Долоо хоногийн онцлох үйл явдал

Хуучирсан мэдээ: 2019.04.07-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох үйл явдал

Б.ЖАРГАСАЙХАНЫГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОВ

Өнгөрч буй долоо хоногт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганы эхний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилов.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ НЭР ДЭВШИГЧ Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР: 

  • 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын газарт хяналтын прокурор,
  • 1990-1996 Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор,
  • 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын газарт прокурор,
  • 2009-2011 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор,
  • 2014-2015 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга,
  • 07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
  • 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ


АН: МАН ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛДСЭЭР, АМЛАЛТАА МАРТСАН

УИХ-ын чуулганы нээлттэй зэрэгцэн Ардчилсан нам, намын гишүүд дэмжигчид болон иргэд эрх баригч намын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа ЖДҮ-чдийг эсэргүүцэн Сүхбаатарын талбайд жагслаа. Энэ удаагийн жагсаалын гол зорилго нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, ШХАБ-д элсэх асуудал болон 2016 оны сонгуульд эрх баригч МАН-ын ард түмэнд хэлсэн амлалтыг сануулсан юм. Эрх баригчид 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ өгч байсан амлалтуудаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд биелүүлээгүй зөвхөн эрх мэдэл албан тушаалын  төлөө тэмцэлдсээр ирсэн. Түүнээс гадна эрх баригчид  мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас ижил дүнтэй зээл авсан нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байгаа юм. Ардчилсан намын зүгээс ЖДҮ-чдэд хариуцлага тооцохыг удаа дараа сануулсан ч эрх баригчдын зүгээс албан тушаал, эрх мэдлийнхээ төлөөх зодооноо хийсээр, хамгийн сүүлд хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн гишүүдийн зөвлөмжөөр чөлөөлөх, парламентын засаглалаас ухарсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийлээд буй. УИХ дахь сөрөг хүчний удаа дараагийн шаардлагад эрх баригчид хариу өгөхөөс илүү олонхоороо асуудлыг шийдсээр ирсэн нь өнөөдрийн үүсээд байгаа парламентын засаглалаас ухарч, бүх эрх мэдлийг ҮАБЗ-ийн гурван гишүүний үзэмжээр шийдэх нөхцөл бүрдээд байгааг шүүмжиллээ.

Түүнээс гадна ШХАБ-д элсэх асуудлыг ч жагсаалын үеэр эсэргүүцэх юм байна. Ардчилсан намын зүгээс ШХАБ-д элсэх асуудлыг эсэргүүцсээр ирсэн бөгөөд сүүлийн үед нэр бүхий улстөрчид болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэн цаг нь болсон, элсэх нь зөв хэмээн дэмжих болсонд харамсч байгаа гэв. Тиймээс АН ШХАБ-д элсэх асуудлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч жагсаалын үеэр илэрхийлсэн билээ.

ДЭЛГЭРЭНГҮЙ


У.ХҮРЭЛСҮХ "МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО" ТББ-ЫН ТЭРГҮҮН БОЛОВ

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын анхдугаар хуралдаан өнгөрч буй долоо хоногт Төрийн ордонд боллоо. Тус төрийн бус байгууллага нь эх оронч үндэсний үзэл, бахархлыг хөгжүүлэн, ард түмнээ соён гэгээрүүлж, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зүтгэх зорилготой бөгөөд 1000 гаруй гишүүнтэй аж.

Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойгоо нэгтгэх, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэх хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, байр суурийг бэхжүүлэн нийгэмд үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах гэнэ.  Мөн Монгол улсын төрийн цэргийн байгууллагуудын цэргийн жинхэнэ албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага аж. Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх бөгөөд орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой гэнэ.

Түүнээс гадна холбоо нь гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох зэргийг дүрэмдээ тусгаж өгчээ.

Ийнхүү анхдугаар хуралдаанаар холбооны дүрэм, бүтцийг баталж, Бага хурлын гишүүд болон тэргүүнээ сонгосон юм. Анхдугаар хуралдаанд нийт 950 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хуралдаан даргалагчийн зүгээс холбооны тэргүүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн бөгөөд 100 хувийн саналаар томилов.


ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ГАДААД ӨР ТӨЛБӨРИЙН АСУУДЛАА БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнгөрч буй долоо хоногт Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар зарлалаа.

“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд  гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ нь Эрсдэлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болсон байна. Эрсдэлийн сангаас гаргасан мөнгөн хөрөнгийг Арбитрын шүүхэд маргаан гаргахад хүргэсэн гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулах асуудлыг цаашид дотооддоо шүүхээр шийдвэрлүүлэх юм.

Хэрвээ Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үл биелүүлж, нэхэмжлэлийг хангаагүй бол олон эрсдэл үүсэх байв. Тухайлбал гадны харилцагч байгууллагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, Арбитрын шүүхийн шийдвэрийг манай улсын хилийн гадна хэрэгжүүлэх, зэсийн баяжмалыг барьцаалах тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудын Олон Улсад зорчих эрхийг хязгаарлах, "Стандарт банк" нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд худалдаалах зэрэг эрсдэлт нөхцөл үүсээд байсан бол төлбөрийг барагдуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадаад өр төлбөргүй боллоо.


АХБ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ 6.7 ХУВЬД ХҮРНЭ ГЭВ

Азийн Хөгжлийн банк (АХБ)-наас Монгол Улсын эдийн засгийн төлөвт дүн шинжилгээ хийснээ өнгөрч буй долоо хоногт танилцууллаа.

АХБ 2019 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж буй бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулбал бага зэрэг саарч 6.7  хувьд хүрнэ гэсэн төсөөллийг дэвшүүлж байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байна хэмээн АХБ-ны тайланд дурдлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 , 2020 онд 6.3 хувь болно гэж таамаглажээ.

“2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан” гэж АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен тодотгоод “2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд дэм болж байгаа юм.

Засгийн газраас үр ашигтай, макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлэх төдийгүй Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж