан амжилттай Сакраменто Кингс багаас 2015 оны зун ирж байсан ч энэ улирлыг хүртэл плэй-оффт баг удирдаж үзээгүй байсан. М.Мэлоуны удирдаж буй Денвер Наггетс багт П.Милсап, М.Пламлий, Т.Крэйг нарыг хөгшин гэж үзэхгүй л бол үнэхээр эрч, хүчтэй залуу бүрэлдэхүүнтэй баг бүрдээд байна. Өдгөө Денвер Наггетс багт М.Мэлоуны өөрийнх нь зүлгэж, өнгөлж гарган ирсэн Н.Йокич, Ж.Мюррей, Г.Харрис, М.Бейсли, М.Моррис нарын олон шилдэг залуус гялалзаж байна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө К.Энтони болон А.Аверсон нарыг эгнээндээ нэгтгэсэн Денвер Наггетс багийн тэр үедээ хүрч чадаагүй амжилтыг М.Мэлоун дасгалжуулагчтай дээрх залуус үзүүлж яагаад болохгүй гэж.
  • Н.МкЛиллан (Индиана Пейсерс): Өнгөрсөн 1 сард багийн лидер В.Оладипог бэртэл авч талбайг орхиход Индианагийн улирлын сүүлийн хагасын ирээдүйд эргэлзэгчид нэлээдгүй байсан гэхэд нэг их буруудахгүй байх. Гэвч Индиана Пейсерс багийг энэ хүртэл амжилттай удирдаж плэй-оффт оруулсан эрхэм бол дасгалжуулагч Н.МкЛиллан юм. Ямартаа ч П.Жоржгүй Индианаг 3 дахь улиралдаа амжилттай удирдаж дахиад 48 хожил авахад тун ойрхон ирээд байна. Индианад 3 дахь улиралдаа ажиллаж буй Н.МкМиллан дасгалжуулагч бол плэй-оффын туршлагатай нэгэн. Лигийн сарын шилдэг дасгалжуулагчийн шагналыг мэдээж шилдгүүд хүртэж байгаа. Н.МкМиллан 12 сард уг шагналыг хүртээд амжсан. Энэ бол түүний ажлыг лиг амжилттай гэж дүгнэсний илрэл юм.
  • К.Аткинсон (Брүүклин Нэтс): Брүүклин Нэтс баг 4 жилийн дараа плэй-оффт эргэн ирлээ. Энэ бол К.Аткинсон дасгалжуулагчийн ажлаа сайн хийж байгаагийн илэрхийлэл юм. Улирлын дундуур тун боломжийг тоглолт үзүүлж байсан ч Брүүклин Нэтс баг сүүлийн үед тийм ч хэрэгтэй үр дүнг авч чадахгүй байна. Гэхдээ НБА-д баг удирдаж байсан туршлагагүй К.Аткинсон НБА-д хөл тавьснаас хойш Брүүклин Нэтс багийг шат ахиуллаа. Плэй-оффын гадна үлдээд байсан азгүйдэл К.Аткинсон дасгалжуулагчийн удирдлага дор үгүй болж байх шиг байна.
  • Н.Нурсе (Торонто Рэпторс): Өнгөрсөн зун Сан-Антонио Спөрс багаас К.Леонардыг авахдаа “зууны хулгай”-г хийж шилдэг хамгаалагч Д.Грийнийг өөрийн болгосон Торонто Рэпторс баг энэ улиралд бодитоор багийнхаа түүхэнд аваргын дайралт хийх гэж байна. К.Лаури, Д.ДеРозен нарын эрин үед дивизионы аваргаас цааш шалгарч үзээгүй байсан бол энэ улиралд дивизионы аваргаас илүүтэй илүү том зүйлийг төлөвлөж, харж байгаа болов уу? Багийн ойлголцол, хамгаалалт нь яалт ч үгүй Торонто Рэпторс багийг НБА-н аваргад гол өрсөлдөгч болгоод байна. Эдгээр эерэг үр дүн бол дасгалжуулагч Н.Нурсегийн ажлын үр дүн бөгөөд ийм тэрээр лигийн шилдэг дасгалжуулагчаар шалгарахыг байг гэх газар үгүй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж