Албан ёсоор шагналыг нь гардуулан өгөөгүй байгаа ч, "Голден Стэйт Уарриорс" багийн хамгаалагч Стифен Көрри улирлын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон болохыг эх сурвалжууд мэдээлж байна.
Хэвлэлийн бага хурал орон нутгийн цагаар даваа гарагт болно гэнэ. Улмаар хоёрдахь тоглолтын өмнө талбай дээр нь түүнд шагналыг нь гардуулах юм байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Жеймс Харден санал асуулгаар хоёрдугаар байранд оржээ.
Улирлын турш Леброн Жеймс, Крис Пол, Расселл Уэстбрүүк, Энтони Дэвис зэрэг шилдгүүдтэй өрсөлдөж байсан ч багаа 67 хожилд хүргэж 23.8 оноо 7.7 дамжуулалтыг дунджилж байсан Көрриг сэтгүүлчид хамгийн шилдэг нь гэж үзжээ.
Көрри гурваас 44.3 хувьтай шидэж байсан бол, нэг тоглолтонд 2.04 удаа бөмбөг тасалж байсан юм. Энэ жил үзэгчдээс хамгийн их санал авч бүх оддын гараанд сонгогдсон Стеф ийнхүү албан ёсоор лигийн шилдгүүдийн эгнээнд бичигдэх нь.
Эх сурвалж: http://scoreport.mn