Өчигдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг ерөнхий прокуророор томилохыг дэмжсэн билээ.
Ерөнхий прокуророор томилогдсон Б.Жаргалсайханд УИХ-ын гишүүдийн хэн нь юу захисныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
Таны цаашдын үйл ажиллагаанаас Монголын төр, парламентат ёс орших уу эс орших уу гэсэн ийм амаргүй нөхцөл байдлын дунд та ажлаа авах гэж байна. Хэн нэг хүн таныг томилоогүй. Монголын төр таныг томилсоныг бодож ажлаарай. Томилсон хүндээ биш төрт ёс, хууль цааз, өв уламжлалдаа үнэнч байгаарай. Улс төрийн захиалга авахгүйгээр хуулийн гадна хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, улс төрийн найраагүйгээр ажлаарай. Олон дуулиант асуудлуудаа бүрэн шийдээрэй.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг:
Монгол Улсад шударга ёс тогтох нь уу гэсэн хүлээлт байна. Та иргэдийн энэ хүлээлтийг биелүүлж зарчимч, шударга ажиллана гэж итгэж байна. Монголд иргэн бүрт хууль алагчлахгүй, эрх тэгш үйлчилдэг зарчмыг та баримтлаарай.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь дуусах хүртэл оролцдог эрхтэй хүн бол прокурор байдаг. Энэ үүднээс эрүүдэн шүүх, ялтантай зүй бусаар харьцах зэрэгт хяналт тавьж ажиллаарай. Хууль болон хүний эрх зөрчигдөж байгаа эсэхэд анхаараарай.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Прокуророор томилогдоод та маш их ажилтай болно. Одоо залилан, эрүү, эдийн засгийн, хууль завхруулсан, хээл хахууль гэх мэт том хэргүүд дээр та ажиллана. Үүнийг дагаад их эр зориг шаардах байх. Та хуулийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэдийн итгэлийг сэргээхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Үүнийг хэн нэгэн л өөрчилнө. Таныг өөрчлөөсэй гэж хүсэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
С.Зоригийн хэргийн аллагыг захиалсан цаад захиалагчдийг олохын тулд та мэргэжлийн ур чадвараа ашиглаж, шударга зарчимаа барьж ажиллаарай. Танд амжилт хүсье.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Иргэдийн дунд яригдаж байгаа томоохон хэргүүдийг шийдэх тал дээр шуурхай, шударга ажиллаж хариулт өгөх хэрэгтэй байна.Мөн хууль бус үйлдлийг таслан зогсоож, хэрэг хүлээлгэдэг ийм байдлыг анхаарч, хяналт тавьж ажиллаарай.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Авилгыг шийдье гэвэл Эрдэнэтийг шийд. Та жилд нэг удаа УИХ-д тайлангаа тавих ёстой. УИХ-ын гишүүд энд гэмт хэрэг ярьдаг биш харин Та ирж бидэнд ажлаа тайлагнамаар байлаа. Ингэхгүй бол бид гурван жил бие биенээ "алуурчин, хулгайч, ЖДҮ-чин, козиночин" болголоо.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
Бид сошиал гэдэг зүйлийг сонсож ажлаа хийдэг байх ёсгүй. Та хуулийн дагуу ямар зарчмаар байх ёстой гэдгийг баримтлана ажиллаарай. Таныг сонгон томилсон хүмүүст ч энэ байдлаар хангах ёстой. Өөрийнхөө удирдлагад ажиллаж байгаа хүмүүст ч үүнийг анхааруулах ёстой. Та бүхэн хуулийн хүрээнд хуулийн дагуу л чиглэл авч ажиллах ёстой. Хуулийн нэг л зүйлээр нэг л заалтаар иргэн ба эрх мэдэлтэнд адил үйлчилдэг байх ёстой шүү. Энэ эрүүдэн шүүлт гэнэт гарч ирээгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Ийм зүйл болох бүх шатанд хуулийн дагуу хяналт тавьж ажиллаарай. Танд амжилт хүсье.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
Б.Жаргалсайхан прокурор та хэн нэгний өс хонзонг авах, бусдын нөлөөлөлд битгий автаасай гэж хүсч байна. Прокурорын тангарагт "Гаднын нөлөөнд үл автах" гэж маш чухал, өгүүлбэр байна. Та өргөсөн тангаргаасаа битгий няцаарай.
УИХ-ын гишүүн Санжмятав:
-Хууль хяналтын байгууллагын нэр хүнд унасан цаг үед та ажиллах гэж байна. мэргэжлийн сайн баг бүрдүүлж, хариуцлагатай ажиллаарай. Өнөөдөр удирдлагууд нь солигдож байгаа ч гэсэн 95 хувь нь шударга, үнэний төлөө ажиллаж байгаа олон прокурорууд бий, тэднийхээ хүчийг ашиглаж ажиллахыг хүсье.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
Прокурорын байгууллагыг улс төрөөс ангид байлгах ажлыг та хийх хэрэгтэй. Улстөрийн нөлөөгөөр хууль шүүхийн байгууллага хөдөлснөөр ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг бид сүүлийн 10 жил харлаа.
УИХ-ын гишүү, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Гайгүй шударга ажиллах болов уу гэж танд бага зэрэг найдаж байна. Томилогдсоныхоо дараа өөр хүн болчихдог шүү. Хууль хяналтын байгууллагыг улс төрийн зодуурын хэрэгсэл бүү болгоосой гэж танаас хүсч байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Хуулиа барьж ажиллаарай. Хэнээс ч хараат бус бие даасан шийдвэр гаргана гэсэн зарчмаа барьж ажиллахыг хүсье.
Холбоотой мэдээ