Цас шиг бороо, бороо шиг цаснаар | News.MN

Цас шиг бороо, бороо шиг цаснаар

Цас шиг бороо, бороо шиг цаснаар

Цас шиг бороо, бороо шиг цаснаар

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин мөснөөс хүлхэх нь сайхан /Д.Нямсүрэн. Дөрвөн цаг/

Ийм л бүүдгэр тэнгэрээс хаялах цасан ширхэгүүдийг тоолж, буйдхан газар дарс шимсэн шигээ дурсамжаа хөглөмөөр. Хаа нэг, хэн ч олж харахгүй тийм л буланд суучихаад өнө эртний болоод өнөөдрийн дурсамжийг хөглөх ямархан бол.  Цонхны цаана цас бударч байна. Яг миний сэтгэлд үймэрч буй үй түмэн бодлууд шиг цасан ширхэг бужигналдсаар. Тэд газарт унахдаа өвддөг болов уу.   Яг миний сэтгэл шиг. Тэгээд уйлдаг болов уу, яг над шиг хэн нэгэнд гомдож. Энэ цас нулимс ч юм шиг. Эсвэл энэ цасыг өрөвдсөн юм болов уу, би.

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан /Д.Нямсүрэн. Дөрвөн цаг/

Он жилүүд урссаар. Энэ урсгал дунд өч төчнөөн олон хүнтэй учирчээ. Зарим нь  зөвхөн дурсамж болон үлдэж зарим нь дурсамжийг минь хөглөх аялгуу хэвээрээ үлджээ.  Огт дурсамжид минь үлдээгүй, одоо байгаа хэрнээ байхгүй мэт болсон хүмүүс ч бий. Дуулаад өнгөрсөн дуу шиг үргэлж аялах дуртай дуу шиг минь хүмүүс ч бий.  Он жилийн шалгуур, орж онгойдог тэнгэрийн солигдол, ургаж, ганддаг хорвоод хэн нэгний үлдээсэн дурсамжаар амьдарч бас хэн нэгэн миний дурсамжийг хөглөлцөөд амьдарч буй бүхэнд талархмаар. Өнөөдөр биш боловч өнө хожмоо.

Сүүлчийн цас анхны бороо
Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ….

Дурсамж. Хаа нэгтээ яарах мэт тэмүүлэх цасан ширхэгүүд. Харах тусам гуниг төрнө. Хэн нэгэнд хэлэхийг хүссэн үгээ өнөөдөр хэлмээр, эсвэл юу ч бодолгүй цас ширтэн зогсмоор. Тийм гунигт мэдрэмж танд хэзээ тохиодог вэ.   Хаа нэгтээ хэн нэгэн  булангийн буйдхан ширээнд лаа асаагаад намайг хүлээж буй мэт.  Нүүр нүүдгүй будрах цасанд гомдлоо угааж орхиод, ахиад гуниглахгүй, дахиад уйлахгүйгээр амьдармаар. Ингэх уйлахгүй, гунихгүй амьдрал аз жаргал мөн гэж үү. Хааяа цагаахан гуниг хийгээд хэн нэгэнд хөнгөхөөн гомдох  бас аз жаргал биш гэж үү.

Санамсаргүй л цаг хугацаа эхэлсэн, үүлс нүүж эхэлсэн
Салхи салхилж бороо орж, цас хаялж эхэлсэн
Сансрын ийм болзоогүй, учрал ерөөлөөр дүүрэн он жилүүдэд
Санамсаргүй л хүмүүн амьдарч, уул толгод ургаж, ертөнц оршсоор ирсэн /А.Эрдэнэ-Очир/

Хот бүхэлдээ цагаанаар будагджээ. Цас орсоор, дурсамж урссаар.  Цас газарт унангуутаа оргүй, тэнгэрт бударч байсан мөргүй алга болох. Яг энэ цас шиг ор, мөргүй алга болох  хүмүүс ийм хуурамч уу, эсвэл би өөрөө хуурамч уу. Үгүй ээ, амьдрал бүхэлдээ хуурамч. Өнөөдрийн аз жаргал, инээмсэглэл, уй гуниг, нулимс бүхэн хуурамч.  Хорвоо өөрөө хуурамч. Амьдралд нэг л үнэн бий. Тэр нь цаг хугацаа. Цаг хугацаа амьдралыг, чамайг, хүмүүсийг таниулдаг. Тэгээд дурсамж үлдээх эсэхийг  мөн л цаг хугацаа шийддэг.  Учир нь, хүмүүс дурсамжид үлдэж, дурсамж үлдээгээд буцахад цас орсоор л, бороо шивэрсээр л байна.  Баяртай, хуучин дурсамж минь. Чамайг сэтгэлээсээ яг одоо гадаа бударч байгаа цас шиг сэгсрэхийг хүслээ.

Хаана би хэрэгтэй байна
Тийш нь би зүрхээ явуулдаг байсан 
Хаана дутуугийн шаналан байна
Түүнд би зүрхээ юүлдэг байсан…"  / Гүрж. Нямдорж. Улаан хонх шүлгээс/

Б.БАТ

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-06 202.21.108.154

Сайхан цас орлоо. Байгаль дэлхий, хүн зон, мал амьтанд тун их хэрэг болно шүү.

Avatar

иргэн 2019-04-06 202.179.24.24

Цаг уурынхан сайн Гацдаг болжээ өнөө Бороо орно энэ тэр гээд Зарлаад байсан хаа байна Хөдөөны нэг Малчин өвгөнөөс дор байна дөө Цаг уурынхаа Та бүхэн

Avatar

Зочин 2019-04-06 59.153.113.126

Жилийн цас биш жинхэнэ шар тос

Avatar

Зочин 2019-04-06 64.119.18.247

Сайхан л цас орж байна, юун гуниг, уянгалах гээд ядчих юм аа.

Avatar

Зочин 2019-04-06 202.179.24.10

Хүмүүсийг дээ

Avatar

Зочин 2019-04-06 202.9.43.83

Манайхан нээх шүлэг яруу найраг гэсэн улс байх юм аа. Уйлж дуулсан, уярсан гэгээрсэн, дэмий юманд цагаа барсан…

Avatar

aaa 2019-04-06 66.181.167.191

burhan min ahiuhan boroo tsas hairla

Avatar

Зочин 2019-04-06 202.126.89.229

Яагаад уйлж, хайлаад унав? Элбэгдорж амалсан мөнгөө өгсөнгүй юу? Тэр юу ч бишээ, өөр зовлон ихээр чамайг дайрна даа, хөлсний бичээч!

Avatar

Зочин 2019-04-06 178.194.37.178

Debile g**** baina daa chi. hunii suguu chi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж