Хятадын иргэн Зан Юүжин гэх бүсгүйг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Флорида дахь хувийн “Mar-a-Lago” клубт баривчилжээ. Тэрбээр клубт олон тооны электрон хэрэгсэл авч орохыг завдсанаас саатуулагдаж, улмаар тагнуулч хэмээн сэжиглэгдсэн байна. Түүнийг АНУ дахь Хятадын тагнуулын үйл ажиллагааны нэг жишээ хэмээн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ. Мөн тэрбээр энэ хэргийг АНУ болон Хятадын албаныхны хоорондох худалдааны хэлэлцээний үеэр ярилцсан гэж Майк Помпео тодотгожээ. Гэхдээ Зан Юүжинийг хуурамч мэдүүлэг өгсөн, хориотой бүс рүү нэвтэрсэн гэх хэрэгт буруутган дөрөвдүгээр сарын 15-нд шүүхийн сонсгол явуулахаар болсон байна. Энэ хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо “FBI” мөрдөн шалгаж байна. Зан Юүжин нь мэдүүлгээ англи хэл дээр өгсөн ч орчуулагчийн тусламж хүсчээ. Түүнийг буруутгаж буй хэрэгт зургаан жил шоронд хорих хүртэл ял оноох хуультай аж. Зан Юүжин нь Шанхайд төвтэй хувийн фирмд хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилладаг гэж мэдүүлжээ. Түүнчлэн тэрбээр Хятадад 1,3 сая ам.долларын өртөгтэй хувийн сууцтай, “BMW” автомашин унадаг гэхчлэн хөрөнгөтэй нэгэн гэдгээ ойлгуулахыг хичээсэн байна. Тэрбээр АНУ-д гэр бүлийн хамт амрахаар ирсэн аж.
Харин энэ талаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп огтхон ч санаа зовохгүй байна хэмээн мэдэгджээ. Тэрбээр хятад бүсгүйг баривчилсан АНУ-ын Аюулгүйн алба болон клубын хамгаалалтын ажилчдыг сайшаажээ. Трамп өөрөө тус клубт тогтмол очдог ч үүнээс болж клубын гишүүд болон үйлчлүүлэгчдийг орохыг хориглодоггүй аж. Үүнээс гадна Трамп албаны зарим уулзалт, гадаадын зочдыг Цагаан ордонд ёсорхуу уулзалтаас илүү өөрийн эдлэн, клубтээ авчрах дуртай. Тухайлбал тэрбээр өнгөрсөн онд Хятадын дарга Ши Жиньпинийг “Mar-a-Lago” клубт хүлээн авч уулзаж, Сири дэх агаарын цохилтын асуудлыг хэлэлцэн, шоколадтай бялуу идсэн байдаг.
Өмнө өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Флорида дахь тэнгисийн цэргийн баазын зургийг хууль бусаар авсан 20 настай Хятад оюутанд нэг жил хорих ял оноосон. Жао Чиэнли нь урлаг судлалын чиглэлээр Хойд Хятадын их сургуульд суралцдаг бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-д түр хугацаагаар ирсэн байв. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард тэнгисийн цэргийн баазын гаднын хүн орохыг хатуу хориглосон хэсэг рүү зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн аж. Жао Чиэнлигийн өмгөөлөгч түүнийг наран шарлагын газар явж байгаад төөрсөн хэмээн тайлбарласан бол мөрдөгчид түүний утсан дээр зугаалсан газруудынх нь бус зөвхөн цэргийн баазын зургууд байсан хэмээн няцаасан байна. Тус цэргийн бааз нь АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж болзошгүй аюулыг дэлхийн 108 сая км2 газарт хянаж байдаг бөгөөд тэр дундаа усан замаар АНУ-д орж ирж буй хууль бус бараанд хяналт тавьдаг аж.